Электрон тамхины татварын асуудлаар Гаалийн ерөнхий газар залруулга хийлээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд хууль санаачлагч гишүүдийн төлөөлөл болон боловсролын байгууллагын ажилтнуудын хамт мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Анар болон О.Номинчимэг нар: “Электрон тамхи нь “электрон бараа” гэсэн ангиллаар орж ирдэг, улсад ямар нэгэн татвар төлдөггүй” хэмээн удаа дараа мэдэгдсэн. Гэвч уг мэдээллийг Гаалийн ерөнхий газар (ГЕГ) албан ёсоор няцааж, залруулга гаргалаа.2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн шинэчлэлээр дараах өөрчлөлт оржээ.
"Нэг удаагийн электрон тамхи, түүний шингэн болон картриж: Зүйл 24.04 буюу “Тамхи, дахин боловсруулсан тамхи, никотин агуулсан эсвэл тамхи, никотин орлуулагч агуулсан, асаахгүйгээр сорж татах зориулалттай бүтээгдэхүүн; хүний биед никотин өгөх зориулалттай, никотин агуулсан бусад бүтээгдэхүүн” гэсэн ангилалд багтсан" гэжээ.
Иймд электрон тамхи, түүний хэрэгсэл нь ямар ч татвар төлөхгүйгээр улсын хилээр нэвтэрч байна гэсэн мэдээлэл ташаа болохыг Гаалийн ерөнхий газар онцолжээ. Электрон тамхи нь олон улсын барааны ангиллын дагуу тодорхой кодтойгоор гаалийн бүрдүүлэлт хийгдэж, холбогдох татвар, төлбөр нь хуулийн дагуу ногдуулж буйг мэдэгдэв.
Хууль бичилцэж буй өндөр албан тушаалтнууд мэддэгээ мэддэггүй царайлав уу, өөр ашиг сонирхол байна уу?
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.