Ярилцлага

М.Оюу-Эрдэнэ: Анхаа эгч шигээ олны хайрыг татсан, хүндлэлийг нь хүлээсэн тамирчин болохыг хүсдэг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-д 16 настай нэгэн тамирчин түрүүлж, түүгээр ч үл барам спортын дэд мастер цолны болзол хангахын сацуу шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарсан нь олны сонирхлыг ихэд татсан. Цахиур хагалсан эл амжилтын эзэн бол Мөнхжанцангийн Оюу-Эрдэнэ.

Хүндийг өргөлтийн спортоор дөрвөн жил хичээллэж буй түүнийг ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн М.Анхцэцэгийн төрсөн дүү гэдгийг спортын хүрээнийхэн сайн мэднэ.

Дасгалжуулагч Ц.Хосбаяр, Х.Одхүү, Батзаяа нарын шавь, эгчийнхээ хамт олимп, дэлхийн медальтан болохын төлөө зүтгэж яваа М.Оюу-Эрдэнэтэй ярилцлаа. Биднийг түүнтэй ярилцага хийхээр хүндийг өргөлтийн шигшээ багийн зааланд очиход тэрбээр Ц.Хосбаяр дасгалжуулагчийн удирдлагад М.Анхцэцэг эгчийнхээ хамт бэлтгэлээ хийж байсан юм.

ДЭД МАСТЕР БОЛОХ СОН ГЭЖ Л БОДСОНООС ТҮРҮҮЛЭХ ТАЛААР ЁСТОЙ ТӨСӨӨЛӨӨГҮЙ

-16-хан насандаа УАШТ-д түрүүлж, цахиур хагалсанд тань баяр хүргэе. Өнөөдрөөс шууд бэлтгэлдээ орсон юм уу?

-Баярлалаа. Насанд хүрэгчдийн УАШТ хоёр өдөр үргэлжлэн, өчигдөр дууссан. Өнөөдрөөс бэлтгэлдээ шууд орлоо. Ц.Хосбаяр багшийнхаа зөвлөснөөр хөнгөн бэлтгэл хийж байна. Би долоон хоногт зургаан өдөр бэлтгэл хийдэг. Өдөрт 2-3 цагаар базаадаг.

-Аравдугаар ангид сурдаг юм билээ. Хичээлээ хэрхэн зохицуулдаг вэ?

-Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн сурагч. Үнэнийг хэлэхэд тэмцээн, бэлтгэл гэсээр хичээлдээ тэр бүр сууж амждаггүй. Манай сургуулийнхан, ангийнхан намайг их сайн ойлгодог, дэмждэг. Тэдэндээ их баярлаж явдаг.

-УАШТ-д таныг түрүүлж, шилдгээр шалгарна гэж таамагласан хүн цөөнгүй. Танд ер нь багцаа хэр байв?

-Ёстой тийм багцаа байгаагүй. Энэ жил УАШТ-д өрсөлдөхдөө дэд мастер болчих юм сан гэж л зорьсон. Түүнээс биш улсын аварга болно тэгээд бүр шилдгээр шалгарна гэж ёстой санаад багтаагүй, төсөөлөөгүй. Би УАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд хоёр дахь удаагаа өрсөлдлөө. Өнгөрсөн жил тус тэмцээнд хүч сорихдоо амжилт гаргаж чадаагүй. Энэ удаа УАШТ-ээс анхны медалиа хүртсэн нь алт байлаа. Миний өрсөлдсөн жинд зургаан тамирчин оролцсон.

-УАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд хоёр дахь удаагаа өрсөлдсөн болохоор өмнөхөөсөө илүү өөртөө итгэлтэй, туршлагатай байв уу?

-Тэгсэн. Би огцом шахалтаар 68, түлхэлттэй өргөлтөөр 83, нийлбэрээр 151 кг өргөн, улсын аварга боллоо. Шагналын тавцанд зогсож байхад сэтгэл их хөдөлсөн. Ямар ч байсан энэ оны эхний зорилгодоо хүрлээ. Дэд мастер цолны болзол хангачихаад их баярласан. Ерөөс миний зорилго тэр л байсан юм чинь. Дараа нь улсын аварга болж, шилдгээр шалгараад ёстой шоконд орсон. Улах их хичээх урам авлаа. Баяртай байна.

