Амин хувийн гуйлга нь тасардаггүй УИХ-ЫН ГИШҮҮД

-СУРГУУЛИА Ч ЗАРНА, КОМПАНИА Ч ХАМГААЛНА-
Манай гишүүдийн өөр зууртаа гуйдаг ахуйн шинж чанартай асуудал нь ердөө дуусахгүй. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн засгийн газар унах үеэр хувийн асуудлыг нь дэмжээгүй нэг гишүүн “Тэгвэл таны засгийн газрыг унагана, заа” гэж хэлээд хаалга саван гараад, гарын үсэг зурсан гэх “домог” яриа бий. Тэр нь ч үнэн юм. ЗГХЭГ-ын даргын өрөөнд орж ирчихээд “Ганц ч хүнээ энэ тэнд томилуулж чадсангүй. Энэ засгийн газрыг байгуулахын төлөө их л зүтгэсэн” гэж агсам тавин айлгадаг гишүүд ч зөндөө.
Ар өврөөр нь айлгаж нэг үзээд, аргадаж нэг үзсээр байгаад хувийн ажил төрлөө бүтээгээд сурчихсан хүмүүс. БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа гишүүн ажиллаж байхад хөөрхөн бийлэг амьдардаг нэг эмэгтэй гишүүн “Охин маань гадагшаа сурахаар явлаа. Чи л тэтгэлэг олго” гэж бүлтэлзүүлсээр байгаад, гарын үсэг зуруулж авсан гэх. Энэ харин ч бага хэрэг.
Зарим нь бүр тархиа аймаар сайн “гүйлгэнэ”. Тухайлбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Тос, тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авлаа гээд бөөн шоу хийж байв. Гэтэл тэр үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн гишүүн “Сауд гоби коэл транс” ХХК-ийн эзэмшдэг талбайг зөвшөөрлийн бүсээс “сэмхэн” хасуулчихсан байх жишээтэй.
Засгийн газраас баталсан Тусгай хамгаалалтын бүсэд багтаагүй талбай тул одоо эднийх уул уурхайн үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй үлджээ. Нутгийн иргэдэд “Та нар тусгай зөвшөөрөл цуцлуулвал 54 тэрбум төгрөг өгч чадах юм уу” гэхчлэн тулгадаг. Бүр даам гарчихсан. Б.Чойжилсүрэн гишүүний сүйхээ энэ хүрээд зогсчихгүй. Тэрээр 2019 оны төсөв “Нарны хороолол”-ын цэцэрлэг сургуулиа 18.9 тэрбум төгрөгөөр зарж, мөнгийг нь авахаар суулгасан.
Сургууль, цэцэрлэгийнхээ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй тухайлан уулзаж, “Сайн чанрын тоосгоор барьсан” гэхчлэн баахан магтсан байдаг. Үнэ буулгах боломжийг Сангийн яамнаас гарсан ажлын хэсгийнхэнд төдийлөн олгоогүй гэж байгаа юм.
-БҮЛЭГ ДЭЭРЭЭ Ч, ГАДААД Ч АМИН ХУВИЙНХАА АСУУДЛЫГ ЯРЬЖ ЯВДАГ-
Эрх баригч намын бүлгийн хурал дээр А.Сүхбат гишүүн “Өөрсдийнхөө компанийн нэр дээр ЖДҮХС-гийн зээл авч болохгүй гэж томчууд нь хэлэхгүй яасан юм. Шинэ гишүүдийг мэдээллээр хангасангүй” гэж загнасан нь бий. Тэд ингэж л хувийн эрх ашгаа парламентийн суудалтайгаа хольж хутгадаг хүмүүс.
Мөн бүлгийн хурал дээр “Манай бизнесийг дандаа алаг цоог үзэж байгаа” гэж нэг гишүүн зангираад, өмнөөс нь Д.Оюунхорол гишүүн “Харин ч танайх сайр дээр алт угааж, даварч байгаа шүү” гэж баахан үзэж тарсан гэх.
Энэ мэтээр хувийн ахуйн шинж чанартай хов, хэрүүл нь ерөөсөө тасрахгүй. Манай шударга үнэний туйл болсон Т.Аюурсайхан гишүүн хоёр жилийн өмнө Монгол банкнаас хэрэгжсэн хөтөлбөрүүдийг шалгаж, бузгай ажилласан. Тэр үедээ Ц.Гарамжав гишүүнд хамаарах хоёр хуудас материалыг УИХ-ын дарга М.Энхболдын хүсэлт гэх нэрийн дор сугалаад, нийтэлчихэж л байв.
Туйлын зөв, тасарчихсан шударга хүн гэж угаас парламентад үгүй. Л.Оюун-Эрдэнэ гишүүн л гэхэд “Монголросцветмет”-ийн Санхүү эрхэлсэн орлогч захирлаар биеийн тамирын багш мэргэжилтэй хүнийг зүтгүүлсээр байгаад л тавьсан байдаг. Манай ахмад гишүүд хүн томилуулахаар гуйгаад, тэр нь бүтэхгүй бол мэндэлсэн ч дууграхгүй шахам явдаг гэх. Тэр томилуулах гээд байгаа хүмүүс нь очоод юу ч хийдэг юм. Огт эрх ашиггүй ажиллана л гэж байхгүй. Томилуулсан гишүүнийхээ хувь хувьсгалд туслаад л явдаг байлгүй, хөөрхий.
Түүнчлэн гадны оронд томилолтоор яваад, зочид буудлаа голж, гадаа гараад хөлөө жийгээд суучихдаг, ихэнх цагтаа шоппинг хийгээд явчихдаг, эсвэл архи үнэртүүлсээр өглөө уулзалтад ирдэг гэх хэл яриа огт тасардаггүй. Гаднаа нэг л их сайхан хүмүүс. Дотооддоо байгаа байдал нь нэг иймэрхүү.
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.