Ярилцлага

Б.Одмандах: “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дуунд бэлдэж байхдаа дургүй байсан ч, тайзан дээр гараад л дурласан

“The Voice of Mongolia” шоуны эхний улирлын хамгийн содон оролцогчдын нэг, “Найрах арга чинь буруудаад байна” дуугаараа үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн, залуу уран бүтээлч Б.Одмандахтай ярилцлаа.


ШОУГ ОРХИСНЫХОО ДАРАА ДОЛОО ХОНОГ УЙЛСАН

-Та бие давхар болсны улмаас “The Voice of Mongolia” шоуг орхисноосоо хойш хэвлэлд ярилцлага өгөөгүй. Ээж болох нь гээд баярлахын сацуу шоуг үргэлжлүүлэх боломжгүй болсон тухайн үед танд ямар байв. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

-Шоуны нэгдүгээр шатны зураг авалт 2017 оны аравдугаар сард хийгдсэн юм. Тухайн үед бие давхар болсноо мэдээгүй байсан юм л даа. Нэг сарын дараа хоёрдугаар шатны шалгаруулалтад орж, тэнцсэнийхээ маргааш бил үү, нөгөөдөр нь л жирэмсэн болсноо мэдсэн юм. Ингээд гуравдугаар шатандаа нэлээд том гэдэстэй, “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дууг дуулж оролцсон. Шоу учрааc нэвтрүүлгийн бодлого ч байсан байх, цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон, бие давхар болсон гэдэг үүднээс энэ уран бүтээлийг сонгохыг зөвлөсөн. Тэгээд л “Баяртай” болсон /инээв. Сурв/. Түүнээс хойш хоёр сарын дараа амаржиж, шав шар хөөрхөн хүүтэй болсон доо.

Уг нь өөрөөрөө төрөхийг хүсэж байсан ч, биеийн байдлаас шалтгаалж кисеров хагалгаагаар амаржсан. Аягүй сонин юм билээ. Мэдээ алдуулах тариа хийгээд л, нэг мэдэхэд хүүхдийг маань гаргаад ирсэн, төрчихсөн. Хүүгээ анх тэврээд үнсэхэд бүлээхэн, булбарай бас зөөлхөн санагдсан. Мөөмөө хөхүүлж, өлгийдөж дадахгүй нэг хэсэг хөглөсөөн /инээв. Сурв/.

-“Нэвтрүүлгийн бодлого ч байсан байх” гэлээ. Үнэхээр хүндэтгэх, чухал шалтгааны улмаас нэвтрүүлгийг орхисон хэдий ч их харамссан байх. Учир нь та шоуны хүчтэй оролцогчдын нэг байсан шүү дээ.

-Харамсалгүй яах вэ. Олон хүн надад итгэл хүлээлгэж, дэмжиж байсан шүү дээ. Нэгдүгээр шатны шалгаруулалт зурагтаар цацагдсаны дараа Фэйсбүүкэд маань хэдхэн секундын зайтай найзын хүсэлтүүд ирсээр, нэг мэдэхэд л 12 мянган дагагчтай болчихсон. Сошиалиар олон хүн дэмжиж буйгаа илэрхийлж байв. Ийм хариуцлага үүрчхээд жирэмсэн болсноо мэдээд их сэтгэлээр унасан. Хасагдсаныхаа дараа бол долоон хоног орноосоо ч босож чадахгүй уйлж, хэвтсэн. Л.Насанбуян эгчид мөн хасагдсан явдал нь хүндээр туссан учир бид хоёр өдөр болгон утсаар ярьж, “Та яаж байна, би ингэж байна” гээд л уйлдаг байсан /инээв. Сурв/.

-Нэгдүгээр шатандаа амжилттай оролцож, дөрвөн шүүгчийн сандлыг эргүүлсэн. Тухайн үед хэр хол явна гэсэн итгэлтэй болоод байв?

