Улс төрийн мэдээ

Сонсгол дээр хүртэл өширхөлцөх МАН-ынхан "Оюу Толгой"-н хөрөнгө оруулалтын гэрээг шинээр хийхээр улайрах вий

УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголоор өчигдөр "Оюу Толгой"-н гэрээ, хөрөнгө оруулал, Онтрэ компанийн хоёр лиценз зэрэг өргөн агуулгаар хоёр дахь өдрөө хэлэлцэв.

Сонсголын хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг дээр уур амьсгал ерөнхийдөө л МАН-ын хууччуул хийгээд залуу үеийнхний дундах нэг их хагарал цухалзсаар л байв. Хянан шалгах түр хорооны гишүүдийг үндсэндээ бүрдүүлэхдээ УИХ-д суудалтай намуудын төлөөллтийг сонгож, хуралд даргалагчаар О.Батнайрамдлыг 8-р сард сонгосон.

Түр хорооны гишүүдийн хувьд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар бий. Хоёр өдөр хэлэлцсэн "Оюу Толгой"-н гэрээ тойрсон агуулгуудаар түр хорооны гишүүд гэрчүүдээс асуулт асууж хариулт авах зарчмаар явж буй.

Гэтэл асуулт тавьж, нөгөө талаас гэрчүүдийн хариулт ирэх бүрт үүний цаанаас цухалзах улс төрийн байр сууриуд нь одоогийн МАН дотор эрх мэдэлтнүүдийн хэний талд аль эсвэл хэний эсрэг юу ярьж буйгаас хамааран сонсголын уур амьсгал хэрүүл, гомдлын талбар болж хувирав.

Тухайлбал, сонсгол дээр УИХ-ын гишүүн Э.Болормаа, Б.Баярбаатар, Ш.Бямбасүрэн, О.Батнайрамдал нар МАН доторх 80-аад оныхон буюу Л.Оюун-Эрдэнэ талдаа хэмээн хэлэгддэг учир Оюу Толгойн гэрээтэй холбоотой агуулгуудаар МАН-ын хуучууллаас асуух асуулт нь ч илүү давшлангуй буюу одоо ч нам дотроо жин дарж яваа "ах нарынхаа" талаар үг унагуулах талдаа. Ялангуяа энэ дүрээ Оюу Толгойн ТУЗ-д байсан Э.Баясгалангаар илүү тодруулж, цаад утгаараа бол МАН-ын хууччуулынхаа өөдөөс өөрсдийнх нь үед хуудуутай батлаж, түүнд нь үе үеийн МАН-ын томчууд нэр холбогдож явааг одоо 80-аад оныхон л засаж сайжруулж чадна гэсэн итгэл үнэмшлээр О.Батнайрамдал зүтгэж, мөчөөгөө ч өгсөнгүй.

Харин 50, 60-аад оныхон нам доторх аль ч үе дундаа байр алдахгүйг хичээж байгаа мэт харагдавч хоёр өдрийн сонсгол дээр "Бидэнд алдаа байсаан. Залуу үеийнхэн та нар л засна" гэдэг үгээр нөөлөг эрж, 80-аад оныхныг ивж харагдсан.

Харин нөгөө талд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг эс дэмжигсэд буюу УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Бат-Эрдэнэ, сайдын суудалд заларсан М.Бадамсүрэн нар сууж буй. Сонсголд төдий л ач холбогдолтой, чухал асуултууд асуулгүйгээр тэгсгээд сууцгаах жижүүрийн дүрүүд байв.

Гэтэл сонсголд гэрчээр оролцож суугаа Сангийн сайд асан С.Баярцогт Ч.Сайханбилэгийн байгуулсан Дубайн гэрээ нь өмнөх хөрөнгө оруулалтын гэрээгээ яаж муутгаж, түүнийг нь харин Л.Оюун-Эрдэнэ хэрхэн сайжруулсан тухай ярьсны араас сошиалаар О.Батнайрамдлын ахлан явуулж буй сонсголыг элдэвчилж эхэлсэн. Харах нь ээ, уг нь Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ сайн байх нь дотоодын эдийн засагт хамгийн өгөөжтэй шийдэл. Цаашид мөн энэ төрлийн гэрээнд Монгол Улс ямар байр суурьтай байх вэ гэдгийг харуулах хамгийн тод жишээ гэдгийг Орано майнингийн гэрээнээс ч харж болно. Ялгаагүй л Оюу Толгойн гэрээний алдааг давтахгүй гэдэг загварчлалаар явж байж батлагдсан эд.

