₮26 тэрбумаар шинэчилсэн Зайсангийн гүүрний хөдөлгөөн нээгдлээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туул гол дээгүүрх Зайсангийн зүүн гүүрийг шинэчилж, хөдөлгөөнийг өнөөдөр өглөө нээжээ.
Зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, нураан хоёр эгнээ бүхий 225 метр урт төмөр бетон хийцлэлтэй гүүрийг барих ажил эхэлсэн билээ.
Зайсангийн гүүрийг өргөтгөл, шинэчлэлийн тендерийг 2022 онд 26 тэрбум төгрөгийн тендер зарласан.

Тус тендерийн энэ онд санхүүжих өртөг нь 16 тэрбум төгрөг бөгөөд "ЗМЗ" ХХК гэх зам гүүрийн компани шалгарч байсан.
Нээлттэй мэдээллийг сангаас уг компанийн мэдээллийг шүүж үзэхэд 2014 онд байгуулагдсан, гадаад худалдаа, барилга засвар, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус байгууллагын эзэмшигчээр нь Д.Ганбаатар гэх хүн бүртгэлтэй байна.
Интернэтээс "ЗМЗ" ХХК компанийн талаар хайлт хийхэд, энэхүү байгууллага нь 20 гаруй жилийн хугацаанд 5000 гаруй зам гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэсэн туршлагатай гэсэн мэдээлэл гарч ирэв. Гэтэл оролцож, шалгарсан тендерийн материалууд Opendata болон Tender.gov.mn сайтад байсангүй.
Зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон бөгөөд D үнэлгээнээс доошоо орсон буюу гүүрийг зайлшгүй буулгаж, дахин барих шаардлагатай болсон гэж албаныхан тайлбарлаж байсан юм.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.