-Тэмцээний өмнө багш нар нь, М.Анхцэцэг эгч нь танд юу гэж захиж, зөвлөсөн бэ?

-“Ерөөсөө битгий сандар, хийдгээ хий” л гэсэн. Хосбаяр, Батзаяа багш, Анхцэцэг эгч миний бие халаалтыг хийлгэсэн. Тэгээрэй, ингээрэй гээд зөндөө зөвлөгөө өгсөн. Түүнийх нь дагуу оролцоод түрүүллээ. Анхаа эгч жиндээ түрүүлж, улсын аварга болсон. Насанд хүрэгчдийн УАШТ-д эгчтэйгээ хамт түрүүлж, гэртээ харих их сайхан байлаа. Аав, ээж хоёр “Хоёр охиноороо бахархаж байна. Улам хичээгээрэй” гэсэн.

Намайг үргэлж дэмждэг Монголын хүндийг өргөлтийн холбооны удирдлага, хайрт аав, ээждээ, Ц.Хосбаяр, Батзаяа, Х.Одхүү багшдаа, үргэлж түшиж тулдаг Анхаа эгч, Номин-Эрдэнэ эгчдээ, дүүдээ, 14 дүгээр сургуулийн захиргаа, ангийн багш, ангийн хамт олондоо баярлаж явдаг.

-Бэлтгэл дээр хэдэн кг өргөж байв. Түүнийгээ давтсан уу, ахиулсан уу?

-Ер нь ойролцоо. Бэлтгэл дээр огцом шахалтаар 70, түлхэлттэй өргөлтөөр 85 кг өргөж байсан.

ӨВДӨГНИЙ БЭРТЭЛ БҮРЭН ЭДГЭЭГҮЙ Ч ШҮД ЗУУН ТЭМЦЭЭНД ОРОЛЦДОГ, БЭЛТГЭЛ ХИЙДЭГ

-ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэг таны эгч. Эл спортод дурлаж, хичээллэхэд эгч тань их нөлөөлсөн байх.

-Тэгэлгүй яах вэ. Багадаа эгчийнхээ бэлтгэл дээр үргэлж очдог байлаа. Тэмцээнд оролцохыг нь хараад бахархана. Тэр бүхэн намайг хүндийг өргөлтөөр хичээллэхэд, эл спортод хорхойсоход их нөлөөлсөн.

Дөрвөн жилийн өмнөх наймдугаар сарын 31-нд энэ зааланд анх удаа орж ирээд Ц.Хосбаяр багшийн хүү Х.Одхүү багшийн шавь болж байлаа. Тэгж Одхүү багшаараа хүндийг өргөлтийн техник анх заалган, эл спортод хөл тавьсан юм. Түүнээс хойш эгчтэйгээ хамт амжилтын төлөө зүтгэж явна.

2016 онд Энхсайхан багшийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль авсан нь миний анхны амжилт. Х.Одхүү багш гадаадад амьдарч байгаа. Хэдийгээр хүний нутагт, алс хол байгаа ч надтай үргэлж цахим хуудсаар холбогдон зөвлөгөө өгдөг. Би одоо бэлтгэлээ Ц.Хосбаяр, Батзаяа багшийнхаа удирдлагад хийдэг.

-Зарим эцэг, эх хүүхдүүдээ өөр, өөр мэргэжилтэй болгохыг хүсдэг. Эгчийнхээ адил хүндийг өргөлтөөр хичээллэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Огт эсэргүүцээгүй. Ер нь бид хэдийг бүгдийг нь их дэмждэг.

-Эл спортоор анх хичээллэхэд ямар байв. Шантрах үе заримдаа гарах юм уу?