-“Найрах арга чинь буруудаад байна” дууг дуулж тэнцээд, дараагийн шатуудад оролцох стиль, хэв маягаа зураглаж, нэлээд төлөвлөв. Гуравдугаар шатанд том гэдэстэй оролцох гэж байхдаа Dua Lipa-ийн IDGAF дууг дуулахаар бэлдчихсэн байлаа. Нэвтрүүлгийн багийн зүгээс бүх зүйл дээр хянаж, зөвлөж өгдөг. Хувцсаа өмсөөд, дуугаа дуулж үзүүлтэл гэдэс маань томорчихсон байдаг. Шууд болиулаад л, “Ээжийн бүүвэйтэй хорвоо” болгосон. Тэр шөнө бас их уйлсан. “Ингээд л өнгөрч байгаа юм байна” гэж бодсон.

ШОУГ ОРХИН, ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАХАД ЭЭЖ МИНЬ НӨЛӨӨЛСӨН

-Та шоуг цааш үргэлжлүүлнэ, тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байж. Нэг талд ээж хүн болох баярт мөч ойртох, нөгөө талд үүнээсээ шалтгаалж нэвтрүүлгээ орхих. Сэтгэлзүйн хувьд ийм зөрчилтэй байдалд ороход юу бодогддог юм байна вэ?

-Хүнд тэнэг бодлууд орж ирдэг юм билээ. “Бага сартай байгаа юм чинь...” гэх мэт. Тухайн үед нэг талаас нэвтрүүлгээ үргэлжлүүлэх нь ямар чухал байгаа тухай нөхөртөө тайлбарлаж, зөвлөлдөж байлаа. Нөхөр маань аль болох миний тэмүүллийг ойлгож, “За, чи минь өөрөө л шийд” гээд тайтгаруулсан.

Тэгж явахад “Юу вэ. Яаж бодохоороо ганцхан шоуны төлөө...?  Хүсвэл Орос гэх мэт ойрхон улсын шоунд очоод оролцох ч боломжтой шүү дээ. Нэг шоунаас болж ийм үйлдэл хийнэ гэж үү” гэсэн бодол гэнэт төрсөн. Тэгээд л шууд хүүхдээ төрүүлэхээр бат шийдсэн. Тийм хоёрдмол байдалд орох үед хүн янз бүрийн утгагүй зүйлс боддог юм байна лээ.

Нөхрийг маань Т.Энх-Од гэдэг юм. "Тavan Bogd Management” компанид худалдааны төлөөлөгчөөр ажилладаг. Амьдралаа холбоод дөрвөн жил болох гэж байна даа, бид хоёр. "Хаа ч явсан цуг” гэдэг шиг энд тэнд дуулах, тоглолттой байх үеүдэд байнга л хамт явна. Зөвлөгч, хамгаалагч, жолооч хүртэл болно. Хүүдээ Э.Мөнхжавхлант гэж нэр өгсөн.

-Эрс шийдэхэд нь юу нөлөөлсөн бэ?

-Ээж маань. Бараг гурван сартай болтлоо энэ тухай ээждээ хэлээгүй байсан л даа. Ингээд хэлэхээр шийдэж, үүссэн нөхцөл байдлаа тайлбарлахад, “Нэгэнт болоод өнгөрсөн зүйл хойно, хүүхдээ төрүүл. Ээж нь хүн болгоё. Чи өөрийнхөө хийх ёстой зүйлийг хий, амжилтынхаа араас яв” гэж хэлсэн. Үүнийг сонсоод, “Ээж хүний хариуцлагыг үүрэх ёстой юм байна” гэдгээ ухаарсан даа.

-Уншигчдад гэр бүл, хүүхэд насныхаа талаар сонирхуулахгүй юу?

-Манайх Өвөрхангайн гаралтай айл. Аавыг маань н.Баяраа гэдэг, том тэрэгний жолооч. Залуудаа аймгийн начин, онц тээвэрчин гэх мэт цол гуншин олонтой явсан хүн /инээв. Сурв/. Харин ээжийг маань А.Цэцэгдэлгэр гэдэг, барилгын чиглэлээр боловсрол эзэмшсэн. Гэхдээ залуудаа халимаг афро үстэй, солгой гараараа гитарыг доороос нь самардаж тоглодог, амьд хөгжмийн хамтлагтай, рок эмэгтэй явсан. Уг хүн нь надтай нэлээд төстэй. Ээжийн урлагийн мэдрэмжийг ах бид хоёр өвлөж төрсөн юм уу даа гэж боддог.

