Непал: Хаант засгаас хойш Шарма Олигийн Засгийн газрын хэмжээгүй эрх, төрийн оролцоо хэтийдсэн гэх бухимдал

Непал улсад томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөсөн нь одоо үймээн самуун руу шилжиж, жагсагчид парламентын ордноо галдан шатаасан. Лхагва гарагт /2025.09.10/ тус улсын нийслэл Катмандуд зэвсэгт хүчин хууль сахиулж эхэлснээр нөхцөл байдал намжсан юм. Гэхдээ жагсаалын улмаас 22 хүн амь үрэгдэж, тус улсын Ерөнхий сайд К.П. Шарма Оли мягмар гарагт /2025.09.09/ иргэдийн шаардлагаар ажлаа хүлээлгэн өгсөн.
2008 онд Непал хаант засаглалыг халснаас хойш Шарма Оли ерөнхий сайдаар ажиллаж байгаа. Тэрбээр Энэтхэг, БНХАУ-ын дунд оршдог улсынхаа ядуурал болон авлигын хэрэгтэй тэмцэх амлалт өгч гарч ирсэн юм. Жагсагчид Непал улсын нийгэмд тулгамдаад буй олон асуудалд Олиг буруутгадаг. Непалчуудын үзэж буйгаар түүний хамгийн сүүлийн бүрэн эрхт хугацаанд авлига, хээл хахууль, эдийн засгийн зогсонги байдал, авторитаризм дэглэм улам бэхжиж байсныг онцлон шүүмжилдэг.
Хималайн нуруунд оршдог тус улсад гарсан жагсаал нь өнгөрсөн долоо хоногт засгийн газар нь сошиал медиаг хориглосноос эхтэй. Жагсаал, үймээний улмаас 19 хүн нас барсны дараа буюу даваа гарагт /2025.09.08/ засгийн газар нь хоригоо цуцалсан.
Непалын засгийн газар сошиал медиа дээр үзэн ядах үг хэллэг, худал мэдээ тараах, залилан мэхлэх болон бусад гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх зорилготой гэх үндэслэлээр шинэ хууль баталсан. Дээрх платформууд шинэ хуулийн дагуу хугацаандаа холбогдох яаманд бүртгэл хийлгээгүй учир хориглосон гэж засгийн газраас нь мэдэгдсэн юм.
Гэхдээ тус улсад өрнөсөн жагсаалын шалтгаан нь сошиал медиаг хориглосон явдал гэвэл учир дутагдалтай. Жагсаалыг зохион байгуулагчдын хэлснээр эсэргүүцлийн жагсаал зөвхөн олон нийтийн сүлжээ хаасан асуудалтай холбоотой биш гэжээ. Энэхүү жагсаал нь залуу үе эдийн засгийн боломж муу байгаад чиглэсэн гүн бухимдлыг илэрхийлэл хэмээн шинжээчид тайлбарлажээ.
Мягмар гарагийн /2025.09.09/ жагсаалд оролцсон 28 настай нэгэн иргэн “CNN” агентлагт хэлэхдээ “Жагсаалын гол шалтгаан нь саяхны олон нийтийн сүлжээг хаасан явдал. Гэхдээ манай улсын засаглалын байдал болон авлига нь олон мянган хүнийг гудамжинд гарч эсэргүүцэхэд хүргэсэн жинхэнэ шалтгаан юм” гэжээ.

Тэрбээр нэмж “Ийм олон хүн цуглаж, хүмүүсийн хүч, уур хилэнг харахад үнэхээр гайхалтай байлаа” хэмээсэн юм. Засгийн газар нь ямар нэгэн байдлаар арга хэмжээ авч магадгүй гэж айсан тул тэр нэрээ нууцлахыг хүссэн байна.
Дэлхийн банкны мэдээлснээр, 2024 онд Непалын 15-24 насны залуусын ажилгүйдлийн түвшин 20.8 хувь байсан юм. Үүний зэрэгцээ улс төрчдийн хүүхдүүдийн тансаг хэрэглээг харуулсан “Nepo Kids”-ийн эсрэг цахим хөдөлгөөн өрнөсөн байна. Энэ нь олон нийтийн дургүйцлийг улам лавшруулж, эрх мэдэлтнүүд ба жирийн непалчуудын хоорондын ялгааг тодотгон гаргаж иржээ.
Непалын эдийн засаг гадаадад амьдарч буй непалчуудын илгээдэг мөнгөн гуйвуулгаас ихээхэн хамааралтай байдаг. Дэлхийн банкны мэдээлснээр, Непалын ДНБ-ий гуравны нэг буюу 33.1 хувийг гадаад гуйвуулга бүрдүүлдэг юм. Энэ тоо сүүлийн 30 жилийн турш тогтмол өссөөр иржээ.
Непалын бие даасан мэдээний сайт “Baahrakhari”-ийн редактор Пратек Прадхан “Олон нийтийн сүлжээг хаасны эсрэг жагсаал бол зөвхөн өдөөгч хүчин зүйл. Улс орныг хэрхэн удирдаж ирсэнтэй холбоотой бухимдлыг хүмүүс удаан хугацаанд тээсээр ирсэн юм. Хүмүүс маш их ууртай байна, Непал үнэхээр аюултай нөхцөл байдалд орлоо” гэсэн юм.
Зарим жагсагчид “Жагсаалын зорилго юуны түрүүнд төрийн байгууллагууд дахь өргөн хүрээний авлигын эсрэг байсан” гэж бичсэн байна. Мөн тус улсад хаант засгаас хойших Засгийн газар нь хэмжээгүй эрхтэй мэт төрийн хяналт, оролцоог илүү нэмэгдүүлсээр ирсэн нь олон нийтийн бухимдлыг мөн төрүүлсэн.
Ингэснээр нэг хүнд оногдох жилийн дундаж орлого нь 1,400 ам.долларт хүрдэг энэ улсад улс төрчдийн хүүхдүүд тансаг эдлэлээрээ гайхуулж байгааг хүмүүс хурцаар шүүмжлэх болжээ. Мөн засгийн газар нь томоохон авлигын хэргүүдийг шийдвэрлэхийн оронд орхигдуулж байгаа хэмээн жагсагчид бухимдаж байна.
Эх сурвалж: Reuters, ABC News, CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.