Гадаад мэдээДЭЛХИЙ

Гар утас зэрэг технологиуд суурилдаг квант механизмын тухай чухал нээлт хийсэн эрдэмтэд физикийн Нобель хүртлээ

Энэ жилийн физикийн салбарын Нобелийн шагналыг Жон Кларк, Мишель Х. Деворе, Жон М. Мартинис нарт олголоо. Тэдний хийсэн квант механикийн тухай судалгаа нь өндөр хүчин чадалтай шинэ үеийн компьютер хөгжүүлэх үндсийг тавьж байгаа юм.

Нобелийн комисс мэдэгдэхдээ “Өнөөдөр ашиглагдаж буй дэвшилтэт технологийн аль нь ч квант механикийг ашиглахгүйгээр оршиж чадахгүй. Үүнд гар утас, камер, шилэн кабель зэрэг бүгд багтана” гэжээ.

Калифорнийн Беркли дахь Калифорнийн их сургуульд ажиллаж буй профессор Жон Кларк “Миний амьдралын хамгийн том болон гэнэтийн зүйл байлаа” гэсэн юм. Харин Мишель Х. Деворе нь Йелийн их сургуульд профессороор ажилладаг бол Жон М. Мартинис нь Калифорнийн Санта Барбарагийн их сургуульд багшилдаг байна. Тэд нийт 11 сая Швед кроны шагналыг хуваан авах юм.

1980-аад онд тэд хийсэн туршилтуудаараа цахилгаан хэлхээнд макроскопын түвшний квант механикийн туннеллчлэл болон энергийн квантчлалыг нээсэн судалгааг үнэлж Нобелийн хороо шагнасан байна.

Тэдний нээлтийн нь хэрэглээний шинжлэх ухаанд маш гүн гүнзгий, өргөн хүрээтэй нөлөө үзүүлсэн. Өнөөдөр бидний өдөр тутам хэрэглэж буй электрон төхөөрөмжүүд бүгд энэ үзэгдэлд тулгуурладаг. Мөн тэдний нээлт дээр тулгуурлан квант компьютер бүтээж буй.

Профессор Кларк шагналын мэдээг дөнгөж сонссоныхоо дараа хэвлэлийн бага хуралтай утсаар холбогдон “Энэ нь квант компьютер хөгжүүлэхэд хүргэсэн чухал нээлт юм. Квант тооцооллын салбарт олон хүн ажиллаж байгаа. Манай нээлт энэ салбарын үндэс нь болж өгсөн гэж хэлж болно” гэж ярьжээ.

Квант механик нь бичил ертөнц дэх өчүүхэн эгэл бөөмсийн зан төлөвийг судалдаг шинжлэх ухаан юм. Квант механикийн онолоор электрон зэрэг эгэл бөөмс атомоос жижиг ертөнцөд  хэрхэн ажилладгийг тайлбарладаг.

Профессор Кларк болон түүний баг эдгээр эгэл бөөмс энергийн саадыг туннелчлэн нэвт гарч чаддаг болохыг судалжээ. Классик физик энэ үзэгдлийг “боломжгүй” үздэ юм. Тэдний хийсэн туршилтууд туннеллчлэл зөвхөн онолын түвшинд төдийгүй, бодит ертөнц дэх цахилгаан хэлхээнд ч явагдаж болохыг нотолсон.

Энэ нээлтийг эрдэмтэд орчин үеийн квант чип бүтээхэд ашиглаж байгаа юм. Лондоны Империал коллежийн Физикийн тэнхимийн дэд захирал, профессор Лесли Коэн “Үнэхээр гайхалтай нээлт, нүдээ олсон шагнал байлаа. Тэдний ажил нь квант технологийн гол элемент болох хэт дамжуулагч кубитийн (superconducting qubit) үндсийг тавьсан билээ” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button