“Хятад улс удахгүй XIV таван жилийн төлөвлөгөөг амжилттай өндөрлөж, дэлхийн үүргээ тууштай үргэлжлүүлнэ”

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаны бичсэн нийтлэлийг хүргэж байна.
Шэнь Миньужан:
Энэ жил БНХАУ-ын Арван дөрөв дэх таван жилийн төлөвлөгөөний төгсгөлийн он юм. Сүүлийн таван жилийг эргэн харахад, зуун жилд тохиох өөрчлөлтүүд түргэсэж, олон улсын нөхцөл байдал гүнзгий өөрчлөгдөв. Ялангуяа энэ оноос эхлэн АНУ-ын тарифын бодлого дэлхийн эдийн засагт ноцтой цохилт өгч, тогтворгүй, тодорхой бус хүчин зүйлс эрс нэмэгдлээ. Харин Хятадын эдийн засаг дарамт шахалтыг даван туулж, хүчирхэг эрч хүч, сөрөн тэсвэрлэх чадвараа харуулан, дэлхийн хөгжил дэвшлийг хөтлөгч хамгийн тогтвортой, хамгийн найдвартай, хамгийн идэвхтэй хүч хэвээр байлаа. Хятадын эдийн засаг тогтвортой урагшилж буй нууцыг задлан шинжилбэл, гурван гол онцлог шинж чанарыг олж харж болно.
Нэгдүгээрт, тогтвортой байдал бол Хятадын эдийн засгийн бэхэлгээ юм. Энэ оны эхний хагаст, Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үеэс 5.3%-иар өсөж, жилийн 5%-ийн өсөлттэй байх зорилтын эхний хагаст амжилттай хүрлээ. Хятадын онцлогтой социалист тогтолцоо, асар том зах зээлийн цар хүрээ, бүрэн цогц үйлдвэрлэлийн тогтолцоо, баялаг хүний нөөц зэрэг хүчин зүйлсийн ачаар Хятадын эдийн засаг олон жилийн турш дунджаар 5.5 орчим хувийн өсөлтийг тогтвортой хадгалж, үйлдвэрлэлийн салбар, бараа бүтээгдэхүүний худалдаа, гадаад валютын нөөцөөр тус тус дэлхийд нэгдүгээрт удаа дараалан бичигдэж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулж буй хувь нэмэр нь 30 хувиас давсан буюу жинхэнэ утгаараа дэлхийн эдийн засгийн “гол хөдөлгүүр”, “тогтвортой бэхэлгээ” болж байна. Олон улсын валютын сан саяхан энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 0.8 нэгж хувиар дээшлүүлж, Хятадын эдийн засагт “итгэлийн тасалбар” олгов.
Хоёрдугаарт, инновац бол Хятадын эдийн засгийн сэлүүр юм. Инновацад суурилсан хөгжлийн стратегийн удирдлага дор шинжлэх ухаан, технологийн томоохон багц нээлтүүд тасралтгүй гарч байна. БНХАУ-ын анхны сансрын станц “Тяньгун” байгуулагдан бүрэн ашиглалтад орж, “Deepseek” зэрэг хиймэл оюун ухааны моделиуд хурдацтай шинэчлэгдэн хэрэглээнд нэвтэрч, бие даан зохион бүтээсэн “Хунмэн” систем зүйлсийн интернэтийг бүтээж байна. Эдгээр ололт амжилт бүхний цаана, дэлхийд хоёрдугаарт ордог судалгаа, шинжилгээнд зориулсан хөрөнгө оруулалт, дэлхийн хамгийн том судалгаа, хөгжүүлэлтийн баг хамт олон, 460 мянга гаруй орчин үеийн өндөр технологийн компаниуд оршиж буй нь Хятадын инновацад тулгуурласан хөгжлийн бат бөх суурь болж байгаа юм.
