Улс төрийн мэдээ

О.Цогтгэрэл бүлгийн даргаа Л.Гантөмөрт өгч, өөрөө намын даргад өрсөлдөнө

Ардчилсан намын ҮБХ өнөөдөр хуралдана. Араас нь ням гарагт Их хурлаа зарлаад байгаа.

Товчхондоо, өнөөдөр шинэ намын даргаа аль бүтэц дээр сонгох вэ гэдгээ шийдэх чигтэй байгаа юм. Тэр дундаа эхэлж намын дүрмийг өөрчлөх үү, даргаа юу гэдгийг нэг тийш болгох нь хамгийн чухал байна.

Энэ дундуур хамгийн хүчтэй фракцын төлөөлөл болж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өрсөлдөхөөр зэхсэн. Нөгөө талаас О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан, Ж.Баярмаа нар нэрээ дэвшүүлнэ хэмээн мэдэгдчихлээ.

Намын дүрмийг хуульд нийцүүлэн өөрчлөөгүй байж даргаа сонговол УДШ дээр асуудалд орно гэсэн байр суурийг О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нарын гишүүд илэрхийлээд байгаа.

Харин гурав хоногийн зайтай ҮБХ, Их хурлыг товлон зарласан Л.Гантөмөрт тийм хүсэл байхгүй. Түүний хувьд энэ долоо хоногтоо багтаан ажлаа өгчих, О.Цогтгэрэлийг зүтгүүлэх сонгуулчих сонирхол бий гэдэг эх сурвалжийн мэдээллээр улам баталгаажиж байна.

Тухайлбал, Л.Гантөмөр АН-ын даргаа больчихвол улс төрд жирийн л нэг гишүүн болж үлдэнэ. Иймд О.Цогтгэрэлээс УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалы нь авахаар тохирчээ. Ингэснээр О.Цогтгэрэлд хамгийн тохиромжтой бүтэц дээр дотоод сонгууль явуулах чиглэлд ажиллах юм. 

Нөгөө талаас О.Цогтгэрэл нь Ц.Элбэгдорж, С.Баярцогт болон МАН-ын нэгдмэл фракцаас нэр дэвших магадлалтай, мөнгөтэй ба нөлөөтэй кандидат болж байна. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хувийн асуудлаар уулзсан ч гэх яриа хөвөрч буй.

АН-ын даргыг ҮБХ дээр сонгох уу, Их хурлаар уу гэдгээс ихээхэн зүйл шалтгаална. ҮБХ дээр гэхэд зарим нь дэмжлэгтэй, зарим нь дэмжлэггүй. Харин бүх гишүүдийн Их хурлаар гэвэл дүр зураг өөр болно.

Тэгэхээр өнөөдөр ҮБХ уг асуудалд яаж хандах нь бүгдийг шийднэ.

Нөгөө талаас, Л.Гантөмөр нар бол эхэлж даргаа сольё, дараа нь 2025.12.31-нээс өмнө дүрмээ өөрчилье гэдэг дээр байгаа аж. Гэхдээ ингэвэл АН дахиад тамга тэмдэг, даргын маргааныг шүүх дээр зуурч он гарахыг таашгүй. Хүчгүй болно. Харин хүчгүй болгох, шүүх дээр удаах, гацаах сонирхол эрх баригчдад байхаас л зайлахгүй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button