Нийгмийн

ТӨРИЙН ОРДНООС: УИХ-ын гишүүд хүүхэд насны ШИНЭ ЖИЛИЙН дурсамжаа хуваалцлаа

Өнөөдөр шөнө 12:00 цагт он солигдож, 2022 он айлчлан ирнэ. Бид хоёр он солигдох энэхүү баярын өдөр улс төрөөс өөр зүйл ярьдаггүй УИХ-ын гишүүдийн амнаас бага насных нь шинэ жилийн дурсамж, түүхүүдийг нь сонссоноо та бүхэнд хүргэж байна.


Х.БОЛОРЧУЛУУН: ХӨЛДҮҮ Ч ГЭСЭН АЛИМАА МЭРЖ ИДЭХЭД АМТТАЙ САНАГДДАГ БАЙЛАА

Шинэ жил бол хүмүүсийн, тэр тусмаа хүүхдүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг, хөгжөөнтэй баяр л даа. Өвлийн өвгөн онц сурсан хүмүүст бэлэг өгнө. Ялангуяа бэлгэнд байх алим маш гоё. Бидний үед алим ховор байлаа шүү дээ. Хөдөө суманд алим хөлдчихсөн очно. Хөлдүү ч гэсэн мэрж байгаад иднэ, маш амттай санагдана.

Сургуулийн хүүхдүүд одоогийнх шиг шинэ жилийн чимэглэлдээ бэлэн гоёл өлгөхгүй шүү дээ. Бүх хүүхдэд даалгавар өгчихнө. Нэг хүүхэд гэхэд 20 ширхэг далбаа зурж ир гээд. Гацуур модноос авахуулаад янз бүрийн амьтны дүрс зураад сургуулийнхаа зааланд өлгөдөг. Шинэ жилийн өдөр хүүхдүүд миний зурсан зураг тэнд байна гэж ярьж, онгирдог байлаа. Одоогийнхийг бодоход бүх зүйл оригоороо шүү дээ. Гараар зурна, өөрсдөө дуулж, бүжиглэнэ. Өвлийн өвгөнд сургууль дотроосоо өөрсдөө тоглоно.

Ханын сонин гаргана. Сар бүр ажлаа дүгнээд, дөрвөн мөрт уншаад тэр сараа илтгэсэн хувцас өмсөж шүлгээ уншдаг байсан. Дөрөвдүгээр сард гэхэд мотоциклын каск, биеийн тамирын хувцас өмсчихөөд сансрын нисгэгчтэй адилхан болно. Би долдугаар сар болоод зодог шуудаг өмсөөд шүлгээ уншиж байлаа. Тэр бүхэн дурсамжтай сайхан санагдах юм даа.

Бас хөгтэй нэг дурсамж бий. Чойбалсан сумын Гараашийн шинэ жил болоод 12 сараа уншиж байлаа. Би долдугаар сар болчихсон. Ах нар шинэ бүтээл нэвтрүүлсэн байв. Сүлд модны орой дээр дэлхийн бөмбөрцөг эргэдэг, түүнийгээ толиор хийчихсэн байсан. Гэтэл нөгөөх нь гэнэт оч авалцаад, хөвөнд нь гал авалцаад гал гарсан. Тэр үед би дөрөвдүгээр ангийн хүүхэд байсан. Хаалгаар гарч чадалгүй, буланд шахуулаад хүмүүсийн дүйвээнд амьсгал авч чадахгүй, бараг бүтэж үхэхээ дөхсөн. Арай чамай гараад иртэл үүдээр дүүрэн хүмүүсийн малгай, гутал, хувцас хөглөрч байсан. Би тэр орой жонон хар гээд 60 төгрөгийн үнэтэй  гялгар малгай өмсөөд гарсан юм. Тэр үедээ үнэтэй шүү дээ. Гэтэл тэр дүйвээнд малгайгаа алга болгочихсон. Тэгээд ээжээрээ загнуулж, ааваараа өмөөрүүлж байсан хөгтэй түүх бий. Шинэ жил бол дандаа дуу хуур, хөгжим бүжигтэй, хүний амьдралд хөгжөөн баясалтай баяр шүү дээ.


