Б.Жавхлан: Төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирж байгаа саналыг шууд батлана гэсэн үг биш

Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар болон 2026 оны Төсвийн төслийu төлөвлөх үйл явцын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,
"2026 оны төсвийн төслийг төлөвлөх үйл явц хэзээ эхэлдэг вэ гэхээр өмнөх жилийн төсөв батлагдсаны дараанаас эхэлдэг. Жилийн дундуур буюу 6 сарын дундуур тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар баталдаг. Төсвийн орлого зарлага, макро эдийн засгийн тоон үзүүлэлт ийм хязгаарт байна шүү гэдгээ хэлэлцдэг. Дараа жилийн төсвийн төслийг мөн тодорхой хязгаарт багтаж төлөвлөж, хэлэлцэнэ. Сангийн яаманд ирсэн саналуудыг нэгтгэж, боловсруулаад 8 дугаар сарын 15-нд Засгийн газарт танилцуулаад 9 сарын 1 хүртэл хэлэлцээд өргөн барьдаг хуультай.
2024 оноос мөрдөж эхэлсэн 2023 оны Төсвийн хууль дотор батлагдсан шинэ зүйл нь, 8 сарын 15-нд хэлэлцүүлээд өргөн барих хүртэл хугацаанд олон нийтэд танилцуулах, салбар болгоноор хэлэлцүүлэх үүрэгтэй. Энэ хугацаа нь хараахан болоогүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу сайдууд яамдуудын хүрээнд саналуудаа илтгээд нэгтгэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Иймд яамдууд, орон нутагт төсвийн ерөнхийлөн захирагч нар тухайн жилийн төлөвлөгөө, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг олон бичиг баримтуудад нийцүүлж өргөн барих ажил бий" гэв. Мөн,
-Ирэх оны төсвийн төслийг төлөвлөх энэ чухал шатанд УИХ-ын гишүүдэд 15 тэрбумыг хуваарилах гэж байгаа, өөрөөр хэлбэл лоббидсон асуудлыг М.Нарантуяа-Нара гишүүн бичсэнд та тайлбар өгөөч?
-Төсөв Үндсэн хуулиараа гурван үе шаттай. Төсвийг төлөвлөх үүрэг нь Засгийн газар дээр, батлах үүрэг нь УИХ дээр бий. 2026 оны хувьд төлөвлөх шатанд явж байгаа учраас УИХ-ын гишүүд ,яамд, иргэдээс ч санал авах үүрэгтэй. Төсвийн ерөнхий хуулийн 281-р зүйлд 9-р сарын 1-нд Төсвийг өргөн барихаас өмнө, төлөвлөх шатанд нь олон нийтэд танилцуулж, санал авна" гэж заасан байдаг. УИХ-ын гишүүдийн хувьд төсөвт санал өгөх, иргэд сонгогчдын хүсэлт, саналыг тусгаж, уламжлах үүрэгтэй хүмүүс. Тиймээс гишүүдээс ирж байгаа саналуудыг танилцуулдаг. Гол нь тодорхой шаардлагуудтай. 4 жилийн болон тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөө, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал руу шилжсэн учраас энэ хөтөлбөртэй нийцэж байна уу, микро түвшинд Төсвийн хуультай нийцэх ёстой байдаг. Ийм төслүүдийг Засгийн газар саналын түвшинд хүлээж авна гэсэн үг. Төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирж байгаа саналыг төсөлд шууд тусгана гэж ойлгож болохгүй. Төлөвлөх шатанд ирж байгаа саналууд гэж ойлгох хэрэгтэй" гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.