ЯРИЛЦЛАГА

Томоко Ибүкүро: Би Монголд хайртай, гэхдээ Япон иргэншлээ солих шалтгаан надад байхгүй

Бид энэ удаагийнхаа ярилцлагынхаа хойморт “Михачи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Томоко Ибүкүрог урьсан юм. Тэрбээр Монгол хүнийг амьдралынхаа ханиар сонгож, манай улсад 22 жил суурин амьдарч байгаа. Ханьтайгаа цуг монголын зөгийн аж ахуйн салбарт тодорхой хэмжээний байр суурь эзэлж туршлага хуримтлуулан, амжилттай ажиллаж яваа нэгэн юм. Нүүр тулан ярилцаж үзсэн хүн бүр л түүнийг ямар нэгэн худлаа баггүй, байгаагаараа эмэгтэй гэдгийг нь мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд түүний ярилцлагыг нь хүлээн авч уншина уу.

-МОНГОЛД АНХ ИРЭЭД ИРЭЭДҮЙД ЯАХ ВЭ ГЭДЭГ ЯМАР Ч ТӨСӨӨЛӨЛГҮЙ БАЙЛАА-

-Юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан өвөлжиж байна уу?

-Сайхан. Сайхан өвөлжиж байцгаана уу.

-Энэ удаа бид тантай зөгийн аж ахуйн тань талаар ярилцахгүй, хувь хүн, дотоод ертөнц рүү тань өнгийж ярилцахыг чухалчлах юм. Энэ нь танд таалагдах уу.

-Болж байна шүү. /инээв.сурв/

-Та Монгол Улсад ирээд 22 жил өнгөрчихсөн байна, нэлээд урт хугацаа шүү. Энэ хорин жилийн ард гараад сууж байхад юу бодогдож байна вэ?

-Би ирээд 22 жил өнгөрчихөж. Энэ хугацаанд Монгол улс маш хурдан хөгжлөө. Байшин барилгажилт болоод хүмүүсийн сэтгэхүйд асар их өөрчлөлт гарсан. Мөн хүмүүсийн мэдлэг боловсрол, ажилдаа хандах хандлага нь хүртэл өөрчлөгдсөн байна.  

-Хувь хүний тань хувьд …?

-Хувь хүний хувьд ч их өөрчлөлт гарч. Монголд анх ирж байхдаа “Би ирээдүйд яах вэ” гэдэг ямар ч төсөөлөлгүй байлаа. Миний үеийн залуус ч маргааш яахаа мэдэхгүй, төсөөлөхөд хэцүү, тийм үе. Яг тэр л үеэс Монгол залуустай мөр зэрэгцэн ажиллаж хөдөлмөрлөн өдий хүрлээ. Амьдралд олон асуудал гардаг юм байна. Энэ хугацаанд олон бэрхшээлтэй тулгарч, давж гарсан даа. /инээв.сурв/  Яаж давсан юм бэ гэмээр даваа ч байсан. Тийм үеүддээ би өөрийгөө сэргэлэн хөдөлсөн л гэж боддог.

-БИ ӨӨРИЙГӨӨ МОНГОЛД БҮРЭН ДАСАН ЗОХИЦСОН ХҮН ГЭЖ БОДДОГ-

-Тантай ярилцсан сэтгүүлч бүр л “Та хэр их Монголжсон бэ” гэж асуудаг юм билээ. Энэ асуултыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-“Монголжсон” гэдэг нь маш сонин үг. Техникийн ямар нэгэн эд анги  доголдлоо гэхэд сэлбэг хийгээд засчхаж болдог доо. /инээв.сурв/ “Монголжино” гэдэг үг надад ийм л бүдүүлэг үг шиг санагддаг. Харин би өөрийгөө Монголд бүрэн дасан зохицсон хүн гэж боддог юм. Цаг агаар, нийгмийн хандлага, Монголчуудын гаргадаг зан араншин бүхэнд дасан зохицсон байна. Цаашид ч гайхалтгүй хүлээж авахад бэлэн.  

