А.Мягмар: Ховд аймагт ачаалал нэмэгдэж, шатахуун тасалдсан. Ойрын өдрүүдээс хэвийн болно

Ховд аймгийн Ховд хотын шатахуун түгээх станцын гадна иргэд бензин шатахуун авахаар урт цуваа үүсгэн дугаарлаж байгаа талаар иргэдээс мэдээлэл ирсэн билээ.
Бид энэ талаар Ховд аймгийн Газрын тосны газрын мэргэжилтэн А.Мягмартай холбогдож дараах зүйлийг тодрууллаа.
-Иргэдээс ирсэн мэдээллээр шатахуун тасарч магадгүй нөхцөл үүссэн гэдэг мэдээлэлтэй байсан. Бодит нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөөч?
-Сүүлийн 2-3 хоногт шатахууны нөөц багассан нь үнэн. Энэ жил баяр наадмын өдрүүдэд аймаг, сумдаар зорчих дотоодын жуулчид их байсан учраас нөөц хугацаанаасаа өмнө дуусах дөхсөн л асуудал бий.
-Импортод ямар нэг асуудал үүссэн үү?
-Үгүй. Хэвийн байгаа.
-Үнэ нэмэгдэх вий гэсэн иргэдийн болгоомжлол бас байна?
-Үнэ нэмэгдэхгүй. Ховд аймагт ачаалал их байсан болохоор нөөц наана нь дуусах нөхцөл үүсэж, шатахууны цэнэглэлт хийх хугацаанд л иргэд тасарч магадгүй гээд дугаарласан байна. Түүнээс үнэд ямар ч өөрчлөлт орохгүй. Ойрын өдрүүдэд буцаад хэвийн болно.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.