Европын холбоо Зеленскийг баталсан шинэ хуулиа тайлбарлахыг хүслээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт /2025.07.22/ маргаан дагуулсан хуулийн төслийг баталсан. Тэрхүү хуулийн төсөл нь авлигатай тэмцэх байгууллагуудын хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх үр дүнтэй юм. Хуулийн төслийг батлахаас өмнө украинчууд засгийн газрын ордныхоо өмнө томоохон жагсаал хийсэн. Эсэргүүцэл их байсан ч гэсэн Зеленский тус хуулийг баталсан юм.
Тэгвэл Европын комисс өнгө аясаа чангатгаж, тус комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Зеленский рүү залган шинэ хуулийн тухайд их хэмжээгээр санаа зовниж буйгаа илэрхийлэн, тайлбар өгөхийг шаарджээ. Лхагва гарагт /2025.07.23/ Европын комиссын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Хуулийг дээдэлж, ёсыг хүндэтгэн, авлигатай тэмцэх нь Европын холбооны үндсэн элемент. Нэр дэвшигч орны хувьд Украин эдгээр стандартыг бүрэн дагаж мөрдөнө гэх хүлээлт бий. Ямар ч буулт хийх боломжгүй” гэсэн байна.
Шинэ хуулийн дагуу Украины авлигатай тэмцэх хоёр хороо ерөнхий прокурорын мэдэл дор орж байгаа юм. Ерөнхий прокурор нь улс төрийн томилгооны албан тушаал билээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.