-Таныг нэгэн хэвлэлд “Японы нийгэмд өсөхдөө хэрсүү, бас нэлээд шартай болж болж төлөвшсөн. Эл төлөвшлөөрөө Монголд 22 жил амжилттай ажиллаж явна” гэж тодорхойлсныг саяхан уншиж байсан юм байна. Та энэ тодорхойлолттой санал нийлэх үү?

-Тийм байх. Нийт Япончуудын гэхээсээ илүү миний хувийн зан чанар ийм болов уу даа. Би эцэг эхээс хоёулаа. Нэг эмэгтэй дүүтэй. Аав ээж хоёр маань хоёрхон охинтой болохоор хүйсийн эрх тэгш байдлыг мэдрүүлэхгүй өсгөсөн. Өөрөөр хэлбэл “Чи охин болохоор заавал ингэ, тэг” гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Гэтэл би сургуульд ороод “Охин юм байж, эмэгтэй хүүхэд байж” гэдэг үгтэй маш их тулгарсан. Тэр үеэс л би “Охин хүүхэд гэхээр л яагаад заавал ингэх ёстой юм” гэх хандлага, “Эмэгтэйчүүд эрчүүдээс дорой байх ёсгүй” гэх бодолтой болж, шаралхаж эхэлсэн. Хөвгүүдээс онц сурах гэж, хөвгүүдээс хурдан гүйх гэж юм юманд л шартай.

Японд айлын том эрэгтэй хүүхэд л хамаг үүрэг хариуцлага хүлээдэг. Манайх эрэгтэй хүүхэдгүй байсан тул эцэг эх маань бидэнд хариуцлага оногдуулаад байдаггүй байсан гэх үү дээ. Харин их сургууль төгстөл чинь амьдралын хэрэгцээгээр хангаж өгнө, түүнээс цааш “Чи нэг ч төгрөг авахгүй. Бид үлдээж чадахгүй байх. Үлдээсэн ч битгий горьд” гэнэ. Бие дааж амьдруулахад л бэлдэж байгаа хэрэг шүү дээ. Дүү бид хоёр түүнд нь үнэмшиж, сургуулиа төгсөөд 100 хувь биеэ даах ёстой гээд тархиндаа суулгачихсан. Гэхдээ Япончуудын гэхээсээ илүү аав, ээжийн минь охидоо хайрлаж өсгөсөн арга барил юм уу даа. Ялангуяа аав маань “Чи чинь царай муутай болохоор олигтой юмтай сууж чадахгүй байх” гэдэг байсан. /инээв.сурв/

-НӨХРӨӨ ДАГУУЛААД ОЧХОД ЭЭЖ, ААВ МААНЬ ЭСЭРГҮҮЦЭЭГҮЙ-

-Тэд Монгол хүнийг амьдралынхаа ханиар сонгоход тань хэрхэн хүлээж авч байв?

-Гарах хариуцлагыг чи л үүрэх учир өөрөө л мэд гэдэг байсан. Ямар ч хүн дагуулаад ирсэн аав, ээж нь олон юм ярихгүй, чиний амьдрал учир чиний л гарт бүх сонголт бий гэдэг. Тиймээс нөхрөө дагуулаад очход эсэргүүцээгүй, юм хэлээгүй. Ер нь л зарчимч хүмүүс.

-Эцэг эхийнхээ хүмүүжлийн арга барилаар хүүхдээ хүмүүжүүлсэн үү, Монголын нийгэмд ?

-Би ганц охинтой. Одоо 18 настай, их сургуульд орох гэж байна. Аав, ээжийн минь намайг хүмүүжүүлсэн арга барилаар охиноо хүмүүжүүлэх гэж үзсэн шүү. Тухайн үед “Ээж маань надаас яагаад ийм хөндий юм бол” гэж боддог л байсан байх. Монгол аав, ээж нар “Би хүүгээ тийм хүн болгоно” гээд урьдчилан ярьж, амьдралыг нь шийддэг юм шиг анзаарагдсан. Энэ нь жаахан сонин санагддаг. Хүүхдийнхээ амьдралыг, хүүдийнхээ өмнөөс шийдчихдэг нь сонин. Эцэг эх маань өөрт минь бүх үүрэг хариуцлагыг үүрүүлж хүмүүжүүлсэн шиг “Миний охин ч бүх зүйлийг өөрөө мэдэж, өөрөө хариуцлагаа үүрч чаддаг” хүн болоосой гэж боддог юм. Их сургуулиа төгсөөд бие даагаад явчих хэмжээний хүн болох байх гэж найдаж байна.

