Бөх сонирхогч Б.Намуун-Учрал: Үндэсний бөх аавыг минь орлодог учраас алгасалгүй үздэг
Айлын том охин учраас аавдаа бараан болж зэрэгцэж суугаад бөх үзэж эхэлсэн түүнийг Б.Намуун-Учрал гэдэг. Түүнийг төрөхөд нь гэрийн хойморт нь бөхийн барилдаан, эсгийн дээр "Бөхбилэгт дэвжээ" гэж сийлсэн алтан шаргал жаазтай дэвж буй бөхийн дүрстэй бүтээл хоёр угтжээ.
Тэрбээр 11 наснаасаа эхлэн бөх алгасалгүй үзэж өдгөө 10 гаруй жил бөх үзсэн архаг бөх сонирхогч болжээ. Төрсөн цагаасаа эхлэн бөхийн барилдаан үзэж өссөн тэр өнгөрсөн наадмаас эхлэн бөхийн тухай контент хийж эхэлсэн. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Аавдаа хань бараа болж, үргэлж хамт бөхөө үздэг байсан-

-Ярилцлагаа таныг яагаад бөхийн контент хийж эхлэх болсон талаар эхэлье гэж бодлоо?
- Энэ жилийн наадмын бөхийн барилдааныг төв цэнгэлдэхэд ганцаараа үзсэн юм. Тухайн үед мэдэрсэн мэдрэмж сэтгэл хөдлөл, омогшлоороо "би энэ спортод хайртай, дуртай юм чинь, яагаад контент хийж болохгүй гэж" гэсэн бодол төрсөн. Учир нь ганцаараа бөх үзэж байхад олон хүмүүс гайхаж надаас асууж байсан. Тиймээс надаас өөр зөндөө олон эмэгтэйчүүд бөхөө үзэж, өв соёлоо дэмжиж яваа шүү гэдгийг харуулахаар шийдээд, бичлэгээ хийж эхэлсэн.
-Мөн таны аав нөлөөлсөн байх?
-Тэгэлгүй яах вэ. Би айлын ганц охин учраас багаасаа аавдаа хань болж хамт бөх үздэг байсан. Учир нь манай эрэгтэй хоёр дүү надаас 10 гаруй насны зөрүүтэй. Тиймээс би аавдаа хань бараа болж, үргэлж хамт бөхөө үздэг байсан. Аав минь үргэлж үлгэрлэж, юмсыг танин мэдүүлдэг хүн байлаа. Бөх үзээд суухдаа ч тэр "энэ бөх нь тэр аймгийнх, ийм учиртай" гэх мэтчилэн өсвөр наснаас минь эхлээд үргэлж тайлбарлаж ойлгуулж ирсэн. Тийм учраас бөхчүүдийг сайн таньдаг, мэддэг. Энэ маань бөхийн тухай видео бичлэг хийхэд минь их тус нэмэр болсон.
-Аавтайгаа хамтдаа суугаад бөхийн барилдаан үздэг байсан дурсамжаа эргэн сөхвөл?
-Аав минь хэдэн жилийн өмнө бурхан болсон. Аавыг бурхан болсон цагаас эхлээд улам их бөх үздэг болсон. Учир нь аавтай бүтээсэн дурсамжууд, хоосон үлдсэн бүхнийг минь дүүргэж буй мэт, аавыг нь орлоод байх шиг санагддаг. Тийм болохоор барилдаан болгоноор бөхийн өргөөг зорихыг хичээдэг. Ихэвчлэн ганцаараа бөхийн өргөөг зоридог. Гэхдээ өргөөнд бөх үзэхэд хэзээ ч ганцаардаггүй. Сонирхол нэгтээ хүмүүс тэнд цугласан болохоор тэр байх.
-Аавтайгаа хамтдаа бөхийн өргөөнд бөх үзэж байв уу?
-Оюутан байх үед аав минь бөхийн өргөө орж хамт бөх үзье гэж олон удаа гуйдаг байсан. Намайг бөх хүнтэй суулгах санаатай тэгдэг байсан байх /инээв/. Тухайн үед би "эмэгтэй хүн бөхийн өргөө орвол хүмүүс намайг шоолно" гээд хамт явдаггүй байсан юм. Одоо "ядаж ганц удаа ч болов аавтайгаа хамт бөхийн өргөө ороод, бөхөө үзээд хууч хөөрөөд суусан бол" гэж их харамсдаг.
-Та хоёр ямар бөхчүүд дэмждэг байв?
