НИЙГЭМ

Г.Ууганбаатар: Түмний баяр цэнгэл хүүхдийн амь насаар наадах ёсгүй. Мориндоо зориулсан мөнгөө унаач хүүхдэдээ ч зарцуул

Г.Ууганбаатар: Түмний баяр цэнгэл хүүхдийн амь насаар наадах ёсгүй. Мориндоо зориулсан мөнгөө унаач хүүхэддээ ч зарцуул

Сүүлийн долоон жилийн хугацаанд 2500 гаруй хүүхэд мориноос унаж, мянга гаруй нь эрүүл мэндээрээ хохирсон байна. 2025 он гарснаас хойш л гэхэд хоёр хүүхэд хурдан морины сунгаа, хөлсөлгөөний үеэр мориноос унаж амь насаа алдсан байдаг. Иймд Үндэсний баяр наадам болох гэж байгаатай холбоотойгоор унаач хүүхдийн эрх, хамгаалал, нөхцөл байдлын талаар ХЭҮК-ийн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатартай ярилцлаа.

-Хувцас хэрэгслээ бүрэн өмссөн тохиолдолд морь дээр нь гишгээд гарсан ч хамгаалагдах боломжтой. Стандартын бус, хямд нэр төдий хувцсыг энд яриагүй шүү-

-Морины уралдааны үеэр хүүхэд унаж бэртэх тохиолдол цөөнгүй гарч байна. ХЭҮК хяналт тавьж ажилладаг шүү дээ. Дийлэнхдээ ямар зөрчил гарч байна вэ?

-Эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ гэвэл, хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсүүлэх зайлшгүй шаардлагатай. Бид өнгөрсөн хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ сунгаа дээр ажиглалт хийхэд хамгаалалтын хувцсыг бүрэн өмсдөггүй зөрчил маш их тохиолдсон. Мөн хүүхдийг унахаас нь сэргийлж морьтой нь хамт хүлэх, скочдох, хүнлэг бусаар харьцах байдал олонтоо ажиглагдсан.

Дээрх зөрчлүүдийг хяналт хийж байх хугацаандаа цагдаагийн байгууллага болон Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтарч таслан зогсоох үйл ажиллагаануудыг хийсээр ирсэн.

Үүнээс гадна унаач хүүхдүүд хориглосон зүйлсийг уралдаанд авч орох тохиолдол ч бий. Жишээ нь ойролцоох морьдыг үргээх зорилготойгоор гялгар уут, маш урт хэмжээний сур авч уралдаанд оролцож байна. Энэ нь уралдааны явцад бусад уралдаанч хүүхдүүдийг эрсдэлд оруулах, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулж болно шүү дээ. Дээрх хориглосон эд зүйлсийг уяач нар өгч явуулдаг байж магадгүй хэмээн хардаж байна.

Монгол морины онцлогоос хамаарч жижиг биетэй хүүхдээр унуулах сонирхол уяачдад бий. Нэг үгээр хэлбэл зөвшөөрөгдсөн насанд хүрээгүй буюу бага насны, жижиг биетэй хүүхдээр морио унуулж давуу байдал олох зөрчил цөөнгүй гардаг.

Бас нэгэн асуудал нь даатгалын асуудал. Яагаад даатгалыг чухалчлан яриад байна вэ гэвэл уралдааны үеэр хүүхэд бэртэл, гэмтэл авсан тохиолдолд даатгал нөхөн сэргээх зардлыг гаргах ёстой.

Ард иргэд, зарим уяачдын зүгээс "Монголчууд эртнээсээ хүүхдэд ямар нэгэн хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсүүлэлгүй уралдаанд оролцуулж ирсэн. Бүчтэй малгай, биед эвтэйхэн өмд цамцаа өмсөөд л уралддаг. Гэтэл одоо яагаад хамгаалалтын малгай гэх хүнд төмөр өмсгөж, өвдгөвч, тохойвч зүүлгэж байгаа юм бэ. Энэ чинь энгийн уяачдад дарамт болдог" хэмээн хамгаалалтын хувцас дээр шүүмжлэлтэй ханддаг.

Үүнээс юу анзаарагдаж байна вэ гэхээр одоо Монголд уралдаж байгаа хурдан морьд эрт дээр үеийнх шиг цэвэр цусны Монгол адуу байхаа больсон. Шуудхан хэлэхэд уралдаанд зориулаад эрлийзжүүлчихсэн морьдод Монгол морины зөн гэх зүйл бараг байхгүй. "Монгол мориноос унахад бэртдэггүй. Морь дээр гишгэхгүй даваад унадаг" гэж эрт дээр үеийн яриа одоо ор үндэсгүй, хүүхдийг бэртээх эрсдэлтэй.