-НИЙГЭМД ТУЛГАРСАН АСУУДАЛ БҮРИЙГ ЧӨЛӨӨТЭЙ БИЧДЭГ. ГЭВЧ ЗАРИМ НЬ МОНГОЛЧУУДЫГ ШҮҮМЖИЛЖ, ДОРОМЖИЛЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОДОГ. МОНГОЛЧУУДЫГ ШҮҮМЖЛЭХ ЭРХТЭЙ ХҮН БИ БИШ-

-Таны твиттер орчинд үзэл бодлоо илэрхийлж буй байдал тань цензургүй, дүрэмгүй, баггүй хүн шиг сэтгэгдэл төрүүлдэг. Амьдрал дээр ч дүрэмгүй тоглогч шиг санагдсан. Та амьдралд дээр ямар хүн бэ?

-Би тийм ч нээлттэй хүн биш ээ. Юм бичих дуртай. Бичгээр өөрийнхөө үзэл бодлыг маш сайн илэрхийлчихдэг. Харин нүүр тулж уулзахад нээлттэй хүн биш. Жишээлбэл, найзуудтайгаа уулзаад сууж байхад янз бүрийн бодол төрөхөд тэрийгээ эргэж санаад цаасан дээр буулгах дуртай.

-Та өвөлдөө ном зохиолын орчуулгын ажил хийдэг. Зохиол бичдэг үү?  

-Уран зохиолд дуртай, хайртай. Намайг уран зохиол бүтээсэн гэж боддог. Амьдралын минь ихэнх цаг ном, зохиолтой холбогддог. Зохиол бичих гэж оролддог гэх үү дээ. Эссе, өгүүллэг бичдэг. Роман бичиж үзээгүй. /инээв.сурв/ Өвөлдөө Япон номын орчуулгын редакторын ажлыг “Мон судар” хэвлэлийн газартай хамтран хийдэг. Энэ жил уран зохиолоос илүү эрдэмтэдийн илтгэлийн ном гаргах санаа бий.  

-Таны хувьд манай улсыг хайр найргүй, шударга шулуунаар шүүмжлэгч гадаад хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Монголын улс төрийн нөхцөл байдлын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Бичсэн зүйлийг маань анхааралтай уншвал “Монголын нийгэм ийм, Монголчууд тийм” гэж нэг ч удаа бичиж байгаагүй. Би Монголын нийгэмд ажил хийж, амьдарч байгаа боловч улс төрд оролцохгүй, санал өгөх эрхгүй хагас оролцоотой хүн. Монголчууд ямар сонголт хийж, ямар нийгэм бүтээх нь эцсийн эцэст миний асуудал биш. Тиймээс Монголчуудыг шүүмжлэх эрхтэй хүн би биш. Гэхдээ ажил хийж, амьдарч байгаагийн хувьд өөрт тулгарсан нийгмийн асуудал бүрийг чөлөөтэй бичдэг. Гэтэл зарим хүн Монголчуудыг доромжилж, шүүмжилж байна гэх өнцгөөр хүлээж авдаг. Нийгмийг ингэж өөрчлөхсөн гэх бодол байхгүй ч өөрийн амьдарч байгаа орчныг жаахан ч гэсэн сайжруулмаар зүйлс тулгардаг. Сайжруулчих юмсан гэдэг зүйлсэд оролцоод, янзлаад л явж байна.

-ЯПОНЫ ИРГЭНШЛЭЭ ХАЯХ ШАЛТГААН НАДАД БАЙХГҮЙ-

-Та одоо хүртэл Японы иргэн хэвээрээ юм билээ. Иргэншлээ солих бодол байхгүй юу?