-Хүндийг өргөлтөөр эмэгтэй байтугай эрэгтэй хүн хичээллэхэд амаргүй. Үргэлж ачаалалтай бэлтгэл хийнэ, бэртэх эрсдэл ихтэй. Ер нь хэцүү шүү дээ. Шантрах үе гардаг. Тэглээ гээд би хэзээ ч бууж өгөхгүй. Эгч минь хүндийг өргөлтөөр хичээллэдэг, надтай хамт бэлтгэл хийдэг болохоор их түшиг, тулгууртай байдаг. Техникийн алдаа гаргалаа гэж бодоход “Тэгээрэй, ингээрэй” гэж зөвлөнө. Адилхан спортоор хичээллэдэг болохоор намайг маш сайн ойлгодог, дэмждэг. Би өвдгөө бэртээгээд гурван жил болж байна. Одоо ч гэсэн зовиуртай байдаг. Тиймээс ачаалал өгөхгүйн тулд хөлний дасгал төдийлөн хийдэггүй.

-Тэгэхээр одоо ч гэсэн тэмцээнд бэртэлтэй оролцон, бэлтгэл хийж байгаа юм байна. Бэртлээ улам сэдрээх вий гэж эмээдэг үү?

-Анхандаа тэгдэг байсан. Одоо тэгдэггүй, тоохоо больсон. Хэрвээ тэгж бодож, эмээвэл төвлөрч чадахгүй. Ийм зовиуртай байхад өөрийгөө ялаад амжилт гаргахад бүр гоё санагддаг. Зовиураа аль болох мартахыг, тоохгүй байхыг хичээдэг.

БИ ЯДАРЧ, ЦУЦАХААРАА ЭГЧИЙГЭЭ БОДДОГ

-М.Анхцэцэг эгчийнхээ ямар зан чанараас нь үлгэрлэж явдаг вэ?

-Эгч минь үнэхээр дайчин. Ядарч, цуцахаараа би эгчийгээ боддог. Хөдөлмөрч, дайчин чанараас нь үлгэрлэдэг. Хүндийг өргөлтийн спортод сайхан зүйл их бий. Би техникээ давтан, гол өргөх дуртай. Үнэхээр гоё санагддаг. Ямар ч тэмцээнд Мөнхжанцангийн Оюун-Эрдэнэ гэж дуудуулаад өрсөлдөхөд ямар сайхан байдаг гэж санана.

-Олон улсын тэмцээнд аавынхаа нэрийг дуудуулаад, хүч сорьсон уу?

-Оролцсон. 2017 онд өсвөр үеийн Азийн АШТ-д өрсөлдөхдөө V байрт шалгарсан. Азийн аваргад хүч сорихын өмнө “Мөнхжанцангийн Оюун-Эрдэнэ” гэж зарлахад нь би Анхцэцэг эгчээрээ, ааваараа их бахархсан. Хамгийн түрүүнд эгч л бодогддог юм билээ. “Эгч минь ингэж дуудуулаад тэмцээнд өрсөлддөг юм байна. Ямар гоё юм бэ” гэж бодсон. Медаль хүртээд аавынхаа нэрийг дахин дуудуулахыг үнэхээр хүссэн ч харамсалтай нь чадаагүй. Түүндээ хүрэхэд жаахан дутсан, хүрэл медалийн оосроос атгаад алдсан.

-М.Оюу-Эрдэнэ эгчтэйгээ их адилхан юм. М.Анхцэцэгтэй юугаараа адилхан бас ондоо вэ?

-Ер нь олон хүн ингэж хэлдэг. Зарим нь бүр андуурдаг. Анхаа эгч их зөөлхөн, уян. Би тийм биш, гэрийнхээ хамгийн эршүүд нь.

УЛС ДАЯАРАА М.НОМИН-ЭРДЭНЭ ЭГЧИД ТУСЛАХАД М.АНХЦЭЦЭГ ЭГЧЭЭРЭЭ ҮНЭХЭЭР БАХАРХСАН

-Та эхээс дөрвүүлээ юм билээ. М.Анхцэцэг та хоёроос өөр хүндийг өргөлтөөр хичээллэдэг хүн бий юү?

-Байгаа. Манай бага дүү “Алдар” спорт хороонд хүндийг өргөлтөөр хичээллэдэг. Миний дунд эгч М.Номин-Эрдэнэ маань мөн эл спортоор хичээллэж байсан юм. Харамсалтай нь, түлэгдсэнээсээ хойш хичээллэх боломжгүй болсон.

