НИЙГЭМНийгэм мэдээ

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр хаалтаа хийнэ

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг боллоо. Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд болж буй фестиваль өнөөдөр өндөрлөнө.  

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулж, Монгол Улсын 21 аймаг, нийслэл өөрсдийн соёл, уламжлал онцлогийг Монгол түмэндээ болон манай орныг зорин ирсэн зочид, төлөөлөгчдөд үзүүлэн сонирхуулж байгаа юм. Соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 10 төрлөөр уралдаан, тэмцээн зохион байгуулагдаж байна. БНСУ-ын Өмнөд Чунчон аймгийн Сочоны ардын урлагийн хамтлаг, Гванжү хотын хөгжимчин Ким Хонг, И Жэ Ёон нарын уран бүтээлчид урлагийн тоглолтоо сонирхууллаа. Мөн Туркменистан Улс, ОХУ-ын Буриад Улсын оролцогчид язгуур урлагийн тоглолтоо “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зорин ирсэн үзэгчдэд хүргэлээ. Монгол Улсад анх удаа морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, шилдгүүдээ тодруулсан онцгой нэгэн ялалтын агшин Тайж хайрханы уулын бэлд бичигдсэн юм.   

Баруун бүсийн хүрээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын уран бүтээлчид, Төвийн бүсийн хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын уран бүтээлчид, Говийн бүсийн хүрээнд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын уран бүтээлчид, өвлөн уламжлагчид отоглож, зан үйл, язгуур урлагийн өргөө, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах өргөө, хүндэтгэлийн өргөөндөө өөрсдийн соёлын өв, урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэнг толилуулж байна.

Хөтөлбөрт багтсан уран бичлэг, quiz night, үндэсний соёлын загварын шоу, нээлттэй ярилцлага болон үндэсний тоглоом, наадгай зэрэг соёлын олон талт арга хэмжээг фестивалийн гурван өдрийн турш зохион байгуулж байна. “Монголын шувуучлахуй холбоо” үндэсний бахархалт Идлэг шонхор шувуу болон шувуулахуйн өвд багтдаг бусад махчин шувуудын онцлог шинж, ан хийх зан төрх, амьдралын хэв маягийг үзэгчдэд таниулан сурталчилж байгаа бол “Монгол банхар судлалын холбоо” нүүдэлчдийн аж амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон монгол нохдыг үзэгч олонд танилцуулсан нь фестивалийг зочдын анхаарал татсан арга хэмжээ болжээ.

Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд болж буй буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр хаалтаа хийнэ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button