Н.ГАНИБАЛ: АЙЛ БҮРИЙН ЦОНХОН ДЭЭР ЗАССАН ГАЦУУРААР ШИНЭ ЖИЛИЙН УУР АМЬСГАЛ МЭДЭРДЭГ БАЙЛАА

Шинэ жил бол хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн хамгийн гоё баяр. Шинэ жилээр мандарин, алим иддэг. Түүнийх нь үнэр сэнхийдэг. Онц сурахаар бэлэг авна. Анхны бэлэг авч байсан агшин хамгийн гоё байжээ. Сургуулийнхаа шинэ жилээр бэлэг аваад, гэртээ авч ирээд аав ээж, дүү нартайгаа хувааж идэж байсан тэр л агшин миний сайхан дурсамж юм уу даа. Биднийг бага байхад айл бүр жижиг жижиг гацууртай. Түүнийгээ цонхныхоо тавиур дээр тавьчихаад чимээд, жижиг гэрэл асаачихна. Шинэ жил болж байгааг айл бүрийн цонхных нь гэрлээр харж, шинэ жилийн ур амьсгал мэдэрдэг байсан. Ер нь Монголчууд Европчуудаас илүү шинэ жил гэдэг баярыг төгсрүүлсэн байдлаар баярлаж байна. Цагийн сайханд албан газраараа шинэ жилээ хийж, аваргуудаа шалгаруулж, цаашдынхаа ажлыг ярьдаг байлаа. Одоо бол хэт хавтгайраад, нэг хүн олон жинэ жилд ордог болжээ. Мөн 12 сар тэр чигтээ баярын сар болсон байна.


П.АНУЖИН: ХАРШИЙН ЁОЛКОНД ОЧИЖ, НИЙГМИЙН ГАРАМГАЙ ЗҮТГЭЛТНҮҮДТЭЙ ВАЛЬС ЭРГЭЖ БАЙСАН ГЭГЭЭЛЭГ ДУРСАМЖ БИЙ

Миний хүүхэд насны шинэ жил хүүхдийн төв ордны Харшийн ёолктой салшгүй холбоотой. Тэр ёолконд бараг арван жил оролцсон. Харшийн ёолконд жижиг цасан ширхэгээс эхлээд цасан охин болох хүртлээ оролцсон. Үргэлж онц гардаг байсан учраас шилдэг сурагчийн шагнал авдаг байлаа. Санаанд тод үлдсэн дурсамж бий. Дээр үед харшийн ёолконд бүжиг бэлдэж байгаад нэг бэлэг авдаг байсан. Харшийн сүлд модны наадмын бэлэг гэдэг бол хамгийн гоё нь байлаа. Тухайн үед би сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном гуайтай бүжиглээд. Гэтэл намайг жаахан юм байж ээ хөөрхий минь гээд өхөөрдөөд өөрийнхөө бэлэгний эрхийг надад бэлэглэчихсэн. Тэр жил би Д.Содном гуайн авах ёстой бэлэг, өөрийнхөө бэлэгтэй гэртээ харьж дүүдээ нэгийг нь өгч байсан дурсамж бий.

Мөн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа урьж бүжиглээд, гурав дөрвөн жил харшийн ёолк бүр дээр вальс эргэж байсан маань тод дурсамж болж үлджээ. Тухайн үед төр нийгмийн гарамгай зүтгэлтнүүдтэй ёолконд хамт бүжиглэсний дараа энэ хүн надтай ийм зүйл ярьсан гэх мэтээр гэртээ очоод хөөрч ярьдаг байсан гэгэээлэг дурсамжууд санаанд бууж байна.

Тэр үед баяр цэнгүүн хавгайрсан маягтай байсангүй. Маш үнэ хүндтэй, цөөхөн, чанартай байсан учраас тэр үед хүн бүр догдлон хүлээж, гавьяа шагнал нь шагналын дайтай байсан юм болов уу.


Х.БУЛГАНТУЯА: ШӨНӨ ДУНД БОСООД ЁОЛКОНДОО ЯВЪЯ ГЭЭД ЯАРЧ БАЙЛАА

Би харшийн ёолзонд орох дуртай хүүхэд байлаа. Тухайн үед тэр ёолконд онц сурдаг хүүхдүүдэд урилга олддог. Нэг удаагийн харшийн ёолконд оролцох гээд оройжингоо лент, хувцас хунараа бэлдээд унтсан. Тэгээд гэнэт шөнө дунд босоод манайд хичээлээ хийгээд сууж байсан оюутан эгчид “ёолкондоо явъя, хоцорлоо, хурдан хувцсаа өмсөе” гээд хөглөж байсан маань санагдаж байна. Тэгж их догдолж хүлээдэг байлаа. Биднийг хүүхэд байхад шинэ жилийн баяр маш их дурсамжтай байжээ. Бүх хүүхэд, бүх айл өрхөд шинэ жилийн мэнд хүргэе ээ.


