Гадаад мэдээДЭЛХИЙ

Биткойны ханш яагаад түүхэн дээд хэмжээнээсээ 20 гаруй хувиар унав

Крипто зах зээлийн уналт үргэлжилж байна. Тухайлбал мягмар гарагт /2025.11.04/ Биткойны ханш 99 мянган ам.доллар руу унахад их ойртож ирж, Эфериум сүүлийн дөрвөн сарын хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Үүний улмаас нэг өдрийн дотор крипто зах зах зээлийн үнэлгээ 2 тэрбум ам.доллароор буурчээ.Мягмар гарагт Биткойны ханш тавдугаар сараас хойш 100 мянган ам.доллароос доош орсон юм. “CoinGecko” сайтаас харвал Биткойны ханш 99,075 ам.доллар хүрч унасан байна.

Сүүлийн нэг сарын дотор дэлхийн крипто зах зээлээс 840 тэрбум ам.доллар арчигджээ. “CoinMarketCap” сайтаас харвал аравдугаар сарын 5-нд 4.21 их наяд ам.доллар байсан крипто зах зээлийн үнэлгээ мягмар гарагт 3.36 их наяд ам.доллар болж буурсан аж.

Энэ жил Биткойны үнэ хэд хэдэн удаа шинэ дээд амжилт тогтоосон. Трампын захиргаа крипто зах зээлд тавьдаг зарим зохицуулалтыг зөөлрүүлэх хууль тогтоомжийг дэмжсэн нь Биткойны үнэд эергээр нөлөөлсөн юм.

Биткойн хоёр сарын дотор 110 мянга болон 120 мянган ам.долларын босгуудыг давсан. Зарим томоохон компаниуд Биткойнд хөрөнгө оруулна гэж мэдэгдсэн нь үнийн өсөлтөд мөн нөлөөлжээ. Тухайлбал Трампын “Trump Media and Technology Group” компани 2.5 тэрбум ам.долларын үнэ бүхий биткойны нөөц бүрдүүлэхээр төлөвлөснөө зарласан.

Зургийн эх сурвалж: Algo

Гэвч аравдугаар сарын дундаас хойш крипто арилжаачид эрсдэлтэй арилжааг хязгаарлаж, ажиглах байр сууринд шилжсэн юм. Учир нь Трамп БНХАУ-д оноодог гаалийн татварыг 100 хувиар нэмнэ гэж сүрдүүлсэн билээ. 

Уг явдлаас өмнө АНУ-ын засгийн газар төсөвгүйн улмаас үйл ажиллагаа нь зогссон. Үүний улмаас хөрөнгийн зах зээлээс 700 тэрбум ам.долларын хөрвөх чадвартай капиталыг Төрийн сангийн Ерөнхий данс руу татаж төвлөрүүлсэн юм. Ингэснээр санхүүгийн нөхцөл чангарч, крипто зэрэг эрсдэлтэй хөрөнгийн үнэлгээ дагаад буурсан.

Аравдугаар сарын эхээр Биткойны ханш 126 мянган ам.доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоосон. Тэрнээс хойш ханш нь 20 орчим хувиар унаад байгаа юм.“Psalion” сангийн удирдагч Тим Эннеккинг “Биткойны ханш уналтын хамгийн гол шалтгаан бол зүгээр л зах зээл ядарсан явдал. Муу мэдээ гараагүй. Гагцхүү зах зээл бага зэрэг сульдсан” гэжээ.Эннеккинг зах зээлд тулгарч буй дараах хүчин зүйлсийг нэмж дурдсан юм. 

Үүнд: 

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогыг хүүг хэрхэн өөрчлөх бол гэсэн хүлээлт

АНУ дэлхийн олон улстай өрнүүлж буй худалдааны дайны тухай эргэлзээ

Уламжлалт хөрөнгийн зах зээл рекорд дээд хэмжээнд хүрээд буйгаа хадгалж чадах эсэх тухай айдас

Зарим арилжааны сангууд үйл ажиллагааны зардал болон өр төлбөрөө дарахын тулд хөрөнгийнхөө хэсгийг зарж байгаа зэрэг нь зах зээлд сөрөг даралт үүсгэсэн зэрэг явдал орж буй.

“CryptoQuant”-ийн судалгааны ахлах ажилтан Хулио Морено зах зээл сул хэвээр байгааг онцолсон юм.Тэр “Аравдугаар сарын том ликвидацийн дараа зах зээлийн үндсэн нөхцөл байдал сул хэвээр байна. Тиймээс одоо харагдаж буй ханш уналтыг зах зээл өөрийгөө засаж байгаа хэрэг гэж хэлж болно” гэсэн юм. 

Тэр мөн АНУ дахь Биткойны эрэлт буурч буйг дурджээ. Морено “Биржээр арилжаалдаг сангуудаас хөрөнгө гарч байгаа. “Coinbase” дээрх ханшийн нэмэгдэл сөрөг байгаа нь эрэлт багассаныг харууллаа” хэмээсэн байна.

Бусад шинжээчид крипто  зах зээл сүүлийн долоо хоногуудын үймээнээс хойш бага багаар тогтворжиж буйг онцоллоо.“Glider” компанийн хамтран үүсгэн байгуулагч Брайан Хуанг“Өнгөрсөн долоо хоногийн замбараагүй байдлын дараа зах зээл одоо тогтворжиж эхэлж байна” гэжээ.

Тэр нэмж “Хамгийн сонирхолтой зүйл нь ликвидаци биш. Харин хөрөнгө хаана дахин байршсан явдал юм. Хөрөнгө оруулагчид ашиг болон аюулгүй орчныг хайж байгаа тул стэйблкойнууд зах зээлд давамгайлж байна. Гэхдээ блокчейн дээрх гүйлгээнүүд стэйблкойны хуримтлал чимээгүйхэн эхэлснийг харуулж байна” гэсэн юм.

Хуанг мөн “Хэрвээ Биткойн ханшийн чухал түвшнүүд дээрээ тогтвортой байж чадвал, энэ ханш бууралт нь уналт биш харин эргэн тэнцвэржсэн үе байсан гэж хүмүүс үзэж магадгүй” хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: NBC News, Forbes

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button