Т.Идэрхангай: Сэлэнгээс олдсон Сяньбигийн булшнаас бүтэн араг яс, монголоос олдож байгаагүй шавар баримал гарсан

Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Улаанчулуут уулын өврөөс монголын түүхийн чухал цаг үеийн гурван төлөөлөл буюу Хүннүгийн өвөг дээдэс дөрвөлжин булшны залгамж халааг харуулсан дурсгал, Хүннүгийн үеийн язгууртны булш, Сяньбигийн булш олдоод байгаа билээ. Эдгээр нь нэг доор байгаа нь ховор үзэгдэл болж байгаа юм.
Мөн бунхнаас өмнө нь Монгол Улсаас олдож байгаагүй эд зүйлс олджээ. Иймд судалгааны багийн ахлагч МУИС-ийн Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангайтай Улаанчулуут уулын бунхны талаар ярилцлаа.
-Таны ахалсан баг түрүү жил Дархан-Уул аймгийн Хонгор сумын Сяньбигийн үеийн язгууртны булшинд амжилттай малтлага хийж, ховор олдвор олж байсан. Харин энэ жилийн ямар бүрэлдэхүүнтэй. Хаана малтлага судалгаа хийв?
-Энэ жил бид анхны малтлага судалгаагаа Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дахь Улаанчулуут гэдэг дурсгалт газраас эхлүүлсэн. 14 хонгийн хугацаанд МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн магистр, магистрантууд болон МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн оюутнуудтай судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.
-Улаанчулуутын булшийг хэзээ ирлүүлсэн бэ. Цаг хугацааны хувьд аль үеийнх гэж таамаглаж байна?
-Манай судалгааны баг Монгол орны Зүүн хойд бүс нутгийн археологийн судалгааны ажлыг 2018 оноос эхлүүлсэн. Ингэхдээ Хүннүгийн археологийн судалгааны бүртгэл судалгааны ажлаа үргэлжлүүлж Сэлэнгэ аймагт Хүннүгийн дурсгалуудын тархалт, нягтрал ямар байгааг тодорхойлох зорилготой хайгуулын ажил хийсэн. Ингэж явахдаа зүүн хойд бүс нутагт Сяньбигийн үеийн бололтой шороон овгор бунхнуудыг нийт таван газар харж байсан. Мөн тэр үед энэ Улаанчулуутын булшийг олж ирлүүлсэн юм. Энэ булшны онцлог нь Хүннүгийн язгууртны булштай хамт монголчууд дөрвөлжин булшны соёлынхон гэж нэрлэдэг Хүннүгийн өвөг дээдэс буюу хүрэл зэвсгийн үед байсан том овог аймгийн дурсгал хамт байсан. Мөн Сяньбигийн дурсгал нэмэгдээд гурван үеийн дурсгал 200-гаад метр нэг талбай дээр байгааг 2018 оны ажиглалт судалгаагаар олж байлаа. Монголын түүхэнд гурван үеийн төлөөлөл, дурсгал нэг дор байсан тохиолдол ховор. Миний хувьд угсаа соёлын холбоотой дурсгалууд хамт байгааг анх хараад “яагаад” гэх учиг төрж гайхаад буцсан байдаг. Тухайн үед Сяньбигийн үеийн дурсгал монголд ховор бараг л Сяньбичууд монголын түүхэнд байсан уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөж байсан үе л дээ.

Дараа нь ажиглалтаар олсон таван дурсгалт газраасаа Дархан-Уул аймгийн Хонгор сумын Говил уулын дурсгалыг сонгож малтсан. Дарханых бусад газраасаа том овор хэмжээтэй, малтлагыг зайлшгүй тэндээс эхлэх шаардлагатай байсан учраас Хонгор сумын судалгааг 2021-2023 оны хооронд гурван жил хийж, 2024 оноос сая нээсэн Улаанчулуут уулын малтлага, судалгааг эхлүүлсэн. Энэ жил бид хоёр дахь жилдээ уг газарт малтлагын ажлаа явуулж байна.
-Улаанчулуут уулын бунхнаас ямар олдворууд гарч ирэв. Онцлог зүйл байсан уу?
