УРЛАГ

Б.Шарав агсны гэгээн дурсгалд зориулсан зураач Т.Хулангийн "Эгшигт хүрдэн" үзэсгэлэн дэлгэгдлээ

Зураач Т.Хулангийн график бүтээлийн “Эгшигт хүрдэн” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд 2025 оны 10 дугаар сарын 3-6-нд олны хүртээл болно. Т.Хулан ийнхүү уран бүтээлийн 16 дахь үзэсгэлэнгээ үзэгчдэд хүргэж буй бөгөөд энэ удаа байгалийн судалбар болон хөгжмийн ая эгшгээс төрүүлсэн бүтээлүүдээ үзүүлж буй юм.

Тэрбээр аялж, байгалийн сайхныг бахдан байхад эсвэл сайхан хөгжим сонсож, хөгжмийн зохиолчийн бодол, хүсэл, тэмүүллийг мэдэрч, тэмтрэх ахуйд сэтгэл оюунд бүтээлийн үр соёлдог гэж үздэг.

Зураач “Эгшигт хүрдэн” хэмээн нэрийдсэн энэхүү үзэсгэлэндээ үзэсгэлэнт Орос орон, тэр дундаа нийслэл Москва болон эртний нийслэл Санкт-Петербург, улмаар Хар далайн эргийн, олон хэлийн үндэстэн зорин цугладаг Сочи хотуудаар аялах үедээ төрүүлсэн зургуудаа болон агуу хөгжмийн зохиолч Б.Шаравын хэд хэдэн зохиолын агуулгаас сэдэвлэсэн бүтээлүүдээ толилуулж байна.

Т.Хулан энэхүү үзэсгэлэнгээ өнгөрсөн сарын эхээр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд болсон Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуу, хөгжмийн гуравдугаар наадмын үеэр “Шарав сан”-тай хамтран гаргасан бол дээрх хугацаанд нийслэлийн үзэгчид, уран зураг сонирхогчдын хүртээл болгож байна.

Зураач үзэсгэлэнгээ "Эгшигт хүрдэн" хэмээсний учрыг тайлбарлахдаа “Хүмүүний хорвоод хөгжмийн ая, эгшигт дурласан, татагдан уярсан хүн бүрийн амьдралд өөр, өөрийн хөг эгшиг буй, хүмүүн тэрхүү хөг эгшигт уялдан, сүлэлдэж байдгаас хорвоог харах өнцөг нь ондоо, ондоо байдаг болов уу. Иймд аялгуу, эгшигт уярсан хөг, эгшгийн хүрд, хүрдэн эргэсээр өөрт буусан сайхан мэдрэмжид хоногшсон уран бүтээлүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулж байгаадаа баяртай байна” гэсэн юм. Тийм ээ, хүн бүрийн сэтгэлд, амьдралд эгшиг оршсон хүрд, хүрдэн эргэсээр л ...

Та бүхнийг зураач Түмэнбаярын Хулангийн “ЭГШИГТ ХҮРДЭН” уран бүтээлийн үзэсгэлэнг таалан болгоож, тухлан саатахыг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button