-Энэ асуултыг олон хүн надаас асуудаг л даа. Би харин гайхдаг юм. Яагаад заавал иргэншлээ солих ёстой юм бол оо? Гадаад хүнтэй суусан хүмүүсийн ихэнх нь өөрийнхөө иргэншлийг сольдоггүй. Ашигтай тохиолдолд л сольдог юм шиг анзаарагдсан. Би Монголд хайртай. Иргэншлээ сольсноороо бүр ч их хайртай болно гэж байхгүй биз дээ. Үгүй л байхгүй юу. Миний хувьд иргэншлээ сольсон ч, солиогүй байсан ч ялгаагүй. Харин иргэншлээ солихгүй байснаараа би Япон руу ээж, аав руугаа чөлөөтэй очиж ирдэг. Заавал виз хөөцөлдөх шаардлага гардаггүй. Иргэншлээ солиогүй байгаагийн нэг шалтгаан энэ л дээ. Мөн Японы иргэншлээ хаях шалтгаан надад байхгүй.

-Нас тогтож хөгшрөхөөрөө нутаг руугаа явна гэх бодол байдаг уу, эсвэл хөгширсөн ч эндээ амьдарсаар байх уу?

-Монголд амьдаръя гэж боддоггүй, Япон руу явъя ч гэж боддоггүй. Одоохондоо бодож үзээгүй юм байна. Ямар цаг үе ирэх вэ гэдгээс л шалтгаалах байх. Төсөөлөл байхгүй учир түрүүлээд ам гарч чадахгүй байна. /инээв.сурв/

-ХИЙГЭЭГҮЙДЭЭ ХАРАМСАНА УУ ГЭХЭЭС, ХИЙСЭН ЗҮЙЛДЭЭ ХАРАМСАЖ БАЙГААГҮЙ-

-Томоко та зөгийгүйгээр амьдралаа төсөөлж үзэж байв уу. Монголд ирээгүй бол өдийд хаана юу хийж явах байсан гэж бодож байв?

Зөгийн аж ахуйтай амьдралаа холбоод таван жил болж байна. Үүнээс өмнө болоод одоо ч Японы сонин, сэтгүүл, телевиз, радиод Монгол хүмүүсийг гаргах хэвлэлийн ажил хийж байна. Саяхан гэхэд л УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн тухай ярилцлага нэвтрүүлэг Японы хэвлэл мэдээллээр гарсан. Удахгүй УИХ-ын гишүүн асан С.Оюуны яриа гарна. Японы медиад Монгол хүмүүсийг гаргах ажил хийж байгаа гэх үү дээ. Нэвтрүүлгийн төлөвлөгөө эхлэхээс монтаж хийж дуусах хүртэлх ажилд нь оролцдог юм. Энэ ажлаа бараг 20 гаруй жил хийж байна. Зөгийтэй амьдралаа холбоогүй бол ганцхан энэ ажлаа л хийх байж.

-Өнгөрсөндөө харамсаж байсан удаа бий юу. Харамслын тухай таны нэг ярилцлага юм уу, жиргээнээс уншиж байсан юм шиг санагдлаа?

Хийгээгүйдээ харамсана уу гэхээс хийсэн зүйлдээ харамсдаггүй. Сүүлийн үед Англи хэлээ сэргээж сураагүйдээ л харамсаад байна. /инээв.сурв/ Ажлын шаардлагаар англи хэл хэрэгтэй болоод байгаа.

-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ АЖИГЛААД БАЙХАД ЗОДОЖ БАЙГАА НЬ Ч, ЗОДУУЛЖ БАЙГАА НЬ Ч БИЕ БИЕДЭЭ ХАЙРТАЙ ГЭЖ АНДУУРДАГ НЬ ХАМГИЙН АЙМААР-

-Саяхан та хүчирхийллийн тухай хөндөж, залуу насныхаа нэгэн явдлын тухай товчхон жиргэсэн байсан. Монголын нийгэмд хүчирхийлэл гэж зүйл газар авч, тэрхүү хүчирхийллийг тэвчээд дуугүй байдаг эмэгтэйчүүд ч олон болж. Хүлцэнгүй байдлын талаар, хүчирхийллийн талаар ямар бодолтой явдаг вэ? 