-Морь унахад зөвшөөрөгдсөн нас гэж байдаг тухай та дээр дурдлаа шүү дээ. Хэдэн наснаас эхлэн морь унах боломжтой бол?

-Есөн нас.

-Хэрэв зөвшөөрөгдсөн наснаас бага насны хүүхдээр морь унуулж, уралдаанд оролцуулсан тохиолдолд ямар хариуцлага оногдуулах вэ?

-Зөвшөөрөгдсөн наснаас бага насны хүүхдээр морь унуулсан тохиолдолд уяачид хариуцлага оногдуулна. Зөрчлийн тухай хуулиараа зохицуулагддаг гэсэн үг.

-Он гарснаас хойш хоёр хүүхэд хурдан морины нуруун дээрээс унаж амиа алдлаа. Гэтэл уралдаан биш, хашаа дотор ажил хийж байхад ийм зүйл боллоо гээд өнгөрсөн.

-Яг тийм зүйл болсон. Хөлслөх, сунгаанд бэлдэх, хашаанд морины ажил хийж байхад хүүхэд чирэгдээд нас барчихлаа гэх тайлбарыг морины эзэн хэлээд өнгөрсөн. Гэтэл энгийн морь биш, уралдаанд бэлтгэгдэж байсан мориноос хүүхэд унаж амь эрсэдсэн асуудал юм шүү дээ. Тэгэхээр уралдаанч хүүхдийн эрхийн асуудалд шууд хамаарна гэсэн үг. Хүний амь эрсэдсэн асуудал тул хэргийг цагдаагийн байгууллага шалгасан. Харин ХЭҮК-оос уралдаан зохион байгуулахыг хориглосон хугацаанд хүүхдийг морины нуруун дээр гаргахгүй байх шаардлагатай гэх бодлого, шийдвэрийг хүргүүлж буй.

-Төрийн баяр наадам, томоохон уралдаануудаас гадна зохион байгуулагдаж буй морьдын уралдаан цөөнгүй. Тус уралдаан бүр дээр хяналт шалгалт хийж чадах нь юу л бол. Хяналтаас гадуур зохиогдсон тэр уралдаанд хүүхдүүд гэмтэж бэртдэг ч цагдаад бүртгүүлэхгүй, эцэг эхтэй нь тохиролцох тохиолдол цөөнгүй байдаг юм билээ.

-Угтаа хүүхэд мориноос унаж бэртэж, амьдралынх нь чанарт нөлөөлсөн тохиолдолд хохирлын хэмжээг тогтоох, нөхөн төлүүлэх арга хэмжээ цагдаагийн байгууллагад хамааралтай. Гэтэл манай цагдаагийнхан амь нас нь эрсдээгүй л бол нэг их анхаарахгүй өнгөрөөгөөд байх шиг санагддаг.

Монгол орон ямар уудам билээ дээ. Төрийн үйлчилгээ байхгүй газар ч хурдан морины уралдаан болж байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь Улаанбаатараас мянга гаруй километрийн цаана Ховд аймгийн Булган сумын нэг ууланд хэдэн залуу нийлээд арваад морь уралдуулж байхад хэн хяналт тавих вэ дээ. Монголчуудын өв соёл гэх утгаараа энэ уралдаан хуруу даран тоолох аргагүй олон зохиогдож байгаа гэдгийг баттай хэлнэ. Гэтэл тэр уралдаанд хүүхэд оролцож, унаж бэртлээ гэхэд цагдаагийн байгууллагад бүртгүүлж хэвшээгүй. Тохиролцох эсвэл удахгүй эдгэчихнэ, шалихгүй зүйл гээд өнгөрөх нь харин олон байх.

Тэр уралдаанд магадгүй хамгаалалтын хувцас ч байхгүй байж мэднэ. Яагаад гэвэл хяналт тавих механизм өөрөө ажиллахгүй байгаа болохоор. Мөн уяач нарын ухамсарт эртний уламжлал, хувцас хэрэгсэл гэх ойлголт нэвт шингээстэй байдаг нь ч нөлөөлдөг.

-Хамгаалалтын хувцас унаач хүүхдийг 100 хувь хамгаалж чадаж байна уу?

-Хувцас хэрэгслээ бүрэн өмссөн тохиолдолд морь дээр нь гишгээд гарсан ч хамгаалагдах боломжтой. Стандартын бус, хямд нэр төдий хувцсыг энд яриагүй шүү.