Би эхээс хоёулаа. Ах маань Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин, СТА Б.Дэлгэрбаяр шүү дээ. Би Дархан-Уулд төрж, дөрвөн настай байхад манайх Улаанбаатарт шилжиж ирсэн юм. 2009 онд Монгол Улсын Консерваторид элсэн орж, флейт хөгжмийн мэргэжлээр 2015 онд төгссөн. Дараа нь Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан багшийнхаа удирдлага дор дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж эхэлсэн. Багш маань намайг төгсгөж чадалгүй 2019 онд өөд болсон нь харамсалтай. Өнгөрсөн жил  МУГЖ З.Оюунбилэг багшийн удирдлага дор төгсөөд байна. Миний амьдралд тийм ч гоц гойд зүйлс байхгүй ээ.

-Монгол Улсын Консерваторийн хуучир эсвэл флейт хөгжмийн ангид орох гэсэн хоёр сонголт байсан юм билээ. Флетийг сонгоход юу нөлөөлөв?

-Багадаа төгөлдөр хуурын ард суугаад, өөрөө оролдон тоглодог байхад удирдаач мэргэжилтэй танил ах маань, “Хөгжим бүжигт орох уу, шалгуулаад үзэх үү” гэж асуусан юм. Тухайн үед Хөгжим, бүжгийн коллеж /одоогийн Монгол Улсын Консерватори. Сурв/-д тавдугаар анги төгссөн хүүхэд элсүүлдэг байсан юм. Гэтэл би есдүгээр ангид сурч байв. Хэдийгээр нас маань хэтэрсэн ч, хөгжмийн чиглэлээр сурах дуртай байсан тул шалгуулав. Гэтэл багш нар, “Өө энэ хүүхэд тэнцэнэ, шууд маргаашнаас хичээлдээ явсан ч болно” гэцгээдэг юм байна. Бушуухан сургуулиасаа хувийн хэргээ аваад Хөгжим бүжигт орчихсон.

Элсэж орсны дараа надад ардын хөгжмийн хуучрын анги, эсвэл сонгодог хөгжмийн флейтийн ангид орох хоёр сонголт байсан. Ингээд өөрөө ямар хөгжим байдгийг нь ч мэдэхгүй хэрнээ сонгодог хөгжим гэдэгт нь татагдаж, флейт хөгжмийн ангийг сонгосон юм.

ЯГ ТАГ НОТНЫ ДАГУУ ДУУЛЖ СУРСАН УЧИР "НАЙРАХ АРГА ЧИНЬ БУРУУДААД БАЙНА” ДУУГ ЗАДАЛЖ ДУУЛАХАД ХЭЦҮҮ БАЙСАН

-Үүний дараа дуурийн дуулаачийн мэргэжлээр сурч төгссөн шүү дээ. Ер нь та өөрийнхөө хөгжмийн боловсролыг сонгодог чиглэлээр хөгжүүлсээр яваа юм байна. Гэхдээ “Найрах арга чинь буруудаад байна” дууг сайн “тэсэлж” дуулсан шүү?

-Багадаа Whitney Houston гэх мэт гадаадын дуучдыг сонсож, импервизацийг нь туршиж үздэг байсан маань л нэмэр болсон болов уу. Түүнээс сонгодог хөгжмийн чиглэлээр суралцахад бүх зүйл нот, тактны дагуу хийгддэг учир үүндээ баригдаад сурчихдаг юм билээ. Яг “Найрах арга чинь буруудаад байна” дууг рок стилиэр өөрчилж дуулах болоход, хөгжмийн найруулга хийж байсан Б.Мөнх-Оргил ахад, “Яагаад чадахгүй байна аа, Хөгжим бүжгийнх гээ биз дээ?” гэж их загнуулсан. Яг таг нотны дагуу дуулж сурсан учир тэгж задлах жаахан хэцүү байсан.

-Хоёрдугаар шатанд мөн зарим хэсэгт нь үглэх шаардлагатай дуу таарсан. Танд ёстой шинэ сорилт болсон уу?