-Аав маань Архангай аймгийн Булган сумын хүн. Тийм учир намайг мэдээ ороход л манай гэрийн хойморт эсгийн дээр "Бөхбилэгт дэвжээ" гэж сийлсэн алтан шаргал жаазтай дэвж буй бөхийн дүрстэй бүтээл байдаг байсан. Бөх үзэж эхэлсэн цагаасаа л "Бөхбилэгт" дэвжээний бөхчүүдээ дэмжсэн. Одоог хүртэл дэмжсээр байгаа. Эр хүнд байх ёстой зан чанарыг Улсын аварга П.Бүрэнтөгс гэх хүнээс хардаг. Хүдэр чийрэг биетэй, хөөрхөн инээдэг, хөгжилтэй зан чанарууд түүнд бий.
-Хэрэв би эрэгтэй байсан бол хүмүүс намайг шүүмжлэхгүй байсан байх-

-Таны бөхийн тухайн контентууд мэдээлэл сайтай санагддаг. Хаанаас ямар эх сурвалжаас мэдээллээ авдаг вэ. Одоогоор хэдэн видео бичлэг хийгээд байна?
-Олон нийтийн сүлжээнд байршуулсан бөхийн тухай найман видео бичлэг байгаа. Ууг нь бол 15 бичлэг хийсэн. Зарим нь мэдээлэл муутай, дутуу болсон учраас олон нийтийн сүлжээнд байршуулаагүй. Сайжруулж ахин олон нийтэд хүргэнэ гэж төлөвлөж хадгалсан долоон видео бий. Видеогоо хийхдээ түлхүү тухайн зочны орсон бүх нэвтрүүлгийг үзнэ. Ихэвчлэн "Гүндүүгүй яриа" нэвтрүүлгийг эх сурвалжаа болгож мэдээллээ цуглуулдаг. Аль болох өөрсдийнх нь ярьсан зүйлсийг эх сурвалж болгохыг зорьдог.
-"Гүндүүгүй яриа" нэвтрүүлгийг үзэж мэдээллээ цуглуулдаг гэж байна. Ирээдүйд бөхийн тухай өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болох бодол бий юу?
-Анх бөхийн тухай контентоо эхэлж байхад олон хүн шүүмжилж байсан. Тэр үед би эмэгтэй болж төрснөөрөө харамсан. Хэрэв би эрэгтэй байсан бол "Гүндүүгүй яриа" шиг нэвтрүүлэгтэй байх байсан даа гэж боддог байлаа. "Эрэгтэй байсан бол намайг шүүмжлэхгүй байсан байх" гэж бодсон. Гэхдээ сүүлд өөр өөртэйгөө ярилцаад "би яагаад бөхийн тухай ярьдаг ток шоу, подкасттай болж болохгүй гэж" гэсэн бодол тээгээд явж байна. Ирэх он гэхэд болчих байхаа гэж бодож байна.
-Бөхчүүдэд цэцэг өгдөг таны видеог нэлээдгүй хүмүүс үзсэн. Тиймээс олон хүмүүс шүүмжилсэн байсан. Танд тухайн шүүмжлэл их хүндээр туссан юм шиг санагдсан?
-Бөхчүүдэд зөвхөн цэцэг өгөөгүй. Эхний дугаарт гудамжинд таарсан эрчүүдэд цэцэг өгсөн юм. Тэгсэн миний цэцэг өгсөн 19 залуугийн 18 нь анх удаа цэцэг авч байгаа хүмүүс байсан. Харин эмэгтэй хүн жилд дунджаар 11 цэцэг авдаг гэсэн судалгаа байдаг юм байна лээ. Гэтэл эрчүүд маань эсрэгээрээ байсан. Тиймээс нэг ч гэсэн залууд сайхан мэдрэмж мэдрүүлэхийг хүсээд энэ бичлэгээ цааш хийх ёстой гэж шийдсэн. Дараагийн дугаараа бөхийн өргөөнд хийсэн юм. Монголын үндэсний бөхийн холбооны нарийн бичгийн даргаас нь бичлэг хийх зөвшөөрөл авсан. Бөхчүүд маань харахад уул шиг эрчүүд ч гэсэн анх удаа авч байгаа хүмүүс олон байсан. Миний хувьд тус бичлэгийн сэтгэгдэл хэсэгт сөрөг зүйл байхгүй байх гэж бодсон учраас маш хүнд туссан. Хийсэн бичлэгээс гадна хувь хүн рүү минь дайрч, чатаар маш олон хүнд доромжлуулсан. Ууг нь нийгэмд гэрэл гэгээтэй, эерэг бичлэг үзүүлэхийг зорьсон хэдий ч амьдралдаа сонсож байгаагүй муухай үгнүүдийг авсан. Тийм учраас хувь хүнд маань хүндээр хүлээж авсан. Сүүлийн хэд хоног сэтгэл санаа таагүй өнгөрлөө.