-Хориод жилийн өмнө хуучин нөхөртөө зодуулж байсан юм. Нэг хэрүүлээс үүдэж миний толгой руу зурагт шидэж байсан л даа. Тэр явдлаас үүдэж ёстой бүтэхгүй юм байна гээд л салсан. Хамт амьдраад удаагүй, хорогдох зүйл ч байгаагүй. Хэрэв тэр хүнээс салаагүй байсан бол гэж бодохоос ч аймаар санагддаг. Ер нь нийгэм дэх гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг ажиглаад байхад зодож байгаа нь ч, зодуулж байгаа нь ч бие биедээ хайртай гэж андуурдаг нь хамгийн аймаар. Зодож байгаа ч гэсэн хайртай, зодуулж байгаа ч гэсэн хайртай гэдэг нь сэтгэцдээ асуудалтай гэсэн үг. Хайрын асуудал биш.

-Жаахан дэлгэрүүлбэл?

-Ийм хүмүүсийг Японд ч, Монголд ч харж байсан. Үүнээс л үүдэж гэр бүлийн хүчирхийллийн золиос болдог байх. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь далд зүйл. Тийм болохоор энэ сэдвээр маш сайн судалгаа хийх шаарлагатай юм шиг санагддаг. Хаана, ямар хүмүүс ихэвчлэн хүчирхийлэл үйлдээд байна, нийгмийн асуудал, ядууралтай холбоотой юу зэргээр маш сайн судлах хэрэгтэй. Ядуурлаас болж байгаа юу гэхээр баян хүн ч хүчирхийлэл үйлддэг байх л даа.

-ЦАГААН САРААР АЙЛ ХЭСЧ БУУЗ ИДЭХ ХАМГИЙН ГОЁ-

-Удахгүй цагаан сар болох нь. Жил жилийн сар шинийн баяраа хэрхэн өнгөрүүлдэг талаараа хуваалцахгүй юу?

Энэ жилийн сар шинийн баярын үеэр Япон, Австрали явах төлөвлөгөөтэй байгаа. Цагаан сар бол миний дуртай баяруудын нэг. Жил жилийн цагаан сараар ууц, ул боовоо засаад, дээлээ өмсөөд л бусдын адил баярладаг. Айл хэсч бууз идэх дуртай. Айл болгоны буузны амт өөр, өөр. Жилд хорь гаруй айлаар орж буузыг нь амталдаг юм. Өнгөрсөн жил гэхэд л Баян-Өлгийд цагаан сараа өнгөрүүлсэн. Тэндэхийн Казак айлууд сар шинийн баярыг тэмдэглэдэггүй юм билээ. Харин үндэсний цөөнх болсон Урианхай малчин айлуудаар орж бууз идсэн. Машин очдоггүй, өндөр уулан дээр гэрээ барьсан айлд орж байлаа.

-Таны нөхөр юу хийдэг, ямархуу хүн байдаг бол гэдгийг уншигчид маань сонирхож байгаа байх аа. Амжилттай яваа эмэгтэйн ард хэн байна вэ?

-Миний хань Монгол хүн. Нөхөр бид хоёр огт өөр үзэл бодолтой хүмүүс. Хобби, сонирхдог зүйлс, ертөнцийг үзэх үзэл гээд бүгд өөр. Манай хүн аливаа зүйлд их нямбай ханддаг, цэвэрхэн байх дуртай. Харин би эсрэгээрээ жаахан замбараагүй. /инээв.сурв/ Одоо зөгийн аж ахуй дээрээ хамт ажилладаг. Бид хоёр хэд хэдэн бизнес хамтарч эхлүүлж байлаа. Тухайлахад, айл гэрийн цэвэрлэгээний сервис ажиллуулдаг байсан. Энэ нь манай гэрийн бодит жишээ нь дээрээс үүссэн санаа юм л даа. /инээв.сурв/ Би гэр цэвэрлэгээний ажил хийх дургүй, чаддаггүй. Хувцас ч угааж үзээгүй, угаалгын машин ажиллуулж чаддаггүй. Над шиг эмэгтэйчүүд олон байгаа гэдэг үүднээс айлын гэр цэвэрлэх үйлчилгээгээ санаачилсан. Монгол айлууд хивс ихтэй учраас хивсийг нь гоё угаагаад, гэрийг нь цэвэрлээд өгчихдөг компани байгуулъя гэж шийдэж байлаа. Гэтэл манай нөхөр хүнээр юм хийлгэх дургүй, хүнд даатгаж итгэж чаддаггүй. Өөрөө л бүгдийг нь хийгээд гүйчихнэ. Компанийхаа айл гэр цэвэрлэгээний ажилд өөрөө арван жил гүйсэн шүү дээ, манай хүн. Зөгийн аж ахуйтай болсноос хойш больсон доо. Зөгийн маллах ажилд бид хоёр идэвхийлэн орсон. Бас л нямбай хөдөлмөр шаардсан ажил.

