НИЙГЭМНийгэм ярилцлага

Үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга Ш.Батырбек: Аавтайгаа бэлтгэлээ базааж, цол авсан наадмыг хэзээ ч мартахгүй

"Хот руу бэлтгэлд гарч амжаагүй учир аав намайг дасгалжуулж, сумынхаа наадамд барилдаж сумын заан цол хүртсэн. Тэр л хамгийн сайхан мартагдашгүй дурсамж болон үлдсэн" гэж ярих түүнийг Ш.Батырбек гэдэг. Тэрбээр Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат "Эв монгол клуб", "Тастүлек дэвжээ"-ний бөх. Ш.Батырбек есөн настайгаасаа барилдаж эхэлсэн бөгөөд өдгөө ес дэх жилээ үндэсний бөхөөр хичээллэж байна.

16 настайдаа аавтайгаа гэртээ бэлтгэлээ хангаж, тэр зуны наадамд сумын заан цол хүртсэн бахдам амжилтын эзэн. Энэ жил тэр Улсын аварга шалгаруулах өсвөрийн бөхийн барилдаанд гурав дахь жилээ дараалж барилдсан юм. Өнгөрсөн жил шигшээ шатанд шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин энэ жил 18 насны ангилалд 33 барилдаан хийж 31 даваа, хоёр унаатайгаар түрүүлсэн билээ. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

-Би бага ахаасаа 14 насаар дүү, "хэнз хүүхэд" аавынхаа хүслийг биелүүлэх гэж ирсэн-

-Юуны өмнө Монгол Улсын үндэсний бөхийн өсвөрийн аварга болсон танд баяр хүргэе. Энэ жил гурав дахь жилээ оролцож, өсвөрийн аварга боллоо шүү дээ?

-Заа баярлалаа, гурван жил дараалан барилдаж түрүүллээ. Анх 16 насандаа Сэлэнгэ аймагт зохиогддог жил зургаадугаар байранд орсон. Өмнө жил шигшээ шатанд шалгарч хараахан чадаагүй. Энэ жил өсвөрийн насанд барилдах сүүлийн боломж байсан учир эртнээс бэлтгэлээ сайн хийж, өмнөх жилийн дутуугаа гүйцээж сайхан барилдаж түрүүллээ. Сэтгэгдэл өндөр байна.

-Тэмцээний турш нэлээдгүй ачаалалтай барилдаанууд хийлээ. Нийт 33 барилдаан хийсэн, хэд давж хэд унав?

-Өсвөрийн тэмцээн гурван өдөр үргэлжилсэн. Эхний хэсгийн барилдаанаас хоёрдугаар байраар шалгараад, хагас шигшээд тавдугаар байраар гарч, шилдэг 10-т үлдсэн. Нийт 33 барилдаж дэвжээний хоёр найздаа унаад 31 давж түрүүлсэн.

-Барилдааны үеэр Р.Омар та хоёрын нэгнийхээ мөрийг дэрлээд сууж буй зураг байсан?

-Р.Омар манай дүү байгаа юм. Дүү маань 33 барилдаж, 33 даваа авч 16 насанд түрүүлсэн. Тэмцээний үеэр хүнд барилдаанууд хийсэн учир хоёул ядраад нэгнээ дэрлээд сууж байхад зураг дарсан байсан.

-Танай аав аймгийн начин цолтой Х.Шарав гэж хүн байдаг шүү дээ. Мэдээж бөх болоход аав таны нөлөөлсөн байх.

-Манай аав аймгийн начин цолтой Х.Шарав гэдэг хүн байдаг. 1992 онд аймгийн начин цол хүртсэн. Анх "аав шиг ээ, мундаг бөх болно" гээд л бөхийн замыг сонгосон. Есөн настайгаасаа эхэлж бөхийн спортоор хичээллэсэн. Баян-Өлгий аймгийн начин С.Бахыт багшийнхаа удирдлага дор үндэсний бөхийн бэлтгэлээ хийж эхэлсэн.

-Хүүхэд байхдаа ямар хүүхэд байв. Эхээс хэдүүлээ вэ?

