НИЙГЭМ

Хэнтийгээс ирсэн Ч.Чинтогтохын гэр бүл: 3 хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд 3 саяыг зарцуулахаар байна

Зуны амралт зургаахан хоногийн дараа дуусаж, хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн хичээлийн шинэ жил тохиох гэж байна. Энэ үед өрх гэр бүлүүдэд тулгамддаг гол асуудал бол яах аргагүй хичээлийн бэлтгэл базаах явдал байдаг билээ. Иймд хүүхдийн хичээлийн бэлтгэл хангахад нэг өрхөөс хэдэн төгрөг зарцуулж буйг сурвалжиллаа.

Биднийг өдрийн 15.00 цагийн үед Нарантуул худалдааны төвд ирэхэд шинэ хувцас, цүнх, дэвтэр харандаагаа базаах гэж буй хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагчид зах худалдааны төвүүдэд гишгэх зайгүй холхиж байлаа.

Тэдний төлөөллөөс хичээлийн бэлтгэлд хэдэн төгрөг төсөвлөсөн, бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хэр өөрчлөгдсөн талаар тодрууллаа.

-Ч.Чинтогтох: Хэнтийгээс гурван хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангахаар ирсэн-

"Манай гэр бүл Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас хичээлийн бэлтгэлээ базаахаар Нийслэлд ирээд буй минь энэ. Хүүхдүүд маань энэ жил хоёр, гурав, тавдугаар ангид элсэн суралцах гэж байгаа юм. Бид нутгаасаа өнөөдөр ирсэн. Сая л захаар хэсэж, ханш судлаад явж байна. Гурван хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл болох бал, харандаа, дэвтэр тэргүүтнийг авлаа. Одоо үргэлжлүүлэн хувцас, ахуйн хэрэгслийг нь авах санаатай явна. Сүүлийн үеийн хүүхдүүд юм голж шилэхдээ гаргууд шүү дээ. Тиймээс бүтэн жил нөхөрлөх хичээлийн хэрэгслээ өөрсдөө сонгоод аваг гэж бодоод дагуулаад ирсэн "

-Хичээлийн бэлтгэлээ Улаанбаатар хотоос базаадаг болоод хэр удаж байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үнэ ханшид өөрчлөлт орсон байна уу?

-Хоёр дахь жилээ хотоос бэлтгэлээ хангаж байна. Манайх хөдөө суманд амьдардаг тул бараа бүтээгдэхүүн тэр бүр сонголттой байдаггүй. Улаанбаатар хүртэл 350 км яваад ирчихдэг учир хямд үнэ, сонголтоо бодоод хүрээд ирсэн юм л даа. Дэвтэр, бал гэх мэт хичээлийн хэрэглэгдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхээс нэг их өөрчлөгдөөгүй мэт санагдлаа. Харин хүүхдийн хувцас, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байгаа харагдлаа.

-Нэг хүүхдийн хичээлийн бэлтгэлд хэчнээн төгрөг төсөвлөж ирсэн бэ?

-Монголд бараа бүтээгдэхүүний үнэ буурна гэж байхгүй учир өнгөрсөн жилийнхээс үнэ нэмэгдсэн байх хэмээн санхүүгээ төлөвлөж ирсэн. Эхний ээлжид хувцас, хичээлийн хэрэгсэл авна гэж тооцон нэг хүүхдэд 1 сая төгрөгийг зарцуулна л гэж бодоод явна. Хөдөөний хүмүүс учир нэг ирснийх хэрэгцээнийх нь зүйлсийг бөөндөж аваад л явна.

-Гурван хүүхдийн хичээлийн бэлтгэл базаахад хэр хугацаа орохоор байна. Нутаг руугаа хэзээ буцах вэ?

-Маргааш буцна. Бид хотод ирээд удах дургүй. Дуу чимээ, үнэр, түгжрэл гээд стресстэх шалтгаан олонтой. Хөдөөний бид чинь хэрэгцээний юмаа захаас авчих санаатай ирдэг. Гэтэл зах худалдааны төвүүд нь хотынхоо төвд, түгжрэл дундаа байдаг нь хэцүү. Тиймээс хотынхоо зах руу худалдааны төвүүдээ нүүлгэчихвэл дээр санагддаг.

-Иргэн: Дөрвөн хүүхдийн хичээлийн хэрэглэгдэхүүн авахад сая гаруй төгрөг зарцууллаа-

"Дөрвөн хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг цуглуулаад явж байна. Манай бага нь хоёр настай энэ жил цэцэрлэгт орно. Харин нөгөө гурав нь нэг, гурав, тавдугаар ангид орж байгаа. Дөрвөн хүүхдэд хичээлийн хэрэгсэл цуглуулна гэдэг амаргүй юм байна. Дөнгөж хоёр улирлын хичээлийн хэрэгсэл, цэцэрлэгийн бэлтгэл хангахад нэг сая гаруй төгрөгийг зарцууллаа.