Гэтэл бодит байдал дээр уяачид хамгийн хямд, хамгийн муу хувцас, малгай, тохойвчийг сонгож өмсүүлдэг. Бүр өвдөг тохойвч нь салчихсан байхад л давхарлаж скочдоод гаргах тохиолдлыг харж байсан. Скочдосон тохойвч, өвдгөвч хэрхэн хамгаалах нь ойлгомжтой шүү дээ. Бодоод үзээрэй. Нийслэл хотод зохиогдож байгаа уралдаанд оролцож байгаа хүүхдүүдийн хувцас хэрэгсэл тийм хэмжээний байгаа юм чинь захын сумдын наадмын уралдаанч хүүхдүүдийн хувцас ямар байгаа бол оо.

-Морь унаж, уралдаанд оролцож байгаа хүүхдүүдийн дийлэнх нь амьжиргааны баталгаажсан түвшнээс доогуур орлоготой иргэдийн хүүхдүүд байна-

-Хурдан морины нуруун дээр хүүхэд гарсан л бол уралдаан ч хүүхдийн эрх ярих ёстой. Мөн хамгаалалтын хувцас хэрэгсэл ч байх ёстой байх аа. Гэтэл зөвхөн наадамд нүүр тахлах зорилгоор өмсүүлээд, "авдартаа" хийчхээд байх шиг.

-Уяачдын зүгээс "нэг жилийн наадамд бэлтгэхийн тулд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Гэтэл унаач хүүхэд чинь хамгаалалтын хувцасгүй байна гэх шалтгаанаар уралдаанаас хасагдах нь хэцүү байна" гэх зүйлийг хяналт тавьж байх хугацаандаа олон сонсож байсан.

Бид хариуд нь "Мориндоо зарцуулсан хөрөнгө мөнгө, арчилгаагаа унаач хүүхдэдээ тэнцүү зориул. Хүүхдийн амь нас, эрүүл мэнд хамгийн чухал шүү" гэх шаардлагыг тавьдаг.

Мөн ажиглалт хяналт тавиад явж байх үед уяачид унаач хүүхдүүдтэйгээ зүй бусаар харьцах, хүнлэг бус харьцах тохиолдол цөөнгүй харагддаг. Хэм хэмжээнээс хэтэрсэн тохиолдол ажиглагдах үед бид цагдаагийн алба хаагчдад мэдэгдээд явдаг.

-Жишээ нь ямар хэм хэмжээг зөрчсөн үйлдэлтэй таарч байв?

-Хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй байна гээд хүүхдийг нь буцаахад уяач нь ирээд "аргалаад зурхайгаас гараад явчхаж чадсангүй" гээд нудрах, түлхэх, биед нь халддаг. Хүний биед халдах эрх хэнд ч байхгүй. Морины эзэн байх, асран хамгаалагч байх, аав ээж байх хэнд ч хамаагүй.

-Уяачдад хурдан морь нь нэгдүгээрт. Хамаг сайн бэлдмэл, тарилга, тэжээлээр бордож наадамд сойно. Гэтэл унаач хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах хувцас хэрэгслээс гар татаж, хамгийн хямдыг нь авч өгч харагддаг.

-Баяр наадам, морьдын уралдаан ард иргэдэд сэтгэл зүйн хувьд цэнгэл таашаал өгдөг байж болно. Гэвч нэг өдөр нүд баясаж, цэнгэл мэдрэхийн тулд хүний хүүхдийн хувь заяагаар тоглож болохгүй шүү дээ. Тийм учир мориндоо зарцуулж байгаа хөрөнгө мөнгийг унаач хүүхдэдээ адил түвшинд зарцуулах хэрэгтэй.

-Түмний баяр цэнгэл хүүхдийн амь насаар тоглож болохгүй гэж та хэллээ. Дан ганц уяач бус тэр эрсдэлт алхам руу эцэг эх нь явуулаад байх шиг. Хурдан морь унадаг хүүхдийнхээ цалингаар амьдардаг гэр бүл цөөнгүй байдаг юм билээ.

-Морь унаж, уралдаанд оролцож байгаа хүүхдүүдийн дийлэнх нь амьжиргааны баталгаажсан түвшнээс доогуур орлоготой иргэдийн хүүхдүүд байгаа. Энэ тодорхой. Унаач хүүхдийнхээ цалингаар амьдардаг гэр бүл маш их. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэх олон улсын гэрээ конвенцод зааснаар зөрчил болж хувирна. Нэг үгээр хэлбэл хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхийг зөвшөөрч байгаагаараа эцэг эх эрсдэл рүү орохыг зөвшөөрч буй нэг хэлбэр. Эцэг эхээс нь зөвшөөрөл авч яваад хүүхдийг морины нуруун дээр гаргахдаа хамгаалах хувцас хэрэгслээр хангах, даатгалжуулах нь уяачийн үүрэг юм.

