Сурвалжилга, Нийтлэл

Монгол тогоруу 2766 км замыг туулж Энэтхэгт хүрээд амь үрэгдсэний учир

Баян-Өлгий аймгийн нутагт оршдог Хурган нуураас нүүдэллэсэн тогоруу 2766 километр замыг туулж Энэтхэгт хүрээд, тэндээ нас барсан байдалтай олдсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, монгол судлаачдын Т-51 хэмээн нэрийдэж, хөлөнд нь пайз зүүсэн “өвөгт” тогоруу өвөлжөө рүүгээ буцахаар нэг сүргийн 400 тогорууны хамт нисэж, нэгдүгээр сарын 9-ний өдөр Энэтхэгийн Ражастан мужид хачирхалтай байдлаар үхсэн байна.

Өвөгт тогоруу гэх зүйл нь зүсмийн хувьд энгийн тогоруунаас биеэр ялимгүй жижиг, хар толгойтой, цагаан “чихтэй” бөгөөд зүүн өмнөд Европ, төв Азийн нутгуудаар элбэг тархан амьдардаг гэнэ. Судлаачид 400 тогоруу бүхий тус сүрэг өнгөрөгч оны долоодугаар сарын 27-нд нүүдэлд гарсныг нь тэмдэглэсэн бөгөөд Т-51-ийг буцаж ирнэ гэж тооцон судалгааны обьект болгоод байжээ. Хурган нуурын өвөгт тогоруун сүрэг Энэтхэг дэх өвөлжөө рүүгээ дунджаар гурван сар нисэж хүрдэг аж. Гэвч 3000-аад километр газрыг амжилттай давж гаран, зорьсон газраа оччихоод нэгхэн сарын дараа хачирхалтай байдлаар нас барна гэж хэн ч төсөөлөөгүй биз.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Энэтхэгийн нутагт 40 орчим тогоруу нислэг дундаа муужирч газар унажээ. Харин өнгөрсөн пүрэв /2020.01.09/ гарагт Т-51 өвчилсөн 15 тогорууны хамт олдсон юм байна. Шувууны цогцосыг задлан шинжилгээнд оруулахад ургамлыг хорхой, шавжинд идүүлэхээс сэргийлж цацдаг хортой бодис болох нэг төрлийн пестицитэд хордож үхсэн нь тогтоогдсон гэнэ. Эрдэмтдийн хэснээр тус пестицитийг АНУ болон Европын бүх орнуудад хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг боловч, Энэтхэгийн хувьд тариаланчид нь ихээр ашигладаг жишиг тогтоод уджээ.

Энэтхэгийн Авиа экотоксикологийн үндэсний төв Т-51-ийн гэдэснээс монохротоп төрийн пестицит агуулсан үр, тарианы боловсроогүй үлдэгдэл олсон тухайгаа зарлаад байгаа юм. Монохротоп пестицитийг хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад хэрэглэх нь хүн, амьтны эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлдэг нь батлагдсан аж. Тарьсан ногооноо өөрсдөө иддэггүй, зөвхөн зарж борлуулах эрх ашгаа хардаг Энэтхэгийн тариаланчдаас болж харь газраас нүүдэллэн ирсэн олон шувуу үхэх аюулд орлоо гэсэн байр суурийг амьтан судлаач Дау Лал Бора илэрхийлсэн байна.

Тэрбээр, “Ражастан бол жил бүр олон мянган шувууны нүүдэл хүлээж авдаг газар. Монгол эрдэмтэн Б.Нямбаярыг хэлснээр амь үрэгдээд буй Т-51 нь “1000 тогоруу” төслийн судалгааны обьект байсан юм билээ. Энэ нь тогорууны нүүдэлжилт, тоо толгойн өсөлт зэргийг судалж, статистик үр дүнд хүрэх зорилготой судалгааны чухал төсөл байгаа юм” гэж ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: INDIATIMES

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button