-Энэ бол цэвэр Д.Болд шүүгчийн сонголт байсан. “Battle”-ийн шатанд Реппер А.Жаргалтай хамтарч дуулах, нөгөө талаар өрсөлдөх болсон. Д.Болд шүүгч бид хоёрт анх энэ дууг сонсгоход, “Юу вэ? Яагаад энэ дуу юм бол оо?” гэж гайхсан. “Нэг нь үглэдэг, нэг нь дуулдаг хоёр оролцогч, хоорондоо тэс өөр. Харин дуу нь үглэдэг ч, дуулдаг ч хэсэгтэй. Ийм учраас та хоёр энийг нэг зүйл болго” гэж Д.Болд шүүгч тайлбарлаж, бид бэлдэж эхэлсэн.

Би А.Жаргалыгаа хасагдсан явдалд одоо хэр санаа зовнидог. Би тухайн үед хоолойны эмчилгээнд  орчихсон, дуу гаргах хориотой байсан тул түүнтэй хамт бэлдэж чадаагүй. Бэлтгэл бүрээ таслахгүй очдог байсан ч, ярилцах тохирох зүйлээ цаасан дээр бичиж харилцдаг, харин дуулж чаддаггүй байсан. А.Жаргал л ганцаараа бүх бэлтгэлийг хийсэн. Яг амьд хөгжмийн багтай нэг, хоёр удаа бэлдээд л орсон тул өөрийгөө тэнцэхгүй гэдэгт бүр итгэчихсэн байсан. Гэтэл намайг сонгох үед цочирдож, А.Жаргалаас үнэхээр ичсэн.

-Бэлтгэлийн үеэр дуугарах хориотой байсан гэлээ. Ямар эмчилгээ хийлгэж байсан юм бэ?

-Би багшгүйгээр бэлдэж байхдаа дур мэдэж буруу дуугараад хоолойны хөвчөө гэмтээчихсэн юм. Опер дуулахад Гаймерийн хөндий, духны хөндий, “эндээс дуугаравал тэнд цуурайтна” гэх мэт олон нарийн зүйлс яригддаг. Хөгжим шигээ л санахгүй юу. Хөгжим сурахад багшгүй бэлдэх тусмаа сайн бол, дуулах тухайд өөр байсан. Үүнээс болж хоолойны хөвчиндөө асуудал үүсгэж, эмчилгээнд байх хугацаандаа нэг сар орчим хугацаанд дуугарах хориотой байсан гэсэн үг. “Дуулаачдын өвчин” гэж ч яригддаг юм билээ.

“THE VOICE OF MONGOLIA” ШОУ НАДАД МАШ ТОМ ХААЛГА НЭЭЖ ӨГСӨН

-Яг одоо ингээд “The Voice of Mongolia” шоунд оролцсон дурсамж, цаг хугацаагаа эргээд бодоход ямар сэтгэгдэл төрж байна вэ. Хувь хүнийхээ хувьд өөрчлөгдсөн, ухаажсан зүйл цөөнгүй байх.

-Тийм шүү. Үүнээс өмнө “The Universe Best Songs” шоунд оролцож дөрвөн шатны турш явахдаа дуулах ур чадварын хувьд нэлээд сайжирч байснаа санадаг. Харин “Voice”-ийн тухайд зохион байгуулалтаас эхлээд бүх зүйл нь тэс ондоо байсан. “Би ямар азаар энэ шоунд ороо вэ” гэж боддог. Шоунд оролцохоос өмнөх Б.Одмандах, өнөөдрийн Б.Одмандах хоёрын хооронд нэлээдгүй ялгаа бий шүү. Тэр үед ээж болоогүй, оюутан, ээжтэйгээ амьдардаг жаахан охин байж /инээв. Сурв/. Одоо бол гэрийн эзэгтэй, эх хүн болсон байна. Нөгөө талаар одоо намайг олон хүн таньдаг болсон. Анх хүмүүс “Сайн байна уу? Одмандах мөн үү? Та...” гэж эхлээд л утсаар ярихад их сонин санагддаг байлаа.

“The Voice of Mongolia” шоу миний амьдралд маш том хаалгыг нээж өгсөн. Урлагийн салбарт хөл тавих том боломж олгосон.