Хятадын эдийн засагт шинжлэх ухаан, технологийн ахиц дэвшлийн оруулж буй хувь нэмэр 60 хувиас давсан байна. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал саяхан БНХАУ-д айлчлан, 2025 оны Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалтад оролцсон бөгөөд чуулга уулзалт нь Хятадын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, робот, гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх систем зэрэг салбарт хиймэл оюун ухааныг өргөнөөр ашиглаж буйг харуулсан. Хятадын инновац өдгөө мянга мянган салбарын хөгжилд хүч нэмж, сая сая өрх айлд хүрч, эдийн засгийн өсөлтийн илүү тогтвортой, илүү хүчирхэг хөдөлгөгч хүч болж байна.
Гуравдугаарт, нээлттэй байдал бол Хятадын эдийн засгийн далбаа юм. Хариуцлагатай их гүрний хувьд Хятад улс нэг талт бодлогыг тууштай эсэргүүцэж, өндөр түвшний гадаад нээлттэй байдлаа өргөтгөсөөр байна. Энэ оны эхний хагаст Хятадын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 21.79 их наяд юаньд хүрч, түүхэн дээд амжилтыг тогтоосон ба 190 гаруй улс, бүс нутагтай хийсэн худалдааны хэмжээ өсөж, “Бүс ба Зам” санаачилгын хамтын бүтээн байгуулагч улс орнуудтай хийсэн худалдааны эзлэх хувь 51.8 хувьд хүрч өслөө. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болохын хувьд Хятад улс нээлттэй байр сууриараа дэлхийн эрэлт, хэрэгцээг тасралтгүй хангаж, үйлдвэрлэл ба ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хамгаалсаар ирсэн юм. Энэ оны эхний хагаст Хятад улсад шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо өмнөх оноос 11.7 хувиар өсөж, Tesla, Toyota, AstraZeneca зэрэг олон улсын компаниуд Хятадад байршиж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэн өргөжүүлж байгаа нь олон улс Хятадын зах зээлд итгэж буйг тод харуулж байна.
Монгол Улс бол БНХАУ-ын “Бүс ба Зам” өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтын чухал түнш юм. Хоёр улс ашигт малтмал, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан нөхөх давуу талуудтай бөгөөд сүүлийн жилүүдэд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа арвин үр дүнд хүрээд байна. Хятадын статистикаас үзэхэд, өнгөрсөн онд хоёр талын худалдааны нийт хэмжээ 18.26 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 10 хувиар өсжээ. Ганцмод – Гашуунсухайтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажлууд эхэлж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, боомтын дэд бүтцийн байгууламжийг шинэчлэх зэрэг ажлуудад эрчимтэй ахиц гарсан бөгөөд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц өгч, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж байна. Энэ сарын сүүлээр Хөх хотод зохион байгуулагдах V дахь удаагийн Хятад, Монголын экспод Монголын 500 гаруй аж ахуйн нэгж оролцох ба зарим компаниуд нь Хятад–Зүүн хойд Азийн XV экспод үргэлжлүүлэн оролцох юм. Мөн ирэх арваннэгдүгээр сард болох Хятадын VIII дахь удаагийн олон улсын импортын экспод Монгол тал улсын павильон байгуулж оролцох бөгөөд Монголын компаниуд Хятад болон бүс нутгийн зах зээлд нэвтрэхэд чухал талбар, боломжийг бүрдүүлэх юм.
Ирээдүйд, Хятад улсын хөгжлийн замналд хүндрэл, сорилтууд гарч ирсээр байх нь тодорхой боловч Хятадын эдийн засаг бат бөх суурьтай, олон давуу талтай, сөрөн тэсвэрлэх чадвар өндөр, нөөц боломж арвин тул урт хугацааны тогтвортой, өсөлттэй хөгжилд хүрэх бүрэн боломжтой. Энэ нь зөвхөн Хятадын үлгэр биш, харин дэлхий дахины нийтлэг зорилт бөгөөд Монгол Улс зэрэг улс орнуудад бодитой, үр дүнтэй хөгжлийн боломжуудыг авчрах юм. Хятад улсын эдийн засгийн ирээдүй гэрэлтэй, Хятад, Монголын хамтын ажиллагааны төлөв өргөн уудам байна!
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.