-М.Номин-Эрдэнэ 2016 онд ангийнхныхаа хоолыг (20-ын кострюльтай хоол) гуанзнаас зөөж яваад өөр дээрээ алдаж айхтар түлэгдсэн. Монголчууд түүнд туслах аяныг орон даяар өрнүүлж, олны сэтгэлийн дэмээр эдгэсэн шүү дээ. Тийм хүнд үед та М.Анхцэцэг эгчээрээ их бахархсан байх?

-Ёстой тэгсэн шүү. Улс даяараа хандивын аян өрнүүлж, монгол түмэн  “Бусад орны саналаас татгалзан, эх орондоо үнэнч үлдсэн М.Анхцэцэгийнхээ дүүд тусалъя” гээд дэмжихэд нь их сайхан санагдсан. Монгол түмний хайртай, хүндлэлийг хүлээсэн, бахархал болсон эгчээрээ үнэхээр бахархсан. Би эгч шигээ олны хайрыг татсан, хүндлэлийг нь хүлээсэн тамирчин болохыг хүсдэг.

ХАРЬЯАЛАГДАЖ, ИВЭЭН ТЭТГЭДЭГ БАЙГУУЛЛАГА НАДАД БАЙХГҮЙ

-Харьяалагдаж, ивээн тэтгэдэг байгууллага танд бий юү?

-Байхгүй ээ. Энд л бэлтгэлээ хийгээд тэмцээнд оролцдог.

-Тэмцээн, бэлтгэлийн зардлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Аав, ээж хоёр л зохицуулдаг. Хамаатнууд маань заримдаа тусалдаг.

-Одоогоор гаргаад буй амжилтаасаа сонирхуулахгүй юу?

-УАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд нэг алт, залуучуудынхаас нэг хүрэл, өсвөр үеийнхээс хошой мөнгөн медаль хүртсэн. Дотоодын, нэрэмжит тэмцээний олон медаль бий.

-Ер нь медалиа тоолдог уу. Ойролцоогоор хэд бол?

-Ёстой тоолж байгаагүй юм байна. Барагцаагаар 20 гаруй медальтай байх.

-Улсын ямар нэгэн дээд амжилт эзэмшдэг үү?

-Уг нь өсвөр үеийн 76 кг-ын жинд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшиж байсан юм. Өнгөрсөн жилийн эхээр шинэчилсэн миний амжилтыг 2020 оны өмнөхөн өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Г.Энэрэл ахиулсан.

ОЛИМП, ДАШТ-ээс МЕДАЛЬ ХҮРТЭН, ААВ, ЭЭЖДЭЭ ҮНСҮҮЛЭХИЙГ  ХҮСДЭГ

-“М.Анхцэцэгийн дүү хүндийг өргөлтөөр хичээллэдэг юм байна. Эгч шигээ амжилт гарган, шилдэг тамирчин болох байх” гээд олонх хүн амжилт хүсэн, хүлээх нь заримдаа дарамт болох юм уу?

-Тийм хандлагатай хүмүүс олон байдаг. Олны итгэлийг алдах вий, эгчийнхээ нэрийг сэвтүүлэх вий, амжилт гарган эгчийнхээ нэрийг улам сайнаар хэлүүлэх сэн гэж хичээдэг.

 -Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

- Хүндийг өргөлтийн дасгалжуулагч. Цаашид хүндийг өргөлтөөр тууштай хичээллэнэ.

-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?

-Гуравдугаар сард болох өсвөр үеийн УАШТ-д оролцоно. Бэлтгэлээ улам сайн хийгээд, хичээнэ дээ. 2024, 2028 оны олимпод оролцон, өндөр амжилт гаргах нь миний гол зорилго. Олимп, ДАШТ-ээс медаль хүртэн, аав, ээждээ үнсүүлэхийг хүсдэг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-01-14 15:24

Сайн байна. Бэртэл авч болохгүй.

Зочин
Зочин
2020-01-16 21:46

Сайн дэмжээд өгөөсэй. Анхцэцэгийн дүү гэхээр ирээдүйн дэлхийн аварга явж байгаа даа.

Холбоотой мэдээ

Back to top button