Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар болжээ.
Үүнд, иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу "Мишээл сити", "Дүнжингарав" худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан энэ сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл "Мишээл сити", "Дүнжингарав" худалдааны төвөөс богино эргэлтийн хоёр чиглэлд найм, Давааны зөрлөгөөс Хүй долоон худаг /Морь барианы газар/, авто зогсоолоос Хүй долоон худаг хүртэл дөрвөн автобус иргэдэд 08:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх аж.
Мөн баяр наадмын өдрүүдэд үйлчлэх галт тэргээр Давааны зөрлөг хүртэл зорчсон иргэд нийтийн тээврийн үйлчилгээний богино эргэлтийн БЭ:5 “Давааны зөрлөг-Хүй долоон худаг” чиглэлээр үйлчлүүлэн Хүй долоон худаг хүрч, богино эргэлтийн БЭ:7 чиглэлд авто зогсоолд автомашинаа тавьсан иргэд Хүй долоон худгийн төв зогсоол хүртэл үйлчлүүлэх боломжтой юм.
Харин Хүй долоон худаг дахь наадамчин олонд зориулж энэ сарын 10-13-нд Хүй:7-2 “МУБИС-Хүй долоон худаг” чиглэлд таван их багтаамжийн автобус, мөн энэ сарын 11,12-нд “Төв цэнгэлдэх-Хүй долоон худаг” чиглэлд 10 автобус үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
Мөн энэ сарын 11, 12-нд Улаанбаатар хотын бүх суурьшлын цэгээс Төв цэнгэлдэх хүрээлэн хүрэх боломжоор ханган 45 чиглэлийн 271 тээврийн хэрэгсэл "Мишээл сити", "Дүнжингарав" худалдааны төв, Гандийн гудамж, Нийслэлийн гудамж, 120 мянгатын зогсоол хүрэх төлөвлөлтийг боловсруулан бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.
Өөрийн оршин суудаг суурьшлын бүсээс "Мишээл сити", "Дүнжингарав" худалдааны төв хүрсэн иргэд богино эргэлтийн БЭ:1 “Мишээл сити-Төв цэнгэлдэх /Хурд хороолол/, БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх /Суруга/” чиглэлийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.