Европын эдийн засгийн өсөлт хоёр сар дараалж зогсонги байлаа

Европ тивийн эдийн засаг зургаадугаар сард хоёр дахь сардаа дараалан зогсонги байдалд орж, бараг өсөлгүй хэвээр байна. Даваа гарагт /2025.06.23/ нийтлэгдсэн судалгаагаар бол бүс нутгийн гол хөдөлгөгч хүч болох үйлчилгээний салбар өсөлт бараг үзүүлээгүй тул Европын эдийн засаг зогсонги байдалд оржээ.
“S&P Global” фирмийн боловсруулсан тоо баримтаас харвал Европ даяар худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) зургаадугаар сард тавдугаар сарынхтай ижил 50.2 гарчээ. Эдийн засгийн өсөлтийн төлөвийг сайн илэрхийлж харуулдаг гэх тус индекс 50-аас дээш гарвал өсөлтийг илтгэдэг. Европ тивийн PMI сүүлийн хоёр сарын хугацаанд өсөлт, ширгэлт хоёрын зааг дээр гарав. “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга явуулж, PMI 50.5 гарна гэж таамагласнаас нь доогуур үзүүлэлт байлаа.
“Capital Economics” компанийн шинжээч Жэк Аллен-Рейнолдс “Зургаадугаар сарын PMI-ийн судалгаа евро бүсийн эдийн засаг зогсонги хэвээр байгааг харууллаа. Эдийн засгийн үйл ажиллагааны сул байдал өргөн хүрээтэй байна. Үйлчилгээний индекс 50-д арай хүрч, үйлдвэрлэлийнх бүр бага зэрэг унасан” гэж хэлжээ.
Европын хамгийн том эдийн засаг болох Германд үйлдвэрлэл сэргэснээр шинэ захиалгын тоо сүүлийн гурван жилд үзэгдээгүй эрчтэй өсөж, бизнесийн үйл ажиллагаа эргэн сэргэв. Харин Францад үйлдвэрлэл болон үйлчилгээ хоёулаа суларснаар нийт эдийн засгийн үйл ажиллагаа зургаадугаар сард дахин агшсан талаар “S&P Global” онцолжээ. Франц бол Евро бүсийн хоёр дахь том эдийн засаг юм.
Бүс нутаг даяар иргэдийн эрэлт 13 дахь сардаа буурав. Гэхдээ энэ удаа өмнөх саруудтай харьцуулахад харьцангуй бага буурсан байна. Тодруулбал шинэ захиалгын индекс 49.0-ээс 49.7 болж өссөн аж.
Үйлчилгээний PMI тавдугаар сард 49.7 байснаа 50.0 болж нэмэгдэж, өсөлт, агшилтын заагт хүрсэн байна. Бизнесийн ирээдүйн төлөвийн хүлээлтийн индекс 56.2-оос 57.9 болж өсөж, сүүлийн дөрвөн сарын дээд түвшинд хүрэв. Энэ индекс өссөн нь үйлчилгээний салбар сайжирна гэсэн хүлээлт зах зээлд үүссэнийг харууллаа.
Үйлдвэрлэлийн үндсэн индекс 2022 оны дундаас хойш 50-аас доогуур байсаар байгаа. Тус индекс өнгөрсөн хоёр сарын хугацаанд 49.4-той гарав. Энэ нь 49.8 болно гэж эдийн засаг таамаглаж байснаас доогуур үзүүлэлт байв. Үйлдвэрлэлийн гарцын дүнг харуулдаг индекс 51.5-аас 51.0 болж буурсан байна.
Европын инфляц тавдугаар сард Европын Төв банкны 2 хувийн зорилтот түвшнээс доогуур орж ирсэн. Ийм учир төв банк энэ сард бодлогын хүүгээ бууруулсан юм. Ингэснээр Европ найм дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулж, цаашид ийм алхам хийлгүй азнана гэдгээ илэрхийлсэн.
Европын Төв банкны гол төлөөлөгчдийн нэг, Германы Төв банкны ерөнхийлөгч Йоахим Нагел өнгөрсөн долоо хоногт “Инфляцыг тогтворжуулах үүргээ гүйцэтгэх хүртэл шаардлагатай бүхий л арга хэмжээг авна” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Угаасаа өсөхөө өнгөрсөн шүү