Б.Дүүрэнбилэг: Зуны 11.00-16.00 цагийн нар хамгийн хортой. Хүүхэд сүүдэрт тоглосон ч наршилт мэдэрдэг

Ойрын үед ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэх үргэлжилж байна. Тухайлан хэлбэл цаг агаарын температур нэмэх 30 хэмийг давсан. Хэт халалтын үеэр хүүхэд болон ахмад настнуудын дунд нарших эрсдэл нэмэгддэг байна. Иймд бид ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Дүүрэнбилэгтэй наршилтын талаар ярилцлаа.

-Юуны түрүүнд наршилт гэж юуг хэлэх талаар яриагаа эхлүүлье?
-Наршилт гэдэг нь агаарын температурын хэт халалтын нөлөөнөөс хүний биед нөлөөлж буй сөрөг нөлөө буюу хэт дулааны үйлчлэлийг наршилт гэж хэлдэг. Нэг үгээр хэлбэл нарны хүчтэй төөнөсөн тусгалын нөлөөгөөр бие дулааны цохилтод орж, өөрийнхөө дулааны зохицуулгыг хийж чадахгүй болсноос үүдэж бие хямарч, хордлогод ордог.
-Наршилтад хэн хамгийн их өртөх эрсдэлтэй вэ. Ямар шинж тэмдэг, эмнэлзүй илэрдэг вэ?
-Хүүхэд болон ахмад настнууд хамгийн ихээр өртдөг. Мөн наранд хэт удаан явсан хэнд ч нарны хордлого үүсэхийг үгүйсгэхгүй. Удаан хугацаанд наранд яваад бие нь ил гэмтээгүй ч гэсэн толгой эргэх, дотор муухайрах, халуурах зэрэг ерөнхий хордлогын шинж тэмдгүүдийг нарны хордлого гэнэ. Улмаар бөөлжих, суулгах, толгой өвдөх, идэвх сулрах, хүүхэд унтаарах байдал үүснэ.
Мөн үед ам цангаж хэл ам хуурайших, хөлрөх, арьс хуурайших, толгой өвдөх, дотор муухайрах, ухаан алдах, гэдэс гүйлгэх суулгах, бөөлжих, шингэх алдах цаашлаад зүрх судасны эмгэгтэй хүмүүст хүндээр нөлөөлөх, даралт ихсэх гэх зэрэг сөрөг муу нөлөө ихтэй.
-Бид хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ. Ямар арга зам байна вэ?
-Агаарын температурын хэт халалтаас үүддэг болохыг дээр дурдсан шүү дээ. Тиймээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Жишээлбэл, нарны малгай, ус, хувцас хэрэглэлээ сайн бэлдэх нь чухал. Нарны түлэгдэлтээс нарны тосыг сайн түрхэж сэргийлнэ. Ерөнхий биеийн хордлогод бол хүн удаан хугацаагаар наранд явахаас зайлсхийх нь чухал. Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бүгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илрэхээс гадна арьс борлож, үрэвсэж түлэгддэг.
Хэрэв наршсан бол хүйтэн усанд норгосон алчуураар биеэ сайтар арчиж, толгой дээрээ хүйтэн жин тавих хэрэгтэй. Мөн хүйтэн агаар үлээгчээ ажиллуулбал нэмэр болдог. Бүлээн шингэн зүйлийг ойр, ойрхон ууна. Шинж тэмдэг хурц байдалд шилжих, биеийн байдал хэт дордсон тохиолдолд шууд эмнэлэг явах шаардлагатай.

-Нарнаас D витаминыг биедээ шингээдэг цаг гэж бий шүү дээ. Нэг үгээр хэлбэл хоргүй нар. Энэ нь хэдээс хэдэн цагийн хооронд тусах вэ. Мөн хортой нар зуны аль сард, хэдэн цагийн үед тусдаг вэ?
-Нарны хүний биед хэрэгтэй хугацааг өглөөний 11.00 цаг хүртэл гэж тооцдог. Энэ үед тусаж буй нарыг хүүхдэд ээлтэй гэж тооцдог. Тиймээс нярай болон бага насны хүүхэдтэй бол энэ цагаар гадна гаргаж агаарлуулах, салхилуулах нь зөв.
Харин зуны хэт халалтын үе буюу зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэлх үеийн 11.00-16.00 цагийн нарыг хүний биед хортой буюу нарших эрсдэлтэй хугацаа гэж тооцдог. Энэ үед хүүхэд хэдий сүүдэрт тоглож байсан ч наршилтыг мэдэрдэг.
-Танай эмнэлэгт зуны хэт халалт явагддаг саруудад наршсан шинж тэмдэгтэй хүүхдүүд хэр олон ирдэг вэ?
-Эцэг эхчүүдийн зүгээс “манай хүүхэд наршчихсан юм” гэж хэлээд ирэх нь цөөн. Харин наршилтын үеийн шинж тэмдэг болох бөөлжих, суулгах, толгой өвдсөн зовуурьтай хүүхдүүд ирэх нь элбэг. Тэр үед нь эцэг эхчүүдээс “хүүхэд нь юу идэж, уусан, хаана тоглосон” зэрэг асуумжийг авдаг. Улмаар наршсан байж болзошгүйгээр эмнэлэгт ирэхдээ оношлогддог гэсэн үг.
Эцэг, эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа бол хүүхдээ машинд цоожилж орхисноор хүүхэд наршиж зүрх зогсох эрсдэлтэй байдаг. Зуны аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Тиймээс эдгээр өдрүүдэд анхаарал болгоомжтой байж, хүүхдээ машиндаа цоожилж, үлдэхгүй байхыг анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наршилт мэдэрдэг гэж юу гэж ойлгох бэ. Наршилтыг мэдэрдэг юм уу. Монгол хэлээ мэдэхгүй, тэгээд сэтгүүлч гэж байгаа. Энэ сэтгүүлчид монгол хэлийг устгаж дууслаа.
Энэ мэт хэрэгтэй мэдээллээ олон удаа маш сайн өгөөрэй баярл�##�аа