Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоног болоход 29 хоног үлдлээ

2025.06.17-нд 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилж, Засгийн газрыг байгуулсан. Байгуулагдаад өнөөдөр 71 хонож байна. 100 хоног нь болоход ердөө 29-хөн хоног үлдлээ. Есдүгээр сарын 25-нд 100 хоногийнхоо тайланг тавина. Яг энэ үеэр Ерөнхий сайдаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд олгосон 100 хоногийн тоолуур ч гүйцнэ. Тэр салбартаа үүссэн асуудлуудыг эмхэлсэн байх үүрэг авсан.
Засгийн газар ч, Б.Чойжилсүрэн ч 100 хоногийнхоо 70 хувьд нь чухам юу хийж амжуулав аа, үлдсэн цөөхөн хоногууддаа юу хийх юм бэ.
ТЭЦ-3-т осол болж, хүний амь эрсэдсэн харамсалтай үед ажлаа хүлээж авч байлаа. Энэ утгаараа дулаан, цахилгааны цэгээс ажлаас эхлүүлсэн. Хан-Уул дүүрэг “хөлдөх” бодит эрсдэл бий болчхоод буй үед Засгийн газрын зүгээс авсан эхний арга хэмжээ нь онцгой дэглэм тогтоож, БЭТ-өөр Н.Тавинбэхийг томилсон явдал. Дарга нар үйлдвэрээ засах хугацаанд дутагдсан эрчим хүчийг импортлох шийдэл ярьцгаасаар ирэв. Одоо Н.Тавинбэх хэрхэн цэгцэлж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн юу амжуулж, Засгийн газар нь яажшуухан анхаарч байна вэ гэдэг нь сонин шүү.
Сүүлийн үед Ерөнхий сайд цахим орчин дахь “пиар”-таа сайтар анхаарах болов. Малгайтай улаан цамц өмсчхөөд “Рио Тинто”-гийн цэцэрлэгт сууж, e sport-ийн үзэгч болж хувирч ч байх шиг. Мөн сав л хийвэл “иргэдээсээ асууя” гэдэг арга барил ашигладаг болов. Засгийн газрынхаа төлөвлөгөөг ч, ирэх оны төсвөө ч, татвараа ч асууж байна. Авчиг асууж байгаа сэдвээ хэрхэн ажил хэрэг болгож байгаа нь тодорхойгүй. Хүлээлт биелэх үү гэдэг эргэлзээ дагуулсаар байна.
Түүнээс улс төрийн дорвитой алхам хүлээх, шаардах цаг биш ч ажлын эхний 100 хоног нь хаяанд ирчхээд байна.
Жишээ нь, хамгийн ойрын сэдэв өвөлжилт. Баруун аймгуудын нутгаар өвөлжилт хүндэрнэ гэдгийг зарлачихсан. Өвс хадлан, тэжээл бордоогоо өөр аймгуудаас татан бэлтгэхийг нэг нэгэндээ үүрэгдсэн олон дарга нар. Машин машинаар өвс, хивэг зөөсөн зураг хөргөө авхуулахгүйн тулд одооноос бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй байдаг. Алсын сонгуулиа бодсон гишүүд, сайд нар малчдад танигдах, оноо авах боломж гэж харахаас ч сийдэггүй шүү дээ.
Нөгөө талаар нийслэлийнхэн юу түлэх нь одоо хүртэл эргэлзээтэй. Иргэд нэгдсэн ойлголт аваагүй байна. Машиныг тэгш сондгойгоор ялгаж байгаа юм шиг долоо хоногоос ээлжилж түлэх онигоо ч гарав. Хүйтрэхээс өмнө хэл ам дагуулсан шинэ түлшний асуудал нэг тийш болгох бодит шаардлага үүсчхээд байна.
Намрын сэдэв дотор валютын ханш, инфляц, үнийн өсөлтийг бууруулах асуудлууд багтана.
Шинэ Засгийн газраас хүлээж буй хэдэн тодорхой сэдэв бий.
- Алтны үнэ өндөр байгаа цаг үеийг ашиглая гэж өмнөх Засгийн газар “Алт-3” аяныг санаачилсан. Үүнийг одоо ч хэлэлцэхгүй байна.
- “Оюу толгой”-н хэлэлцээ буюу “Онтрэ”-гийн асуудлыг зуны турш О.Батнайрамдал гишүүнээс өөр хөндөж, ярьсан хүн алга.
- MCS- ээс “Ухаа худаг”, MAK-аас Нарийнсухайт, Х.Баттулгаас “Төгрөг нуур орд” авах асуудалд хуруугаа ч хөдөлгөсөн зүйл одоогоор алга. Өөрөөр хэлбэл стратегийн ордын хэлцэл хийх эсэх нь бүрхэг. Орд бүр дээр БЭТ томилох шийдэл ч бүрэн нэг тийш болоогүй хэвээр.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.