Төсөв 2026: Алт худалдан авалт буурсан дүнтэй ч ирэх онд экспортыг нь 20 тоннд хүргэнэ

Энэ оны эхний 5 сарын байдлаар 3 тонн 480 кг алт олборлож, төсөвт 23.4 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 40 орчим хувиар буурсан үзүүлэлт. 2025 оны улсын төсөвт 18 тонн алт экспортлох зорилт тавиад байсан бөгөөд энэ онд алтны ханш унци тутамдаа 693 орчим ам.доллароор өссөн боловч өмнөх оны төсөвт төвлөрүүлсэн дүнгээс 46.5 тэрбумаар буурсан байна.
Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурсаар Монгол Улсын энэ оны төсөвт тонн тутмыг нь 105 ам.доллар гэж тусгаснаас 30 гаруй хувиар багасч 70-75 орчим ам.долларт хэлбэлзэж байна. Улсын төсөвт төвлөрөх нүүрсний орлогын алдагдлыг алт, зэсээс нөхнө гэж Сангийн сайд мэдэгдсэн бөгөөд ирэх оны төсөвт нүүрсний үнийг тонн тутмыг нь 70 ам.доллароор тусгасан. Хэрвээ одоогийн төсөвт тусгасан дүнгээс үнэ буурвал алдагдлыг мөн л алтны орлогоор нөхөх асуудал сөхөгдөнө.
Гэтэл энэ хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсны араас 7-р сард Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд тус аяныг хэрэгжүүлэхэд хэсэгчилсэн хориг тавьсан.

Өөрөөр хэлбэл ирэх оны төсөвт алтын экспортыг 2 тонноор нэмэгдүүлнэ гэж байгаа ч бодит байдал дээр 2025 оны 1-р сараас эхлэн Монголбанкин дахь алт тушаалтын хэмжээ огцом буурч оны түүхэн доод түвшинд хүрсэн юм.
Нийт 100 орчим тонн алтны нөөцтэй үндсэн ордуудаас “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж тооцсоныг ийн удаашруулснаар ирэх онд алтны олборлолт болон экспорт зорилтот хэмжээнд хүрэхгүй байх дүр зураг бий.
Нөгөө талд алт худалдан авалт буурсаар байгаа нь төлбөрийн тэнцэл, валютын урсгалыг тогтвортой байхад чухал нөлөөтэй юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чээнж дамжаад хил гараад явчихж байгаа юмчинь араггүйшдэ