Ц.МӨНХЦЭЦЭГ: ЭРЭГТЭЙЛЭГ, ТОМ БИЕТЭЙ БАЙСАН УЧРААС ЦАСАН ОХИН БОЛЖ ЧАДААГҮЙ

Надад шинэ жилийн олон сайхан дурсамж бий. 1980 онд манай ах ёолконд ороод сургууль дээрээ шинэ жил тэмдэглэх үед би эмээтэйгээ хамт очиж байсан юм. Ах маань онц сураад өвлийн өвгөнөөс бэлэг авсан. Тэр дотор Ну погоди гээд оросын хүүхэлдэйн киноны ном байж байсан. Тэгэхэд таван настай байсан би хурдхан сургуульд орж, бэлэг авах юмсан гэж их хүсэж байлаа. Би 1983 онд сургуульд ороод мөн онц сураад өвлийн өвгөнөөс бэлэг авч байсан. Бас нэгдүгээр ангидаа цасан охин болъё гэж их хүсэж байсан ч өндөр, эрэгтэйлэг учраас болоогүй. Дунд ангидаа ороод тухайн үед манай ангийнхан үлгэрийн кинонуудад тоглож, өөрсдөө үлгэрийн баатар болж, сургуулийнхаа ёолконд тоглодог байлаа. Би өндөр, халимаг үстэй, тамирчин хүүхэд байсан. Тиймээс надад амьтан юм уу эсвэл эрэгтэй дүр таарчихдаг байсан. Бидний үед өөрсдөө бүх зүйлээ хийдэг байсан. Цаас нугалж байгаад саа, чимэглэл хийнэ. Ангиуд ханын самбар гаргаж уралдана. Марлиар хувцас хийгээд том саанууд наагаад өмсдөг байлаа. Харшийн ёолконд орж бэлэг авч байлаа. Тэр бэлэг нь их  гоё. Олддоггүй, оросны ховор зүйлс байдаг. Хүүхэд насны шинэ жилүүд хамгийн сайхан байжээ.


Б.ПҮРЭВДОРЖ: 75 ХАВЬЦАА СУРДАГ БАЙСАН УЧРААС ХАНЫН САМБАР ЗУРЖ Л ШАГНУУЛДАГ БАЙЛАА

Миний хүүхэд байхын шинэ жил дурсамжтай, сайхан болж байсан. Хүлээдэг байлаа. Сумын шинэ жил болохоор клубт баахан утас уяж байгаад саа дүүжилж, унжуулдаг. Манай аав шугам зургийн багш байсан. Баахан цаасан амьтан хайчлаад уядаг байлаа. Даруухан болно. Хотын хүмүүс цаасанд боосон алим энэ тэр иддэг байсан гэж байгаа юм. Манай суманд тийм бэлэг ховор. Өвлийн өвгөн ирнэ. Бид өвгөнөө таньдаг. Тэр гуай байна гээд бүгд мэддэг. Тэгсэн мөртлөө өвлийн өвгөнөөс бэлэг авна гэхээр их баярладаг. Онц сурлагатан, цөөхөн хүүхэд авна. Манай ангийнхан урлаг, сурлагаараа тэргүүлсэн хүүхдүүдтэй анги байлаа. Би бол 75 хувь хавьцаа сурдаг. Би жаахан томроод, долоо, наймдугаар ангид ороод ангийнхаа ханын самбар гаргадаг болсон. Самбар дээрээ шинэ жилийн мэнд хүргэе гэж дармалдаад их гоё бичнэ. Би гарын ур дүй сайтай байсан учраас ихэвчлэн ханын самбараараа л шагнал авдаг байлаа. Харин урлаг, сурлагаар тэргүүлдэг охид ихтэй. Шагнал авч байгаа нь л надад сайхан байсан даа.


Ж.СҮХБААТАР: МАНДАРИНЫГ ПААРАН ДЭР ТАВЬЖ ҮНЭРЛЭНЭ, ГАРНААСАА ҮНЭРЛЭНЭ

Амьдрал гэдэг бол сайхан дурсамжуудын хэлхээс гэдэг. Сайхан дурсамжууд үлдээсэн цаг үе бол хүүхэд насны шинэ жилийн баярууд байдаг. Би 1980-аад оны хүүхэд. Тэр үед хамгийн их хүлээдэг байсан нь ёолк засах. Тэр үед жижигхэн ёолк байдаг байлаа. Сүүлдээ томроод, улам л  гоё болж байсан. Ёолкоо засчихаад жижигхэн гэрлүүдээр чимэглэж, асаах нь гоё. Миний хуучин ёолкны чимэглэлүүд манай ээжид байдаг юм.

