Эдийн засгийн мэдээ

Улсын хэмжээнд ₮700 мянгаас доош орлоготой өрх 76.4 мянга байна

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2025 оны 2 дугаар улирлын дүнгээр 2020 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.9 сая төгрөг болж, өмнө оны мөн үеэс 138.9 (8.0%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 62.4 (3.4%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 119.3 (7.3%) мянган төгрөгөөр өмнөх улирлаас 45.1 (2.7%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Бодит орлогын өсөлтийг төрлөөр задалж үзвэл, өмнөх оны мөн үеэс цалин хөлсний орлого 92.8 (10.1%) мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 10.8 (11.5%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь бодит нийт орлого 8.0 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Нэг өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 3.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 442.0 (17.6%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 133.7 (4.7%) мянган төгрөгөөр, мөнгөн орлого 2.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 397.3 (16.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 104.3 (3.9%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Мөнгөн орлогын бүтцийг авч үзвэл, мөнгөн орлогын 57.9 (1.6 сая) хувийг цалин хөлсний орлого, 21.6 (593.9 мянга) хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого, 7.5 (206.0 мянга) хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, 7.0 (194.0 мянга) хувийг бусад орлого, 6.0 (164.7 мянга) хувийг хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого бүрдүүлж байна.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2025 оны 2 дугаар улиралд 700.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 76.4 (7.6%) мянга, 700.0-1600.0 мянган төгрөгийн орлоготой өрх 233.2 (23.2%) мянга, 1.6-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 308.6 (30.7%) мянга, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 387.0 (38.5%)
мянга байна. Мөнгөн орлогын бүлэглэлт тус бүрээр өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл,

  • 700.0 мянга төгрөгөөс доош орлоготой өрх 33.1 мянгаар,
  • 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 17.5 мянгаар,
  • 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 7.7 мянгаар,
  • 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 2.7 мянгаар,
  • 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 30.2 мянгаар буурсан бол,
  • 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 4.5 мянгаар,
  • 3.0-4.0 сая төгрөгийн орлоготой өрх 6.6 мянгаар,
  • 4.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 89.7 мянгаар нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд 2025 оны 2 дугаар улирлын байдлаар сард 700.0 мянган төгрөг хүртэлх орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 80.4 хувийг, 700.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 67.1 хувийг, 1.1- 1.6 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 54.2 хувийг тус тус тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа бөгөөд өрхийн мөнгөн орлогын хэмжээ нэмэгдэхийн хэрээр тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь буурч байна.

Нөгөөтэйгүүр, өрхийн мөнгөн орлогын хэмжээ нэмэгдэхийн хэрээр цалин хөлсний орлогын эзлэх хувь хэмжээ өсөж байна. Тухайлбал, сард 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 35.9 хувийг, 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 66.3 хувийг цалин хөлсний орлого бүрдүүлж байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button