Гэмт хэрэг

Эрүүл мэндийн шалтгаанаар суллагдаад дахин саатуулагдсан Ц.Санжаачойпэл энэ сарын 29-нд суллагдана

Сүхбаатар дүүргийн 3-р хороо ХААН банкны өөдөөс харсан “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн орчим бүлэг зодоон болсон. Энэ зодооны гол оролцогчдын хувьд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Баатарсайханы Амарсайхан, Л.Алтан-Очир .

Уг зодоонд 25 настай С хохирч, нүүрний яс цөмөрсөн, нэг нүдний хараа алдсан оноштойгоор ГССҮТ-д эмчлүүлж, хавсарсан олон гэмтэл шархтай гэх оноштойгоор гадаад руу эмчлүүлэхээр явсан байдаг.

Тухайн үед хохирогчийн аав Д.Дашзэвэг өөрийн нүүр хуудастаа "Хүүгээ өнөөдөр эмчилгээнд гадаад улс руу явууллаа. Гэмт хэргийн улмаас авсан гэмтэл нь хавсарсан олон хэмхрэл гэмтлүүдтэй маш хүнд хагалгаа эмчилгээ шаардлагатай байсан тул ар гэрийн зүгээс хүсэлт гарган гэмтлийн эмнэлгийн эмчлэгч эмч нараас зөвлөгөө зөвшөөрөл авч эмчилгээд явууллаа. Хүүг минь хүлээн авч яаралтай тусламж эмчилгээ үзүүлэн эмчилж өгсөн Гэмтлийн эмнэлгийн эрдэмт эмч нартаа талархал илэрхийлье. Мөн энэ хугацаанд миний хүүгийн төлөө санаа зовж залбирч байсан бүх хүнд баярлалаа" хэмээсэн билээ.

Олон нийтийн газар хүн зодож танхайрсан, энэ үеэрээ мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг гурав нь баривчилгаанд нэг нь гадаадад зугтаж яваа. Учир нь юу вэ гэвэл Баатарсайханы хүү Амарсайхан долдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан. Түүнийг долоодугаар сарын 27-ны өдөр Монголд ирж мэдүүлэг өгч, хар тамхины шинжилгээ өгөх байсан ч ирээгүй 21 хонолоо. Түүнийг Монголд ирж, хэрэгт холбогдох байцаалт, шинжилгээ зэргийг өгвөл энэ хэргийн мөрдөн байцаалт дуусаж прокурор руу шилжих учиртай. Гэтэл одоог хүртэл Монголд ирээгүй, аль улсад байгаа нь тодорхойгүй нөхцөл байдалтайгаар эрэн сурвалжилсаар буй.

Харин нөгөө гурван этгээдийн хувьд анх 48 цагийн хугацаатай цагдан хоригдож суллагдаад /2025-07-23/-ны өдөр прокурор эсэргүүцэл бичсэнээр тэднийг үргэлжлүүлэн дахин 30 хоног цагдан хорихоор болсон. Мөн сэжигтэн Лувсандоржийн Алтан-Очирыг ч 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан.

Гэтэл Ц.Санжаачойпэл баривчлах хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө эрүүл мэндийн шалтгаантай хэмээн өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт өгч, шүүгч хүлээн авснаар /2025-07-08/-ны өдөр суллагдсан.

Харин түүнийг суллагдсанд прокурор эсэргүүцэл бичиж /2025-08-15/-нд дахин шүүх хурал болж, таслан сэргийлэх 30 хоногийг дуустал хорих шийдвэр гаргасан. Ингэснээр эрүүл мэндийн шалтгаантай хэмээн гадуур 7 хоносон Ц.Санжаачойпэл наймдугаар сарын 29-ний өдөр суллагдахаар болсон гэсэн үг. Харин түүнтэй хамт хоригдсон Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын баривчилгаа энэ сарын 22-ны өдөр дуусгавар болох товтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button