Харин АН-ын бүлгийн гишүүдээс УИХ-ын гишүүн Б.Жаргалан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Фортуна гэгддэг Б.Батбаярын охины хувиар сонсгол дээр намынхаа эрх ашгийг гэхээсээ аавынхаа нэр холбогдож буй агуулга дээр өмгөөлөх дүрээр сууж харагдав. Учир нь Оюу Толгойн гэрээг батлах үед түүний аав УИХ-ын гишүүн байсан бөгөөд мөн Эдийн засгийн байнгын хорооны гишүүн байсны хувьд гэрчээр сонсголд ирчхээд буй. УИХ-ын гишүүн Ө.Шижир харин намын хууччууллаа биш тухайн үеийн АН-ыг хамгаалах гэсэн байр сууриар оролцож байгаа нь нөгөө талдаа Оюу Толгойн асуудлаарх сонсголыг улс төрийн аливаа нэг нюанс руу хөтлөж орхих вий гэсэн болгоомжилсон хандлага байгаа нь ч ажиглагдав.

ХҮН намынхан энэ удаад Хянан шалгах түр хорооны сонсголд УИХ-ын гишүүн П.Ганзоригийг оролцуулсан нь сонсголын үеэрх жинтэй асуултуудын эзэн болгов.

Учир нь МАН доторх хагарал нь энэ сонсгол дээр хүртэл илэрхийлэгдэж, харин намын лидерүүд нь өнөөг хэр Оюу Толгойн гэрээнд нэр холбогдож, хонх уядаг АН-ынхан гэсэн төвөгтэй нөхцөл дундуур ХҮН намд энэ бүхэнд холбогдох улс төрийн муу түүх үгүй. Ялихгүй юм шиг атлаа энэ шинэ оролцоогоороо ХҮН нам сонсгол дээр нямбайхан үзэж байгаа. Парламентын хүч нь ердөө энэ. Улс төрийн ашиг сонирхол хийгээд томоохон ан цав дунд яаж ийгээд жижиг намуудад ч нэг ашигтай дүр ногдож байдаг нь 2024 оны сонгуулийн ганц авууштай үр дүн гэлтэй.

Эл гал дундаас Оюу Толгойн гэрээний хүүг бууруулахад эс үйлдэл үзүүлсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга, салбарын сайд нар гээд хэн бүхэн хариуцлага ярих учиртай. Учиртай болохоор өнөөдөр МАН өнөөг хэр доторх хуваагдлаараа Оюу Толгойн сонсгол дээр аль нэг талдаа бурууг нялзаахаар үзэж тарж байна. Өнөөдөр тэр эс үйлдэгчид төрийн өндөр албан тушаалд сууж л байна. Уг нь Монголын эрх ашгийн асуудал болохоос МАН-ын эвдрэлийн зүгийг улам зурайлгах тоглоомын талбар, ашиглаж болох сэдэв нь Оюу Толгой биш юм.

Олон нийт өнөөдөр Оюу Толгойн гэрээний цаана юу гээгдэж, юуг нь сайжруулах шаардлагатай юм бэ гэдгийг сонсголоор нээлттэй мэдэх эрхтэй. Харин энэ эрхийг улс төрийн хөзөр болгож хөрөнгө оруулалтын гэрээг шинэчилнэ аль эсвэл ор өөрчилнө гэж зүтгээд үүндээ УИХ-ыг татан оролцуулахдаа тулбал энэ яагаад ч бүх нийтийн сонирхол биш МАН доторх хуваагдлын өшрөл болоод л дуусна.

Монгол Улсын стратегийн ордын тухай эл асуудлыг МАН дотоод зодооныхоо нэг хэсэг болгож, өмнөх үеийнхнээ давах гэж хэт улайрахдаа сайн гэрээ хийдэг баатар болох гэж байгаад муу болгочихвол хамгийн том тэнэглэл тэр биз. Тиймээс сонсгол гэдэг үндсэн ухагдахуунаараа явахгүй юм бол МАН хожмоо нам доторх зангирлаа тайлах гэж улсын эрх ашгийг хөндсөнийг хэн ч мартахгүй, жигшин санах үе ирнэ.

Т.БАТСҮРЭН

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button