-Газар газрын судалгаа яг нэг хэвийн байдаггүй. Орон нутгийн онцлогтой байдаг. Улаанчулуут уулын дурсгал олон үеийнх гэдгээрээ онцлог. Мөн бидний малтлага хийсэн бунхны үүдэвч огцом доошоо 14 метрийн урттай байсан. Бидний өмнө малтаж байсан булшны өргөн метр орчим байсан бол энэ бунхан 20 см илүү байх жишээтэй. Нийтлэг анзаарагдсан зүйл нь ерөнхийдөө Сяньбигийн үеийн дурсгалуудын газар сонгох байдал маш онцгой. Дарханы Говил уулын дурсгал 7-8 метрийн гүнтэй хэр нь яг шавар хөрстэй, нэг ч чулуугүй газар байсан. Улаанчулуут уулын дурсгал яг адилхан юм байна лээ. 7-8 метр гүн ухахад хөрсний өнгө, давхарга өөрчлөгдөхгүй шавар явсаар байгаад оршуулгын булшинд хүрсэн. Ер нь Сяньбичууд зүүн хойд нутагт оршуулгын газраа сонгож тавьж байгааг энэ болон бусад олон газрын дуусгалаас харлаа.

Түүнээс гадна 2023 оны малтлагаар нээсэн булшинд хоёр авс бүтэн, үүдэнд нь хоёр хүн суулгасан байдалтай байсан. Тухайн үед үүдний хоёр хүнийг зарц нар гэж таамагласан. Гэтэл булшны малтлага олон болж, давтамж нэмэгдэхийн хэрээр тэр хоёр араг яс зарц биш байж магадгүй болоод байна.

Улаанчулуут уулын бунханд голлож нэг том модон авс байрлуулсан байгаа юм. Авс нь бүтэн хэр нь дотроо хүнгүй. Тэгснээ яг түрүү жилийн булшнаас гарсан шиг үүдэнд нь нэг араг байрлуулсан. Сайн малтаж, судлаад үзэхэд авсны толгой талынх нь хөндлөн хэсэг нь гадагшаа унасан. Түүгээр нь хүнийг нь суга татаж гаргаж ирээд үүдэнд нь тавьсан байгаа юм. Тэгэхээр өмнөх жилийн булшинд байсан хоосон авс, үүдэнд байсан хоёр хүнийг бас ингэж тайлбарлаж боломжтой болсон. Яагаад гэвэл үүдэнд байрласан хүнийг тухайн үед арьс, махнаасаа салаагүй байхад нь суга татан гаргаж тонох үед өвдөг нь бунхандаа үлдчихсэн байсан. Харин үүдэнд байгаа хүн өвдөггүй байгаагаас эдгээр нь нэг хүний яс гэдэг нь тодорхой болсон.

Археологийн судалгаанд нэг хоёр булшийг ерөнхий таамагладаг. Олон болох тусам дараагийн том дүгнэлтийг хийх боломжтой болдог. Энэ жилийн судалгааны өмнөх жилийн булшны дүгнэлтийг өөрчилсөн. Мөн баримтаар батлах боломжтой болсноороо онцлох ажил боллоо.
Олдворын хувьд тус газарт манай баг зургаадугаар сарын 13-27 хооронд 14 хоног ажилласан. Ингэхдээ тухайн дурсгалт газраас Сяньбигийн дундын том хэмжээний бурхныг бүрэн цэвэрлэж малтсан. Үүнээс гадна Хүннүгийн үе болон дөрвөлжин булшны үеийнхний залгамж, холбоог харуулсан бас нэг дундын булшийг сонгож малтсан. Харамсалтай нь Хүннүгийн үеийн булш нь бүрэн тоногдсон байлаа. Гэхдээ тоногдсон хэдий ч тус булшнаас хүний яс болон тухайн үеийн хүмүүсийн эдэлж, хэрэглэж байсан тодорхой хэмжээний олдворууд гарсан. Харин Сяньбигийн язгууртны бунхан мөн хөндөгдсөн. Тонуулчид үнэтэй зүйлсийг нь авсан байж магадгүй. Гэхдээ энэ булшнаас хүний яс бүтнээрээ олдсон. Бас гурваас дөрвөн төрлийн ваар, сав байсан байж болзошгүй сав, суулганы хагархайнууд гарсан. Түүнээс гадна өмнө нь монголоос гарч байгаагүй шавар морь бололтой амьтны баримал, шавар том амны халбага шиг хэмжээтэй хэр нь нарийн иштэй тахир хэлбэрийн халбага гарснаараа онцлог байлаа.
