Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.09.26) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
Улс төрийн намын тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуулинд улс төрийн нам банкны зөвхөн нэг данстай байхаар зохицуулснаас үүдэн намын шат шатны байгууллагын үйл ажиллагаа санхүүгийн төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээтэй холбоотойгоор зогсонги байдалд орох, хугацаа алдах зэргээр хүндрэл үүссэн.
Энэ нь улс төрийн намын орлогын эх үүсвэр, зарцуулалт ил тод, нээлттэй байх хуульд заасан шаардлага хангагдах боломжгүйд хүргэж, иргэдийн улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох эрхийг бодитой эдлүүлэх эрх зүйн баталгаа хангагдахгүй байна гэж үзжээ.
Мөн Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намуудад санхүүжилт олгох, санхүүжилтийн хэмжээнээс хамаарч намын бусад орлогын хэмжээнд хязгаарлалт тогтоож байгаа нь намын үйл ажиллагаа тогтвортой явуулах, санхүүгийн хувьд дотооддоо бэхжих боломжийг хааж буй хэлбэр гэж хууль санаачлагч тодотгов.
Түүнчлэн улс төрийн намын дэргэдэх байгууллагуудын санхүүгийн тайланг нэгтгэх, харъяа байгууллагуудын санхүүгийн мэдээллийг тусгахаар хуульчилсан нь нам санхүүгийн тайлагналын хувьд олон дамжлага дамжихын зэрэгцээ хуульд заасан санхүүжилтийн дээд хэмжээ зөрчигдөхөд хүргэж байна хэмээн танилцууллаа.
Иймд Улс төрийн намын тухай хуулийн 26.7, 27.8, 35.4 дэх намын үйл ажиллагааг санхүүгийн хувьд хязгаарлаж буй заалтуудад өөрчлөлт оруулж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох, эс оролцох эрхийг хангах зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud