Мөнгөний боддлого 2026: Блокчэйн дэд бүтцэд суурилсан "Стэйблкойн"-ийг Монголд нэвтрүүлэхээр судалж эхэлжээ

Монголбанк нь Төв банкны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасны дагуу төлбөрийн системийн үйл ажиллагаанд хяналт, зохицуулалтын чиг үүргийг гүйцэтгэдэг. Энэ хүрээндээ зах зээлд шинээр нэвтэрч буй төлбөрийн үйлчилгээ, төлбөрийн хэрэгсэл, санхүүгийн зах зээлийн дэд бүтцэд тогтмол хяналт тавьж ажиллаж буй билээ.
Олон улсын банк, санхүүгийн системд Төв банкуудын зүгээс нэвтрүүлдэг цахимжсан төлбөрийн хэрэгсэл буюу цахим мөнгөний нэг хэлбэр болох “Стейблкойн”-ийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн талаар бодлогын суурь судалгааг боловсруулж, улсын эдийн засагт үзүүлэх нөлөө, санхүүгийн хэрэглэгчдийн хүртээмжид гарах өөрчлөлт, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эрсдэл зэргийг судлах аж.
Уламжлалт хил дамнасан корреспондент банкны тогтолцоо нь ихэвчлэн олон зуучлагчид, өндөр шимтгэл, хэдэн өдрөөр үргэлжлэх төлбөр тооцооны саатал дагуулдаг. Харин блокчэйн дэд бүтцэд суурилсан “Стэйблкойн” нь харилцагч хоорондын гүйлгээг хурдан, бага өртгөөр гүйцэтгэж, олон улсын худалдаа болон мөнгөн гуйвуулгын саадыг бууруулдаг давуу талтай хэмэээн Мөнгөний бодлогын тайланд онцолжээ.
Дэлхийн “Стэйблкойн”-ийн зах зээлийн хэмжээ 2025 оны эхний хагас жилийн байдлаар 252 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүний 68 хувийг АНУ-ын Тэтер (Tether, USDT) эзэлж байна (Barry & Kathleen 2025). Харин Stable Coin ийн гүйлгээний нийт эргэлт 2024 оны байдлаар 27.6 их наяд ам.долларыг давсан нь Виза болон Мастеркарт байгууллагын гүйлгээний эргэлтийг нийлүүлснээс өндөр дүнг эзэлж байгаа юм.
Одоогийн байдлаар Өмнөд Америкийн Бразил, Венесуэль, Мексик зэрэг улсууд хэрэглээндээ нэвтрүүлсэн бол Хонгконг, Япон зэрэг улсууд 2025 онд тус төлбөрийн хэрэгслийг нэвтрүүлэх хуулийг баталсан байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.