Хамгийн сонирхолтой нь тоногдсон ч гэсэн тухайн булшнаас хүний насжилт шүднээс нь хоол хүнсний үлдэгдэл гээд бүх судалгааг хийх боломжтой бүтэн араг яс олдсон. Ингэснээр Сяньбигийн түүхэн гурав дахь том оршуулгын газрын судалгаа эхлэх болоод байна.
-Улаанчулуут уулын Хүннү, Сяньбигийн үеийн булшны судалгааг хаана хийх вэ?
-Олворуудыг эхлээд малтсан байгууллагын лаборатори судална. Дараа нь Соёлын яамны тушаалаар улсын музейд шилжүүлж өгдөг. Түүний өмнө тухайн олдворуудыг угааж цэвэрлэх, эвлүүлж наах, гадагшаа шинжилгээнд явуулах зэрэг ажлуудыг бий. Улаанчулуут уулын олдворууд МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн лабораторид 2-3 жил судална.
-Сяньбигийн дурсгал тул бүтэн олдсон араг ясыг 1800 жилийн өмнөх гэж үзэх үү?
-Өнгөрсөн жил бид хамгийн анхны хоёр булш буюу Хүннүгийн өмнөх дөрвөлжин булшны үеийн болон Сяньбигийн үеийн хүүхдийн булшийг малтаж, олдвороо Япон Улс руу “C14”-ын задлан шинжилгээнд явуулсан. Тэгэхэд Сяньбигийн булш нь Хүннүгийн сүүл үе, Сянбигийн эхэн үе буюу одоогоос 1800 жилийн өмнө хийгдэж байсан булш гэдэг нь тодорхой болсон. Тиймд Улаанчулуут уулнаас сая гарсан хүний яс нь Хүннүгийн дараах том эзэнт гүрний үед хийсэн булшных гэдэг нь тодорхой байгаа.
-Малтлага, судалгаанд орон нутаг дэмжлэг үзүүлэх нь чухал байдаг. Та бүхний энэ жилийн судалгааг Сэлэнгэ аймгаас дэмжиж байгаа юу?
-Улаанчулуут уулын дурсгалт газрын судалгаан дээр олон байгууллага дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тэдгээрийн нэг нь Орхон сумын ЗДТГ-ынхан. Сумын удирдлагууд өөрсдөө “та хэд энэ газрыг судлаад өгөөч. Орхон сум нь Эрдэнэт, Дархан, Хөвсгөл нуурын чиглэлийн автозамын урсгал дээр байдаг учраас сумаа дайруулж Улаанчулуут ууланд аялал жуулчлалын хотхон байгуулах шаардлагатай байна. Энэ том аялал жуулчлалын урсгалыг бид тодорхой хэмжээнд зогсоож, сумаа оруулах бодлоготой. Тиймээс бид та бүхнийг Улаанчулуут уулын дурсгалыг судлахад бид боломжоороо дэмжинэ шүү” гэж санал тавьсан. Үүний дагуу бид энэ жил малтлагын ажлаа эхлүүлсэн.
-Өмнө жил Дархан-Уул аймгийн Хонгор суманд малтсан Сяньбигийн язгууртны бунхныг музей болгоно гэж ярьж байсан. Энэ ажил явж байгаа юу?
-2021-2023 оны Дархан-Уул аймгийн Хонгор сумын малтлага, судалгааны ажлыг Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр буюу Засаг дарга Б.Азжаргалын дэгжлэгээр хийсэн. Малтлагын ажил эхэлсний дараа би ч санал дэвшүүлсэн, орон нутаг ч тухайн газрыг музей хэлбэрээр үлдээхээр ярилцаж байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймаг тухайн дурсгалын сонгуулийн шоу болгож байгаад орхисон. Маш харамсалтай. Ер нь дурсгалт газруудыг зүгээр малтаад буцаад булаад явах нь харамсалтай. Бид шинжлэх ухааны ажлаа хийдэг. Тэрийг үргэлжлүүлэн орон нутаг нь анхаарч музей байгуулж чаддаггүй юм гэхэд аятайхан мэдээллийн төв нээгээд хүнд үзүүлбэл аялал жуулчлалд ч хэрэгтэй. Тэр чигтэй монголын түүхийн баталгаа, нотолгоо тул жуулчдад ч ярих юмтай байх юм.