Эндээс зөвхөн цэцэрлэгээс гаргаж өгсөн жагсаалтын дагуу бэлтгэхэд 300 гаруй мянга болж байна лээ. Харин хоёрт нь сурагчийн дүрэмт хувцас авахад 200 гаруй мянга болсон. Уг нь сургуулийн хүүхдийн бэлтгэлд өндөр үнэ гарах болов уу гэж бодсон хамгийн балчиртаа буюу хоёр настай цэцэрлэгийн охинд хамгийн өндөр зардлыг гаргалаа. Одоо бэлтгэлийн хувцас, пүүз, болон бусад хэрэгцээний зүйлсийг нь авна. Бүтэн жилийн хэрэгцээг нэг дор авч яав ч чадахааргүй л байна.

Наад захын хэрэгцээний зүйлүүдийг авна гэж тооцоолоход гурван сая лав зарцуулах шинжтэй. Бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулаад үзэхээр нэмэгдээгүй бараа гэж алга. Гэхдээ хичээлийн хэрэглэгдэхүүн бусдаасаа харьцангуй бага өсөлттэй байгаа санагдлаа. Харин хувцас, ахуйн хэрэглээний барааны хувьд нэг бүртээ 5-20 мянган төгрөг лав өсчихжээ"

-11 настай Т.Буянжаргал: Хичээлийн хэрэгсэлдээ 1.3 саяыг зарцуулсан-

"Өөрийнхөө хичээлийн бэлтгэлийг ээж, аавтайгаа өчигдөр бэлдээд дууссан. Уг нь гэрээсээ 1.5 сая төгрөгтэй гарсан л даа. Гэтэл бараг 1.3 сая нь зөвхөн миний хичээлийн бэлтгэл хангаад дуусчихсан шүү. Миний хамгийн үнэтэй худалдан авалт бол 130 мянгаар авсан пүүз байсан. Мөн бэлтгэлийн хувцсаа тооцоолж байснаасаа үнэтэй авсан санагдаж байна.

Би уг нь 53 дугаар сургуульд сурдаг байсан юм л даа. Харин энэ жилээс хөдөө рүү шилжихээр болсон юм. Шинэ сургууль, шинэ найзуудтай болох тул нэлээд догдлолтой л байна. Гэсэн ч хуучин сургуулиа, багшаа, найзуудаа зөндөө санах байх гэсэн бодол бас төрж байна. Харин өнөөдөр дүүгийнхээ хичээлийн хэрэгсэл авахад нь хань болоод, туслаад явж буй. Бид өглөө Нарантуул худалдааны төвд ирсэн. Одоогоор хичээлийн хэрэгсэл зардаг лангуунаас худалдан авалт хийгээд зогсож байна. Нийтдээ 150 мянга орчим төгрөг зарцууллаа. Дүү минь энэ жил хоёрдугаар ангид орж буй"

-Иргэн Батмөнх: Цэцэрлэгийн насны гурван хүүхдийн хичээлийн бэлтгэлд 2 сая төгрөг зарцуулагдахаар байна-

"Нэг, хоёр, таван настай гурван хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг цуглуулаад явж байна. Зөвхөн дэвтэр, бал, харандаа зэргийг авахад 100 гаруй мянгыг зарцуулчихлаа. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үнэ өссөн санагдлаа. Энэ үнийн өсөлт хаанаас явагддаг болохыг мэдэх юм алга. Гэхдээ энгийн иргэд үнийн хөөргөдлийн гол хохирогч болж байгаа нь илт л байна. Энэ захаар яваад үзэхэд бүх барааны үнэ өсчихсөн, худалдан авалт хийгээд явж байгаа хүмүүс дор бүрнээ үнэ өссөн байна, иргэдийн амьдрал хэцүү байна гэх юм.