-Айлын бага хүүхэд, нэлээн эрх өссөн. Их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг юм. Эхээс дөрвүүлээ, дээрээ нэг эгч хоёр ахтай. Хоёр ахын хүнд гараар л өссөн дөө /инээв/. Бага ахаасаа 14 насаар дүү, айлын "хэнз" хүүхэд. Аавынхаа хүрээгүй цолонд хүрч хүслийг нь биелүүлэхээр ирсэн гэж боддог.

-Хотод анх хэзээ орж ирэв. Орон нутгаас ирсэн хүүхдүүдэд багагүй саад бэрхшээл тулгардаг шүү дээ?

-Анх 10-р ангид ордог жилээ "Аварга" сургуульд суралцахаар дотуур байранд ирсэн. Ах нартай хамт дотуур байранд байдаг байсан. Гэрээ их санана, автобусаа мэдэхгүй их төөрдөг байлаа. Одоо ямар ч байсан төөрөхөөргүй болсон. "Аварга" дээд сургуулийн биеийн тамирын багшийн нэгдүгээр курсийн оюутан. Хичээлдээ суугаад бэлтгэлээ хийгээд л явж байна.

- Аавтайгаа наадсан тэр жил сумын заан хэмээх цолонд хүрсэн -

-Том цолтой бөхчүүдийг хараад байхад үндэсний бөхийнхөө суурийг их спортоор тавьсан байдаг шүү дээ. Таны хувьд үндэсний бөхөөс гадна өөр төрлийн спортоор хичээллэж байна уу?

-Эхний хоёр жилээ үндэсний бөхөөр дагнаж бэлтгэлээ хийдэг байсан. Гурав дахь жилээсээ Жүдо бөхөөр хослуулж, барилдаж эхэлсэн. Ер нь их спортын ашиг тус үнэхээр хэрэгтэй юм билээ. Том цолтой бөхчүүдийг хараад байхад бүгд л их спортоор үндэсний бөхийнхөө суурийг тавьсан байдаг. Цаашдаа хослуулаад бэлтгэлээ хийгээд явъя гэсэн бодолтой байгаа.

-Үндэсний бөх болон жүдо бөхийн бэлтгэлээ хаана, ямар багшийн удирдлага дор хийж байна?

-Үндэсний бөхийн бэлтгэлээ "Эв монгол клуб" Улсын начин Б.Адьяахүү багшийн удирдлага дор хийж байгаа. Жүдо бөхөө бэлтгэл одоохондоо хийхгүй байна. Чөлөөт бөхийн бэлтгэлээ МУГБ Г.Мандахнаран багштайгаа базаадаг.

-Таны хувьд 16 насандаа сумын заан цол хүртсэн ховор амжилтын эзэн. Цол хүртсэн наадмынхаа тухай яриач?

-Тухайн жилийн наадмаар цол хүртэнэ гэж бодоогүй. Үнэхээр гэнэтийн зүйл болсон. 2023 оны Бугат сумын наадам болдог өглөө аав руу найз нь залгаад "Сумын наадам эхлэх гэж байна. Хүүгээ ирж барилдуул" гэж хэлсэн. Тэр зун би наадмын бэлтгэлд гараагүй байсан юм. Гэртээ аавтай хамт мэх давтаж, бэлтгэлээ базаагаад сумын наадамд барилдсан. Аавтайгаа наадсан тэр жил сумын заан хэмээх цолонд хүрсэн. Миний хэзээ ч мартахааргүй хамгийн сайхан наадам тэр байсан даа.

-Ш.Батырбек түргэн шуурхай хөдөлгөөнтэй, хөлд орох мэхийг түлхүү хийдэг. Уян хатан барилдааны онцлогтой санагддаг?

-Бусад өрсөлдөгчдөө бодвол би чинь нуруу нам, бие жижиг шүү дээ /инээв/. Тиймээс өөрийн биеийн онцлогтоо тааруулж, барилдааны хувилбар мэхээ боловсруулна. Чөлөөт бөхөөр хичээллэдэг учир хөлд орох болон аль болох задгай барилдаан хийх нь давуу тал болдог.

-Баян-Өлгий аймгийн наадамд таны хувьд нэлээдгүй гарч барилдсан. Энэ жил гурав давж дөрвийн даваанд өвдөг шороодсон шүү дээ. Тухайн үеийн барилдаануудыг эргэн дурсвал?

