Төсвөө тануулж, салбараа хүчгүйдүүлсэн Ж.Чинбүрэн, П.Наранбаяр нар сайдын албанд жулдав

Санаж буй бол, наадмын өмнөхөн буюу 7-р сарын 1-ний өдөр 2025 оны төсвийг дахин тодотгосон. Энэ бол Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын нүүр тулсан эхний чухал ажил байв.
Сайдуудын багцаас тодотгохдоо Боловсролын сайд П.Наранбаярын багц болох 1 их наяд 282 тэрбумыг 891.8 тэрбум буюу 436 тэрбум 718 саяар хассан. Боловсролын салбараас юуг хэмнэв гээд харахаар Ерөнхий боловсролын 71 сургууль, 40 цэцэрлэгийн барилгын төсвийг танасан байгаа юм. Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны 18 тэрбумыг хэмнэсэн.
Харин Эрүүл мэндийн сайдын багцаас 234 тэрбум 478 саяыг хассанаар 19 сум, найман дүүргийн эмнэлгийн барилга байгууламж барих, шинэчлэх төсөвгүй болсон гэсэн үг. Түүнчлэн гаднаасаа бүтэн харагддаг ч дотроосоо нурж, эвдрээд удаж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн их засварт зарцуулах 23 тэрбумын төсвийг 9 тэрбум болгож, Улсын I эмнэлгийн засвараас 2.2 тэрбумыг таначихсан.
Гэтэл ингэж төсвийг нь танаж тодотгол хийчихээд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд Ерөнхий сайд нь очиж ажиллах үед Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "балгас" болж буй барилгыг харуулахын оронд шинэ амбулатори үзүүлж, нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болно лээ. Харин нөгөө талд Боловсролын сайд П.Наранбаяр нь нэг ангид 70 хүүхэд хуваарилагдсан 141-р сургуулийн асуудлыг шийдвэрлэхээр хувийн аж ахуй нэгжүүдээс талбай гуйж яваа дүр зураг харагдана.
Саяхан Г.Занданшатарын санаачилгаар ирэх оны төсвийн төсөлд иргэд, олон нийтээс авсан саналын хамгийн их саналыг иргэд Эрүүл мэнд, Боловсролын салбарын төсвийг нэмэгдүүлэх ёстой гээд саналаа өгчихсөн байгаа нь хоржоонтой. Гэтэл Ерөнхий сайд нь хэдийнэ энэ хоёр чухал салбарын төсвийг таначихсан.
Эрүүл мэндийн салбарт гэхэд эрүүл мэндийн байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрөө гэрээт хугацаандаа барагдуулаагүйн улмаас он дамнасан авлага үүсэж, одоог хүртэл бүрэн төлөгдөөгүй асуудал дахиад сөхөгдөж байна. Ийм байхад салбарын сайд Ж.Чинбүрэн нь өнөөдөр хэдэн эмнэлгийн дарга нарын халаа сэлгээ хийхээс өөр нүдэнд үзэгдэх ажил хийсэнгүй. Хувь байдлаараа ч Ж.Чинбүрэн сайдын тамгыг авмагцаа урьдаас өстэй мэт арцалдаж ирсэн сайд асан Т.Мөнхсайханы хүмүүсийг салбараасаа "зайлуулах" дээр төвлөрч буй нь цаашид энэ салбарт бодлогын үйл хэрэг өрнөх үү гэдэг асуулт дагуулж байна.
Нэг нь сайдын суудалтайгаа үлдэхийн тулд, нэг нь сайдын суудалд залрахын тулд Засгийн газраас үзүүлсэн төсвийн тодотголын шахалтыг эсэргүүцэж, улсын хамгийн чухал хоёр салбарын төсвийг тануулахгүй гэх зориг, лобби, юм юм дутав.
Одоогийн Засгийн газар хэр урт настай байх эсэх нь танхим дахь сайд нарынх нь ур чадвар, хувь байдал хийгээд салбартаа "жин"-тэй байхаас хамаарна. Харин энэ намрын дүр зургаас харвал багш нарын ажил хаялт, эрүүл мэндийн салбарын өр төлбөр гээд ар араасаа шил дарсан асуудал энэ өвөлжин бөөгнөрч, хавар гэхэд оргилдоо хүрсэн байх вий...
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.