Сая орж ирээд зөвхөн хичээлийн хэрэглэгдэхүүн л авлаа. Одоо хувцас болон бусад хэрэгцээний зүйлсийг авна гэж тооцвол хамгийн багадаа 2 сая төгрөг гарахаар л байна. Гурван хүүхдэд хоёр сая төгрөг зарцуулна гэдэг нэг өрхийн хувьд хүнд л даваа. Энэ бэлтгэлээрээ бүтэн жил сурчихдаг бол сайхан л байна. Гэтэл нэг, хоёрхон улиралдаа хүрэх нь үү гэх горьдлоготой л яваа шүү дээ. Би тэтгэвэр 600 мянга гаруйг авдаг. Гурван сарынхаа тэтгэврээс нэг ч төгрөг үрэхгүй ирээд л хүүхдүүдийнхээ бэлтгэлийг хангаж байна"

"Ээжтэйгээ хичээлийнхээ бэлтгэлийг хангаад явж байна. Томчууд тэр бүр бидний сонирхолд нийцсэн худалдан авалт хийдэггүй учир өөрөө цуглуулсан нь амар байдаг юм. Пүүз, бэлтгэлийн хувцас, цэнхэр цамц, жинсэн өмдөө маргааш цуглуулна. Харин одоо хичээлийн хэрэглэгдэхүүнээ аваад явж байна. Зуны амралт их хурдан дууслаа. Удахгүй хичээл эхэлнэ гэхээр нэлээд догдлолтой. Ер нь жил бүрийн хичээлийн шинэ жил гоё мэдрэмжүүдээр дүүрэн байдаг даа"

"Удахгүй нэгдүгээр ангид орно. Хичээлийн бэлтгэлд дэвтэр, харандаа, хайч гээд л ээжийн хэрэгтэй гэж хэлсэн бүхнийг л аваад явж байна. Цэцэрлэгт явдаг байхдаа өдөрт нэг удаа унтаж, гурван удаа хооллодог байсан бол сургууль унтдаггүй, нэг удаа л хооллодог гэсэн. Шинээр элсэн суралцах гэж байгаа сургуульдаа очиж үзсэн. Цэнхэр өнгөтэй л юм байна лээ. Багш нь сахилгагүйтсэн хүүхдийг загнадаг байх гэж бодож байна. Цэцэрлэгт байхдаа хичээлийн бэлтгэлээ сонгоход өөрөө оролцдоггүй, ээж сонгоод өгчихдөг байсан л даа. Энэ жил өөрийнхөө хэрэглэх зүйлсээ цуглуулаад явтал яг л том хүн болсон юм шиг санагдаж байна. Мөн цэцэрлэгийн дүүгийнхээ хичээлийн хэрэглэгдэхүүнийг авна. Ээждээ өргөж явахад нь тусална"


-Худалдаа эрхлэгч: Дэвтэр 280-2400 төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жилийнхээс үнэ өөрчлөгдөөгүй-

Бид цааш худалдаа эрхлэгчдээс үнийн мэдээлэл, өнгөрсөн оны мөн үеэс хэр өөрчлөгдсөн талаар тодруулан асуусан юм. Ингэхэд "Хичээлийн бэлтгэлээ хангаж явж байгаа хүмүүсийн дийлэнх нь дэвтэр, үзэг, зургийн дэвтэр зэргийг авдаг. Дэвтрийн үнэ хуудсаасаа хамааран өөр өөр үнэтэй байгаа.

  • 12 хуудастай нь 280
  • 24 хуудастай нь 700
  • 36 хуудастай нь 900
  • 48 хуудастай нь 1100
  • 60 хуудастай нь 1500
  • 96 хуудастай нь 2400 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Миний хувьд Нарантуул худалдааны төвд олон жил бичиг хэргийн барааны лангуу ажиллуулж байгаа. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн болон импортын бараа худалдан борлуулдаг. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад үнийн өсөлт тогтвортой. Ер бичиг хэргийн бараа бүтээгдэхүүний өсөлт бусад бараатай харьцуулахад үнэ хөөрөгдөлд орох нь бага байдаг" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЦАРАЙ АЛДАХАА БОЛЬ
ЦАРАЙ АЛДАХАА БОЛЬ
8 сар 26, 2025 08:04

ЗУНЖИН ЗУГААЛАХАД МӨНГӨӨ ХАРАМЛААГҮЙ БАЙЖ ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ АВАХ ҮЕДЭЭ БАЙНГА ГОНШИГНОНО. ӨӨРСДӨӨ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАСАН БАЙЖ СУРГУУЛЬД СУРЧ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ НЬ ТОДОРХОЙ БАЙХАД ЯДАЖ ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОВСРОЛТОЙ БОЛЧООЧ. САРД 1 ХҮҮХДЭД 35-40к ХАДГАЛААД ЗУРШИЛ БОЛГОСОН ГЭР БҮЛ НАМАР НЬ ИНГЭЖ ГОНШИГНОХГҮЙ

Зочин
Зочин
8 сар 26, 2025 08:24

Ёстой зөв хэллээ!!!

Zochin
Zochin
8 сар 26, 2025 08:42

Harin mundag aav baina. Huuhduudee daguulj ireed gar tatahgui songuulj yumi n beldjee.

Холбоотой мэдээ

Back to top button