-Эмэгтэй хүн бөхийн өргөөнд орохоор бузартчихна гэдэг хандлагаасаа салах хэрэгтэй-

-Таныг цаашдаа шантрахгүйгээр бичлэгээ үргэлжлүүлэн хийгээсэн гэж олон хүмүүс хүссэн байсан. Сайн сэтгэгдэл нь муугаасаа олон байсан шүү дээ?
-Сайн муу нийлж сав дүүрдэг гэдэг шиг намайг дэмжсэн хүмүүс их олон байсан. Тиймээс шантралгүй ахин үргэлжлүүлэн хийнэ. Бөхчүүд маань урамын үг их хэлсэн. "Үндэсний бөхөө суртчилан таниулж байгаа нь сайшаалтай байна" гэх мэт олон талархлыг хүлээсэн. Цаашдаа англи хадмалтай инстаграмм хаягтаа бичлэгээ оруулахаар төлөвлөж байгаа. Гадныханд үндэсний өв соёлоо суртчилахын тулд тэр.
-Цэцэгтэй контентоо үргэлжлүүлэх үү?
-Цэцэгтэй контентын дараагийн бичлэг удахгүй орно. Цэцэгтэй бичлэг маань яг нийгмийн сайн сайхны төлөө, яг шаардлагатай байгаа газарт хүрч ажиллахыг хичээж байгаа. Анх ганц сарнай өгдөг байсан бол жижигхэн баглаа болгосон, одоо бүр гоё бэлэгтэй болгосон байгаа. Олон хүнийг баярлуулж, хэн нэгэнд төсөөлөөгүй байхад нь бэлэг өгч баярлуулах их сайхан. Цэцэгтэй бичлэг болон бөхийн бичлэг бол цаашдаа үргэлжилнэ. Хүлээж авах боломжтой шүүмжлэл байх юм бол би хүлээж авна. Харин эмэгтэй хүнийг гадаад дүр төрхөөр нь, эмэгтэй байсных нь төлөө доромжилж байгааг бол хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэр бол шүүмжлэл биш доромжлол гэж бодож байгаа. Саар зүйл их байгаа ч гэсэн сайн нь илүү их байдаг учраас урам зоригтой ажилладаг.
-Энэ хүртэл нэлээдгүй их шүүмжлэлийг давж ирсэн байх нь?
-Хүмүүсээс ирж байгаа шүүмжлэл нь эмэгтэй хүн бөхийн өргөөнд орохоор бөхийн өргөө бузартчих юм шиг, бөхчүүдэд цэцэг өгөхөөр бөхчүүдийн хийморь нь уначихна гэсэн шүүмжлэл их байсан. Энэ тал дээр хүмүүс жоохон ухаантай байгаасай эрэгтэй эмэгтэй гэж хүйсээр ялгахгүй байгаасай гэж хүсдэг. Цэцэг авсан бөхчүүд маань сайн барилдсан хийморь нь уначихсан юм шиг харагдаагүй шүү.
-Шантралгүй цаашдаа бичлэгүүдээ гадаад хадмалтай хийхээр төлөвлөж байгаад нь таны үзэгчийн хувьд баяртай байна?
-Одоо үед залуу бөхчүүдийн хүчний бэлтгэлээ хэрхэн яаж хийж байна гэдгийг хараад бичлэг хийж, гадаад хүмүүст хүргэхийн тулд англи хадмалтай хийнэ гэж бодож байгаа. Цаашдаа бичлэгээ илүү чанаржуулж олон улсад үндэсний бөх өв соёлоо түгээхийн тулд би чадах зүйлээ хийж хичээх болно. Энэ хүртэл дэмжиж урам хайрладаг үзэгчид болон арыг минь бат даадаг ээждээ, найзууддаа маш их баярлалаа гэж хэлмээр санагдаж байна. Мөн манай ээж хэзээ ч надад бөхийн контентоо боль гэж хэлж байсан удаагүй. Тиймээс болихгүй, улам ихийг хийх болно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.