Малтаж байгаа булш нь дээр ирсэн хүн бүр “ямартай гайхалтай юм. Бараг ил музей байна шүү дээ” гэдэг. Тиймд бидний дараагийн том асуудал булшаа булалгүй үлдээх болоод байгаа. Улаанчулуут уулын малтлагад дэмжлэг үзүүлж буй Сэлэнгэ аймгийн Орхон сумынхан бол энэ асуудал дээр нааштай хандаж, музей болгомоор байна гэсэн байр суурьтай байгаа. Мөн тус сумынхан аймгийнхаа Соёл урлаг, ЗДТГ-тайгаа ярилцаад аль аль талдаа дэмжлэг үзүүлж ажиллах, цаашид музей чиглэлээр хэрхэн авч явах вэ зэрэг асуудлууд дээр гэрээ байгуулаад явах талаар ярилцсан. Дараа дараагийн судалгааны ажил дээр мөн бид тодорхой хэмжээнд тусалж, монгол орны зүүн хойшоо чиглэсэн аялал жуулчлалын томоохон хөшүүрэг болох музейнүүдийг байгуулах төлөвлөгөөтэй хамтран ажиллаж байна.
-Энэ намартаа багтаж танай баг өөр малтлага судалгаа хийх үү?
-Сэлэнгийн Ерөө суманд өмнөхүүдээсээ илүү том бунхан нээх гэж байна. Ерөө сумаас Бугант тосгон руу автозам тавьж байгаа. Энэ замд миний 2019 онд олсон Сяньбигийн дөрөв дахь оршуулгын газар байсан юм. Тэгсэн тэр болон бидний бүртгэж авсан бас нэг бунхны голоор зам тавигдаж байна. Тиймд бид эдгээр бунхныг малтаж, судлахаар гэрээ байгуулаад судалгаагаа эхлүүлчихсэн явж байна. Энэ бунхнууд өмнөх жилийн Дархан-Уул аймгийн бунхнаас хамаагүй том бүтэн тойрсон шуудуутай. 20 метрийн урт үүдтэй маш том бунхан байна. Бас тоногдоогүй байх магадлал маш өндөр байгаа. Бид наадмын дараа энэ бунхнаа нээнэ. Ингэхдээ нэг биш гурван бунхан зэрэг нээх төлөвлөгөөтэй 20-иод хүний бүрэлдэхүүнтэй том баг ажиллаж байна.
-Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр гайх�##�тай нээлт байна! Монголын түүхийг улам гүнзгий ойлгоход их хувь нэмэр оруулж байна
Археологийн багийнханд амжилт хүсье! Ийм чух�##� суд�##�гааг тууштай хийж байгаад т�##�архаж байна
Энэ бол зөвхөн Сэлэнгэ биш, Монгол үндэстний бахарх�##� юм. Баяр хүргэе!
Түүхэн дурсг�##�уудаа аял�##� жуулчл�##�тай уялдуулж хөгжүүлнэ гэдэг маш зөв санаачилга байна
Музей болгож үлдээнэ гэдэг маш зөв шийдвэр. Дэмжиж байна!
Үүдэнд байрласан ясны т�##�аарх шинэ тайлбар маш сонирхолтой байлаа. Суд�##�гаанд улам амжилт хүсье!
Улаанчулуут уулын суд�##�гаа олон хүнд монголын түүхийг сонирхох сэдлийг төрүүлж байна
Ийм дурсг�##�уудыг орон нутаг нь дэмжиж, хамга�##�на гэдэг сайн хэрэг шүү
Хүннү, Сяньби, дөрвөлжин булш гээд нэг дор гурван үеийн дурсг�##� байна гэдэг үнэхээр гайхамшиг!
Суд�##�гааны үр дүнг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэж байгаад баярл�##�аа
Дарханд хийгдсэн м�##�тлагыг музей болгох боломж �##�дагдсан нь харамс�##�тай ч, энэ удаагийнх амжилттай хэрэгжээсэй гэж хүсэж байна
Оюутнуудыг оролцуулан хийж байгаа нь дараа үеийн археологичдыг бэлтгэж буй сайхан жишээ байна
Монголын түүхэн үнэт өвийг олон нийтэд нээж, хамга�##�ж явах үйл хэрэгт танай багт амжилт хүсье!
Монголчууд бидний угсаа гар�##�, соёл улам тодорхой болж байгаа нь бахархмаар!
Хичээгээрэй, амжилт