Гадаад мэдээДЭЛХИЙ

Канад Трампт “бууж өгч” цахим үйлчилгээний татвараа цуцлав

Канад даваа гарагт /2025.06.30/ хэрэгжиж эхлэх байсан АНУ-ын технологийн компаниудад чиглэсэн цахим үйлчилгээний татвараа цуцалжээ. Энэ нь АНУ-тай хийж байсан худалдааны хэлэлцээ зогсонги байдалд орсныг урагшлуулах зорилготой алхам байв.

Канадын Ерөнхий сайд Марк Карни, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар долоодугаар сарын 21 гэхэд шинэ гэрээ байгуулахын тулд худалдааны хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж Канадын Худалдааны яам мэдээлжээ.

АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник "Америкийн инновацыг боомилох зорилготой байсан цахим үйлчилгээний татвараа цуцалсанд баярлалаа. Энэ татвар хэрэгжсэн бол ямар ч худалдааны гэрээ хийх боломжгүй байх байсан" гэж X дээр бичсэн байна.

Өнгөрсөн баасан гарагт /2025.06.27/ Трамп Канадын цахим үйлчилгээний татвар бол илт дайралт гэж шүүмжилж, тус улстай хийж байсан бүх худалдааны хэлэлцээг цуцалсан. Тэрбээр энэ байр сууриа ням гарагт /2025.06.29/ дахин илэрхийлж, ирэх долоо хоногт Канадын бараанд шинэ тариф тогтооно гэж мэдэгдээд байсан юм. Трамп ийнхүү анхааруулсны дараа Канад "бууж" өгөв.

Канадын цахим үйлчилгээний татварын хуулиар тухайн компани Канадад 20 сая ам.доллароос дээш орлого олсон тохиолдолд түүний 3 хувийг татвар болгон төлөх ёстой болох байв. Энэхүү цахим татвар 2022 оноос хойших орлогод хүртэл үйлчлэхээр заасан байсан аж.

Канадын Сангийн яамны мэдэгдлээс харвал даваа гарагт эхлэх байсан татварын хураамжийг зогсоож, Сангийн сайд Франсуа-Филипп Шампан цахим үйлчилгээний татварын хуулийг хүчингүй болгох шинэ хуулийн төсөл өргөн барихаар болжээ.

Тус мэдэгдэлд "Цахим үйлчилгээний татварыг 2020 онд танилцуулсан. Энэ нь Канадад үйл ажиллагаа явуулдаг томоохон технологийн компаниуд канадчуудын хэрэглээнээс олсон орлого дээрээ татвар төлөхгүй байгааг шийдвэрлэх зорилготой байсан юм. Гэхдээ Канадын гол зорилго олон улсын хамтын шийдэл гаргах явдал байсан" гэсэн байна.

Канад бол АНУ-ын хоёр дахь хамгийн том худалдааны түнш. Мөн АНУ-ын барааны хамгийн том худалдан авагч юм. Өнгөрсөн жил Канад АНУ руу $412.7 тэрбумын экспорт хийж, Канад АНУ-аас $349.4 тэрбумын бараа худалдан авчээ.

2024 онд Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа Канадын цахим үйлчилгээний татвар нь Хойд Америкийн худалдааны гэрээний үүргүүдтэй зөрчилдөж байна гэж үзсэн. Мөн Байдены захиргаа энэ маргааныг шийдвэрлэх хүсэлт гаргаж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button