"Нэгдүгээр тойрог зам"-ын төслийн гүйцэтгэгчийг тодруулах олон улсын тендер зарлагдлаа

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, нийслэлийн 24 мега төслийн хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендерийн гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа.
“Нэгдүгээр тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК болон “Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” боловсруулж, шат шатны мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэн батлуулсан. Нэгдүгээр тойрог зам нь Эрчим хүчний гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Баянхошууны уулзвар, Дэнжийн мянга, Хайлааст, 7 буудал, Да хүрээ, Хилчиний гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөөгөөр дайран өнгөрч, Дүнжингаравын орчимд Туулын хурдны замтай хоёр түвшинд огтлолцоно. Төслийн хүрээнд хотын төвийг тойрон гарах зургаан эгнээ бүхий нийт 24.7 км урттай авто зам, найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзваруудыг төлөвлөсөн. Нийт урт 24.7 км, үүнээс авто замын урт 13.67 км, 9.03 км гүүр, 2.08км туннел байх бөгөөд олон түвшний нэвтрэх уулзвар 7, олон түвшний дайран өнгөрөх уулзвар 13, явган хүний гүүр 3, явган хүний нүхэн гарц 4-г тус тус төлөвлөсөн байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.