НТБГ: Нэг автобус ихдээ 80 хүн тээвэрлэх боломжтой

Хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулж байгаа юм. Үүнээс шалтгаалан нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо эрс өссөн байна.
Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1094 автобус иргэдэд үйлчилж байгаа ч хүрэлцээ муу иргэд олноор шахалдаж, багтахгүй хоцрох тохиолдол гарч байгаа юм.
Тиймд Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны суудлын тоо болон босоо зорчигчдын тоо стандартын талаар тодруулахад дараах мэдээллийг өглөө.
-“YUTONG” загварын автобус 30 хүний суудалтай. Мөн босоо 50 зорчигч явах боломжтой, ихдээ нэг автобусанд 80 хүн зорчих боломжтой. Ойрын өдрүүдэд нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо нэмэгдсэн. Нийтийн тээврийн бодлогын газарт энэ оны өнгөрсөн сарын 26-ны өдрийн байдлаар нийтийн тээврийн жолоочтой холбоотой 197 гомдол мэдээлэл ирсэн. Иргэдээс ирсэн гомдол саналыг камерын системээр хянаж асуудлыг хүлээн авч Зөрчлийн тухай хуулийн дагуу 25 мянган төгрөгөөр торгох, сургалтад хамруулах арга хэмжээг авдаг.
Түүнчлэн жолоочид бэлэн мөнгө өгсөн, авсан асуудлыг таслан зогсоох үүднээс иргэдээс ирсэн гомдол мэдээллийг үндэслэн, хяналт хийснээр ёс зүйн алдаа гаргасан 25 жолоочийг ажлаас чөлөөлжээ.
Иргэдээс ирж буй гомдлын дийлэнх хувь нь нийтийн тээврийн жолоочийн харилцаа хандлага, сөрөг байдалтай холбоотой гомдлууд байдаг аж. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн оршин суугчдаас санал гомдол их бүртгэгддэг байна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.