Б.Лхагвасүрэн: Инфляц энэ хэвээр тогтвортой байвал бодлогын хүүг бууруулах бүрэн боломжтой

Монголбанкны Мөнгөний бодлогын ороо өчигдөр, өнөөдөр хуралдсанаар бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээсэн гэж мэдээллээ.
Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Инфляц алгуур саарсан ч наймдугаар сард бага хэмжээнд эрчимжиж улсын хэмжээнд 8.8 хувьтай гарсан. Гурил, хүнсний ногоо, махны үнэ нөлөөллөө. Хүнсний үнийн өсөлт инфляцыг нэмэгдүүлсэн хэдий ч оны эцэст буух хүлээлт бий. Импортын барааны үнэ хүлээлтээс бага байсан нь бага зэрэг эерэгээр нөлөөлсөн. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч, гадаад орчин эмзэг байгаа энэ үед томоохон төслийг дотоодоос санхүүжүүлэх болбол төгрөгийн ханшинд дарамт ирнэ.
ХАА салбар эдийн засгийн нийт өсөлтийн талаас илүү хувийг бүрдүүлж байна. Төлбөрийн тэнцлийн цаашдын төлөвт нүүрсний үнэ эрсдэл дагуулсан хэвээр байна.
Инфляц энэ оны төгсгөлд хүлээлтийн дээд хязгаарт хүрэх боломжтой ч эрсдэлүүд байсаар байна. Иймд зээл санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байх, урт хугацаанд тогтвортой байлгахын тулд бодлогын хүүг хэвээр хадгаллаа” гэж ярилаа.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Инфляцыг дагаад бодлогын хүүгээ бууруулах боломж байхгүй юм уу?
-Зөрүү нь 3.2 хувьтай байна гэдэг нь, цаашид бодлогын хүүг буулгах орон зай бий гэсэн үг. Тийм учраас бууруулах боломжийн талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Хэрэв инфляц одоогийн хэмжээндээ тогтвортой байгаад байвал бууруулж болно. 2023 оны хоёрдугаар хагаст инфляц нэг оронтой тоо руу орж ирсэн. Бараг хоёр жил гаруйн хугацаанд нэг оронтой хэвээр явсан байна. Тиймээс бодлогын хүүг буулгах орон зай бол байна.
Өнөөдрийн 8.8 хувийн инфляцыг гурван бүлэгт хуваавал импортын бараа, дотоодын хүнсний бүтээгдэхүүн, дотоодын хүнсний бус бүтээгдэхүүн болно. Энэ дотроо хүнсний бүтээгдэхүүний өсөлт маш тогтворгүй явдаг. Мах бол 8.8 хувийн инфляцын бараг 1 хувийг дангаараа бүрдүүлж байна. Цахилгааны үнийн нэмэлт зэрэг төрөөс зохицуулалттай бараа үйлчилгээний үнэ бараг 2 нэгж хувийн нөлөөтэй ба бараг жилийн турш нөлөөлөөд явж байна. Энэ хоёр л инфляцад нөлөөлдөг. Энэ савлагаа байхгүй бол дагаад инфляц буурах бүрэн боломжтой.
-Бодлогын хүүг 12 хувь болгосноос хойш арилжааны банкны зээл олгох сонирхол буурах, зээлийн хүү өсөх зэрэг нь хэрхэн ажиглагдсан бэ?
-Банкны системийн зээлийн үлдэгдэл 44 их наядад хүрсэн байна. Өнгөрсөн онд зээл 30-40 хувийн өсөлттэй гарсан шүү дээ. Наймдугаар сарын сүүлээр одоо 26 хувьтай байна. Энэ бол өсөлтийн хурд саарч байна гэсэн үг. Бодлогын хүү зээл гаргалтад тодорхой хатуу нөлөө үзүүлсэн гэсэн үг. Мөн хэрэглээний зээлийг танах, бизнесийн зээлийг дэмжих бодлого баримталж байгаа. Бизнесийн зээл өсөлттэй, хэрэглээний зээл буурсан байна. Бодлогын хүү бол зээлийн хүүн дээр л нөлөөтэй байгаа.
-“Шинэ хоршоо” хөдөлгөөний зээлийн эргэн төлөлт хэвийн үү?
-“Шинэ хоршоо”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг нийт хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 5 их наяд. Банкнуудаас нийт олгосон зээлийн хэмжээ болох дээр дурдсан 44 их наядтай харьцуулахад том тоо биш. Тэр дотроо “Шинэ хоршоо”-ны зээл 1.6 их наяд. Тэр дотор чанаргүй болсон зээл алга. Нэг малчинд 50 сая гэдэг зохицуулалтаар явдаг учир төлөлт нь сайн явж байна.
-Тэтгэврийн зээлд тавигдах өр орлогын харьцааг нэмснээс хойш нөхцөл байдал хэр өөрчлөгдөв. Дээд хэмжээг нь 1.5 сая төгрөг болгох боломжийг ярилцаж байгаа?
-Тэтгэврийн зээл гэж бүтээгдэхүүн олон улсад байдаггүй. Тэр утгаар Монголбанк хэрэглээний зээлийн зохицуулалтад оруулж явдаг байсан. Дараа нь гаргасан. Одоо зөвхөн арилжааны банкны өөрийн дотоод журмаар зохицуулагдаж байгаа гэсэн үг. Үүн дээр Монголбанкнаас зохицуулалт байхгүй. 1.5 саяд хүргэх эсэх нь НДС-гийн санхүүжилт учир энэ бүхэлдээ тэр сангаас хамаарах асуудал юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголбанк бэлэн мөнгө хэвлэхийг хориглохгүй бол инфляци нь яаж буурах вэ дээ
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Инфляци тогтвортой байна гэж шааж бна