Бас цэцэрлэгт байхдаа баавгайн дүрд тоглоно гээд хувцас байдаггүй. Тэгээд гэртээ ирээд ээждээ хэлж шаналгаж байсан санагддаг. Тэгээд ээжтэйгээ нийлж баавгайн хувцас хийгээд мөөжиг жөөжиг алхаатай, ойн хүрэн баавгай гээд гар хөлөө хөдөлгөөд тойроод явж байсан маань тод санагддаг.

Тэгээд бас хүн бүр ярьдаг даа. Мандарины үнэр. Гоё бэлэг. Гацуурын зүүлт, чимэглэлүүд. Мандариныг пааран дээр тавьж нэг үнэрлэнэ. Гарнаасаа үнэрлэнэ. Бас сургуулийн ёолк гоё. Тэндээсээ гараад мөсөн дээр гулгаад л хөөрлийн байдалд орчихдог байсан. Зурагт тэр үед хязгаартай, тодорхой цагт гардаг. Тухайн үеийн зөвлөлтийн гоё кинонууд байдаг даа. Москвад найзуудтайгаа архи ууж явж байгаад ленингардад сэрдэг. Социализмын үед ижил байрууд ижил  түлхүүртэй байдгийг харуулж байгаа юм. Маш гоё кино. Хүүхэд насны шинэ жил гэлтгүй 1990-ээд оны эхэн үеийн оюутан цагийн шинэ жилүүд ч сайхан. Тэр үеийн мэдрэмж  гоё. Сүхбаатарын талбайд зассан том гацуур хараад хөөрнө. Дотуур байрандаа хөөрхөн тавгаа засаад баярлана. Сэтгэл хөөрөл, үнэр, мэдрэмж, сайхан гэгээлэг байдаг. Шинэ он гараад амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гэхдээ шинэ тоолол эхлэхээр бүх зүйлийг гоёор төсөөлдөг шүү дээ. Одоо шинэ он гарах гэж байна. Дахиад л нөгөө киногоо үзнэ дээ. Жил бүр давтагддаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-31 10:29

Та нар даан ч өлөн байдгийм аааа

Иргэн
Иргэн
2021-12-31 11:53

Эд нарын элдэв яриа хэнд хэрэгтэй юм дээ хүүхэд байхдаа хүн бүхэн л шинэ жилээр хүсэл мөрөөдөл баяр хөөрөөр дүүрэн байдаг ш дээ зарим сэтгүүлчид УИХ-ын гишүүдийг рекламдах гээд ядчих юмаа ашигтай байдаг юм болов уу?

Зочин
Зочин
2021-12-31 13:57

Энэ Анужин чинь Содном гуайгаар эхлээд Очирбатаар үргэлжлүүлсэн гэж байна шүү , архаг авгай ажээ ...

Ganaa
Ganaa
2021-12-31 15:49
Reply to  Зочин

Jagaa ahiin heldeg ortoidog oo tee

Зочин
Зочин
2021-12-31 15:55

Пааа Содном оор эхлээд Оочкоо ахаар уда�##�аад яаа янзын үү айннн?

Зочин
Зочин
2021-12-31 15:57

Анужин харшийн ёолк - д ордог байсан байх аа , хүүхдүүд бахархаж , хөөрөлдөж , хөгжилдөг байсан санагдана . 10 жил ОНЦ сурч , сургуулиасаа ШАЛГАРЧ гэдэг юу л бол , манайд мундаг хүүхдүүд зөндөөн байсан \ одоо энэ эрхэм гишүүн Цогтбаатар , Ганбаатар , Март г . м \ , олон хүүхэдтэй том сургууль болохоор нэг хүүхэд 10 жил монополчлох боломжгүй ш дээ ... " Төрийн том хүн болчихоод томоожсон болов уу гэсэн чинь " хэвээрээ ш дээ " , энэ Бодоо зрлиг чинь " , худлаа хэлж болохгүй дээ - үйл явд�##� жижгээсээ эхэлж гуйвб�##� , томрох тусмаа НОЦТОЙ болдтийг монголын түүх харуулж байна гэцгээдэг биз дээ , манай төрийн түшээд . Энэ бол хэлмэгдсэн түүх бүтэх үүд ха�##�га ... Тэр үеийн багш нараас \ сурагчид тэр чигээрээ \ амьд сэрүүн хүмүүс байна аа байна ...

Болормаагаа
Болормаагаа
2022-01-02 07:24

Жамъянхорлоогийн Сүхбаатарын ээж ня- бо ажилтай Энхтуяа эгч маань их сайхан хүнд тусархуу сайхан хүн шүү.. Миний төрсөн ахын найз байж билээ. Сүхбаатартаа ажлын амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button