-Морины эзэн өөрийн хүүхдээ эрсдэлд оруулахгүйн тулд бусдын хүүхдээр морио унуулдаг-

-"Унаач хүүхэдтэйгээ адил насны хүүхэдтэй атал бусдын хүүхдээр морь унуулж байна" гэх шүүмжлэл олны дунд бий. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Морины эзэн өөрийн хүүхдээ гангалчхаад хажууд нь унаач хүүхдээ шагналд авсан цүнхийг нь үүрүүлээд Цэнгэлдэх тойроод алхаж явдаг зураг олон нийтийн сүлжээгээр харагддаг. Морины эздийн хүүхдүүд ихэвчлэн хот суурин газар төрж өссөн байдаг. Монгол ахуй, мал идээнээс хол гэсэн үг. Тийм учир морь унах дөр байхгүй. Суурьшлаас гадна бас нэгэн шалтгаан байгаа нь хурдан морийг хэн ч хамаагүй унаж чадахгүйд бий. Авьяас, чадвар чухал. Хөдөө өссөн бүхэн ч уралддаг юм биш. Мөн өөрийн хүүхдээ эрсдэлээс зугтаалгаж морио унуулдаггүй байх.

-ХЭҮК хурдан морины уралдаанд хэзээнээс хяналт тавьж эхэлсэн бэ?

-Дүнжингарав уралдааны үеэс. Хэдий хаврын уралдаан гэж нэрлэдэг байсан ч улирлын мөн чанар нь өвөл байсан. Цас мөстэй, гулгаа, халтиргаатай. Хүүхэд гэмтэж бэртэх өндөр эрсдэлтэй, хориглосон хугацаан дахь хүүхдийн хөдөлмөр эрхлэлт байсан. Хууль зөрчиж байсан үйлдэл учир бид хяналт шалгалт хийж байсан гэсэн үг. Харин Үндэсний их баяр наадамд 2022 оноос эхлэн хяналт тавьж эхэлсэн. Мөн бүсийн, аймгийн наадмуудад хяналт тавьдаг.

-Одоогоор ямар зөвлөмж, шаардлагыг хүргүүлж ажиллаж байна?

-Хурдан морийг хүүхдээр унуулдаг соёл дэлхийд ганцхан Монгол Улсад л байгаа. Энэ нь бидний үндэсний дархлагдсан өв соёл шүү дээ. Үүнийгээ ЮНЕСКО-д ч бүртгүүлчихсэн.

Гэсэн хэдий ч зөвшөөрсөн хугацаа буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний хугацаанд хурдан мориноос хүүхэд унаж гэмтэх, амь насаа алдах эрсдэлүүд гарсаар байна. Тиймээс ХЭҮК 21 аймгийн засаг дарга болон нийслэлийн засаг дарга нарт уралдаан, үсэргээ, сунгаанд оролцож байгаа хүүхдийн эрхийг хангах талаар зөвлөмж хүргүүлж ирсэн. Энэ жил ч мөн адил шаардлагатай зөвлөмжүүдээ хүрүүлсэн.

Мөн манай байгууллагын зүгээс Үндэсний их баяр наадмын өдрүүдэд биечилсэн байдлаар ажлын хэсэг гарч, хяналт шалгалтын ажлаа хийдэг. Өөрөөр хэлбэл хурдан морины уралдааны гараа болон барианы зурхай дээр "хүүхдүүд хамгаалалтын хувцсаа хэрхэн зөв зохистой өмссөн эсэх, даатгалаа бүрэн хийлгэсэн үү, унаач хүүхдүүд хуульд заасан насанд хүрсэн байна уу" гэх зэрэг асуудлууд дээр хяналт тавьж ажилладаг гэсэн үг. Мөн 21 аймаг дахь ХЭҮК-ийн ажилтнуудаараа дамжуулан аймаг бүрийн баяр наадам дээр шаардлагатай зөвлөмж, хяналтын ажлаа гүйцэтгэдэг.

Энэ жил дөрвөн байршилд бүсийн уралдаан зохиогдоно. Тус уралдаанууд долоодугаар сарын сүүлээр болох бөгөөд мөн ажлын хэсэг гарч ажиллахаар төлөвлөж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 10, 2025 10:24

Морь унаж ур�##�ддаг хүүхдүүдээ УРАЛДААНЧ гэвэл тун эвтэйхэн юм билээ. Унаач гэх нь мориноосоо унаарай гээд байгаа мэт!

Холбоотой мэдээ

Back to top button