Хятаны их, бага бичгийн шинэ дурсгал илэрчээ

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Булган аймгийн Дашинчлэн сумын Лах багийн Найдаг ууланд хятан бичгийн хадны шинэ бичээс илрүүлжээ.
Тус хээрийн судалгаанд Монголын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Л.Эрдэнэболд, Отани Их сургуулийн профессор Мацүкава Такаши, Рюкокү Их сургуулийн профессор Мүраока Хитоши, Осака Олон улсын Их сургуулийн хүндэт профессор, Монголын ШУА-ийн гадаад гишүүн Мацүда Коичи нар оролцжээ. Бичээсийн тайлалыг Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн зочин судлаач профессор Такэүчи Ясүнори гүйцэтгэж.
Тус бичээс нь газрын түвшнээс дээш 200 гаруй метр өндөр, Найдаг уулын энгэрт байрлах агуйн дотор бичигдсэн бөгөөд урьдчилсан судалгаагаар агуйн дотор долоон хэсэгт бичээс байгааг тогтоов. Профессор Мацүкава хятад гэмээр бичээсүүдийг нягталсан бөгөөд тэдгээр нь бүгд ханзаар бус, харин хятан бичгээр бичигдсэн болохыг тогтоов. Иймд БНХАУ-ын Хөх хотод оршин суудаг Такэүчи профессорт бичээсийн гэрэл зургийг илгээн тайлал хийлгэхэд: “Бичээс нь ихэд бүдгэрсэн тул уншихад бэрх хэдий ч хятаны их бичгийн онцлог үсгүүдийг олонтаа таньж болно. Энэ нь ханз бичээс биш гэдэг нь илт” гэж мэдэгдэв. Цаашлаад онцгой зүйл болгон тэрээр: “ 4 дүгээр бичээс нь хятан бага бичгээр бичигдсэн байх магадлалтай. Тэгвэл нэг газарт хятаны их бичиг болон бага бичгийг хамтад нь бичсэн тохиолдол урьд өмнө огт мэдэгдээгүй тул маш ховор “нээлт болох юм” хэмээн тэмдэглэв.
Энэ бичээсийг анх 2013 оны орчимд Л.Эрдэнэболд захирал археологийн хайгуул судалгааны үеэр анх олж үзсэн бөгөөд МУИС-ийн профессор Ц.Баттулга мөн уг бичээсийг олж үзсэн боловч ямар нэгэн байдлаар нийтлээгүй байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zuv zuv