Ардчилсан нам Их хурлаар үндсэн дүрэм, хөтөлбөрөө бас шинэчилжээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч өдрүүдэд болж өнгөрсөн.
Эдгээр хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан Үндсэн дүрэм болон намын хөтөлбөрийн шинэчилсэн төслийг батлах, намын даргыг сонгох гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэж хэвлэлийн албанаас нь мэдээлжээ.
Тухайлбал, Их хурлын ээлжит бус хуралдааны эхэнд Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн, УИХ-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгож ёсчлон батламжилсан. Дараа нь Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслийг хэлэлцэн Намын Их хурлын нийт гишүүдийн саналаар баталсан аж.
2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд энэ онд багтаж намын хөтөлбөр, Үндсэн дүрмээ шинэчлэн батлуулах үүрэг хүлээсэн юм. Ингээд АН-ын Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар 2025 оны хоёрдугаар сарын 03-нд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан төслийг боловсруулсан. Ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд намын анхан болон дунд шатны байгууллагуудаар 45 удаа хэлэлцүүлсэн гэжээ.
Дүрэм УДШ-ээр баталснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.