-2021 оноос гарч эхэлсэн. Өсвөрийн барилдаанд барилдчихаад бөхчүүдийн аманд гардаг болсон. Аманд гарсан эхний хоёр жилээ нэгийн даваанд гараад л тахим буулгадаг байсан /инээв/. 2023 оноос эхлээд ганц давдаг боллоо, 2024 онд хоёр давсан. Энэ жил бэлтгэл сайн байсан учир аймгийн цол авах зорилготой барилдсан. Даанч гурав даваад, дөрвийн даваанд нутгийн аймгийн арсланд өвдөг шороодсон.

-Хэтийн зорилго гэвэл Улсын наадамд түрүүлэх-

-Таны дархан аварга Н.Батсуурь аваргатай барилдаж буй зураг байдаг. Тэр хэдэн оны барилдаан бэ, аваргатай барилдах ямар байсан?

-2023 онд сумын заан цол авсан жилээ "Наурызын баярт" зориулсан бөхийн барилдаанд Дархан аварга Н.Батсуурийн аманд гарч барилдсан. Тухай үед даян аварга цолтой байсан л даа. Аваргатай барилдсан барилдаанд элэг бүснээс нь барьц авч чадсан ч удалгүй өвдөг шороодсон. Гэхдээ аваргын баруун мөрнөөс адис аваад тахим буулгасан даа. Миний хамгийн том цолтой бөхтэй барилдсан барилдаан маань тэр байсан.

-Залуу хүний хувьд мэдээж цолоо ахиулах зорилготой бэлтгэлээ хийж байгаа байх. Таны хэтийн зорилго юу вэ?

-Тэгэлгүй яах вэ, мэдээж аймгийн цол авах ойрын зорилготой. Мөн сар бүр болдог сумын заануудын барилдаанд тогтмол сайн барилдах бодолтой байгаа. Миний хэтийн зорилго гэвэл Улсын баяр наадамд түрүүлэх.

-Бөхийн өргөөнд зохиогддог сумын заануудын барилдаанд өөрөө тогтмол хоёр, гурав давж байгаа харагддаг?

-2023 оны сумын заануудын барилдаанд хоёр давж байсан. 2024 оноос эхлээд тогтмол гурав давдаг болсон. Туршлагатай сумын заануудтай сар бүр тогтмол барилдаад байхад эрс сайжирдаг юм билээ. Сайхан ах нараасаа барилдаан сураад л явж байна.

-Мэдээж аав шигээ бөх болохыг зорьж хичээж байгаа байх. Өөр үлгэр жишээ авдаг бөх байдаг уу?

-Монгол Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар ахын барилдааныг их хардаг. Харцагаас үлгэр жишээ авч мэх бүрийг нь ухрааж үздэг. Ер нь бид хоёрын биеийн хэмжээ адилхан санагддаг /инээв/.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа-

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

????????

Last edited 2 Цаг Өмнө by Б. Лувсанпэрэнлэй
Зочин
Зочин

ЗИА ХӨВҮҮН САЙН БАРИЛДААРАЙ БАЯР ХҮРГЭЕЭЭ СҮҮЛИЙН ҮЕД БАЯНӨЛГИЙГӨӨС МАШ САЙН МУНДАГ ЗАЛУУЧУУД ТОДРОН ГАРЧ БАЙНА ЭНЭ ИХ САЙН ШҮҮ.БӨХ ХҮНИЙ ЖУДАГ ЁС ЖАЯГИЙГ ЧИ САЙН СУДЛААРАЙ СИРЫК ЗААН ЧАМД ИХ ЮМ ЗААНА ШҮҮ ТЭР АГААГАА ДАГАЖ НАМИРЧААХАД УЧИРТАЙ ЗААН ӨӨРӨӨ ИХ УРАН БАРИЛДААНТАЙ БӨХ ШҮҮ.ЗА ЕНЕ ЖИЛ ЕРЧ КҮЧТЭЙ ЦАЙХАН НЬ БАРИЛДАН ЗААН БОЛЖЭ ЕНЕ АМЖИЛТА БАТАТГАН ЕРИХ ЖИЛ БАР БОЛОРОЙ КӨВҮҮН

Холбоотой мэдээ

Back to top button