-Гэр орныхоо цэвэрлэгээний ажлыг нөхөр тань бас бүрэн хариуцдаг байх нь ээ?

-Тийм. Хоолыг бол би хариуцна. /инээв.сурв/ Гадуур хоолонд орвол мөнгийг нь би гаргадаг. Харин гэр орны цэвэрлэгээний ажлыг болоод цэвэрлэгээний бок, саван авах ажлыг нөхөр маань бүрэн хариуцдаг.

-ХЯТАД УЛС РУУ ЗӨГИЙН БАЛ ЭКСПОРТЛОХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА МАШ ИХ БИЙ. ХАРАМСАЛТАЙ НЬ ЭКСПОРТЫГ ЗОХИЦУУЛСАН ЖУРАМ АЛГА-

-Зөгийн балны аж ахуйн ажил тань ямар явцтай байна вэ. Шинэ соргог мэдээтэй юу?

-Бидэнд Хятад руу зөгийн бал экспортлох шаардлага маш их бий. Нэгдүгээрт хил залгаа ойрхон, хоёрдугаарт маш том зах зээлтэй, гуравдугаарт мөнгөтэй. Авъя гэсэн санал ч олон ирдэг. Гэхдээ бид хоёр улсын хооронд зөгийн бал оруулж гаргадаг улс төрийн гэрээ хэлцэл байхгүйн улмаас гаргаж чадахгүй байна. Зөгийн балны тухай хууль, журмууд хэрэгтэй байна. Хятадын зүгээс “Танай улсад зөгийн балны тухай ямар журам үйлчилдэг вэ” гэж асуухад л бид хариулт өгч чадахгүй байгаа. Улс төрчид үүнийг анхааралдаа авч, хөрш орон руу зөгийн бал экспортлох боломж, гарц гаргалгааг нээж өгөөч гэж гуймаар байна.

-Улс төрийн нөлөө бүхий хүмүүст энэ асуудлаа хэлж, хөөцөлдөж үзэж байв уу?

-2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд Хятадын талд энэ хариугаа өгөх ёстой байсан. Гэхдээ чадсангүй. Шинэ оны үеэр олон хоног дарааллаад амарчихлаа. Саяхан твиттер хуудсандаа хэд хэдэн улс төрчдөд хандан уриалга гаргасан. Одооноос Хятадын элчин сайдын яамныхантай төдийгүй монголын улс төрчидтэй уулзаж энэ ажлаа идэвхтэй хөөцөлдөнө гэж бодож байна. Томоко олон юм яриад яваад байна гэж бодож магадгүй. Гэхдээ Хятад руу зөгийн бал экспортлодог болчихвол олон хүн ажлын байртай болохоос гадна энэ салбар монголд хөгжих боломжтой. Үр дүнтэй ажил гэж харж байна.

-Цаг зав гарган ярилцсанд маш их баярлалаа танд.

Таг

Холбоотой мэдээ

5
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
4 Сэтгэгдлүүд
1 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
You
You

Ug ni hun iim l bh heregtei zaaval irgenshilee solih shaardlagagui

Зочин
Зочин

Харин үндэсний цөөнх болсон Урианхай м***чин айлуудаар орж бууз идсэн Urianhai humuus uvug deedsiin nutag deeree yapon avgaigaar undesnii

Зочин
Зочин

Жиргээнд Монголчуудыг байнга доошоо хийнэ муулна.Манайхан тэрийг нь яг хэллээ үнэнийг хэллээ гэж хүлээж авна.Тэгсэн мөртөө Мон-с явдаггүй.

Зочин
Зочин

22 жил болсон хүн гэхэд Энэ зэргийн хэл сур***гүй яахав дээ. Хаана хэн ч биш хүн л Монголд од болох юм.

seldeg
seldeg

goyo sht

Back to top button