-“Knock Out” шатны шалгаруулалт дээр “гурван ээж” огтлолцсон шүү дээ. Бие давхар байхдаа ээжийн тухай дууг ээждээ зориулж дуулсан. Тухайн үед танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Ер нь бол “Ээжийн бүүвэйтэй хорвоо”-г дуулахаар болоход нэг их дуртай байгаагүй. Өөрийнхөө бэлдчихсэн байсан Dua Lipa-ийн дууг дуулсан бол чадах байсан гэдгээ одоо ч мэдэж байна. Том гэдэстэй, урвайчихсан сууж байхад Б.Мөнх-Оргил ах надад урам өгч, “Дорнын өнгө аяс оруулж ирье, босоо ятга хэрэгтэй юу?” гэх мэтчилэн санаачилга гаргаж ажилласан. Ерөөс тайзан дээр гарсан тэр өдрөө л энэ дуундаа дурласан.

Ээжийгээ, гэр бүлийнхнийгээ урьчихсан байлаа. Тайзны ард байхдаа ээжийн дүрсийг камераар татаж гаргахаар бэлдэж байхыг хараад л, сандарчихсан. Гурван ээж огтлолцсон гэдэг шиг, би өөрөө бие давхар, ээж маань үзэхээр ирчихсэн, тэгээд ээжийн тухай дуу дуулна гээд бодтол шууд л хоолой зангираад явчихсан. Урлагийн чиглэлээр сурсан тул дуулж байхдаа сэтгэл хөдлөлөө барьж чадах ч, алдрах шахаж, маш их гүрийж дуулсаар дуусгасан. Тайзны ард оронгуутаа л уйлсан.

Манай багийн Б.Мөнхбаяр тэр үед гэдсэн дээр гараа тавиад, “Ахыгаа ганцхан өшиглөчих, тэгвэл яг тэнцлээ” гэж байсан юм. Тэгтэл яг тэмцээнийх нь урд өдөр өшиглөж таараад, Б.Мөнхбаяр тэнцсэн. Би, “Ээжийн хүү өшиглөөрэй, тэгвэл тэнцэнэ шүү” гэтэл өшиглөөгүй /инээв. Сурв/.

Ээж минь ерөөс миний ард дахь асаалттай танк. Одоо миний бүх зүйл дээр чадах чинээгээрээ тусалж, дэмждэг.

Өөрөө ээж болоод, ээжийгээ ямар их гомдоодог байснаа ойлгосон. Ажлаа тараад харихад дөнгөж хэлд орж буй хүү маань, “Ээж ээ” гэж дуу алдаад намайг тэвэрдэг. Тэр л ёстой жаргал. Миний ээж намайг яг ийм мэдрэмжээр өсгөсөн гэж бодохоор л. Хүү маань хааяа, “Цаашаа бай” гээд түлхэх үед ямар их гомддог гээч.

-Үзэгчид төдийгүй урлагийн хүрээнийхэн Б.Одмандахын уран бүтээлийг хүлээж суугаа нь мэдээж. Ойрын хугацаанд шинэ уран бүтээл туурьвих бодол бий юү?

-Сүүлийн хугацаанд хүүгээ өсгөх, хувийн амьдралаа цэгцлэх завгүй өдрүүд өнгөрлөө. 2020 онд “ална аа” /инээв. Сурв/. Яг тэдэн сард гаргана гэж хэлж чадахгүй ч, уран бүтээлийн ажилдаа ороход бэлэн болсон байгаа. Шууд хийгээд эхэлье гэхэд дотроо жаахан эргэлзэж байна. Өөрийнхөө хүсэж буй жанраар дуулахад хүмүүс хүлээж авах болов уу гэх мэт бодлууд байна. Хүмүүст таалагдах мөртлөө миний дурлаж хийсэн уран бүтээл болоосой гэж хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-10 13:43

Хөөрхөнөөдөө амжилт.
Аавынх нь нэр Т. БАЯРАА шүү овогийг нь бууруу бичсэн бна

Зочин
Зочин
2022-11-29 16:10
Reply to  Зочин

Буруу бичээгүй ээ сэтгүүлчид овог нь тодорхойгүйг жижиг "н" үсгээр тэмдэглэдэг юм.

Холбоотой мэдээ

Back to top button