Трамп Украиныг дайнд ялагдаж эхэлсэн гэсэн ч албан тушаалтнууд фронт дээр томоохон өөрчлөлт гараагүйг онцоллоо
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украин дайнд ялагдаж эхлэн, ОХУ фронт дээр давуу талтай болсон гэж саяхан ярьсан.
Гэвч АНУ болон Европын албаны хүмүүс өөр зүйл хэлж байна. Тэдний хэлснээр, дайны талбарт томоохон өөрчлөлт гараагүй байгаа юм. Мөн ОХУ-ын цэргүүд дайнд хурдан ялах шинж тэмдэг ажиглагдаагүй гэдгийг албаныхан онцолжээ.Фронт дээрх одоогийн нөхцөл байдал нь ихээхэн ээдрээтэй байна. ОХУ-ын цэргүүд фронт дээр бага багаар урагшилж, Украины логистикийн чухал замуудад ойртож ирсэн. Гэхдээ оросууд маш их хэмжээний цэргийн хохирол амсаж байж ийм үр дүнд хүрсэн юм.
Украины цэргийн албаны хүн “CNN” агентлагт хэлэхдээ "Оросууд бага багаар урагшилж байна. Гэхдээ сүүлийн хэдэн сарын нөхцөл байдлаас нэг их өөрчлөгдөөгүй" гэж хэлжээ.Европын холбооны албаны хүмүүс өөр зүйлд санаа зовж байгаа юм. Трамп энхийн хэлэлцээ удаашралтай явагдаж буйд тэвчээр алдаж магадгүй. Тэр хэлэлцээг орхиж, Украин болон Европын холбоотнууд тохиролцоонд хүрэхэд саад боллоо гэж буруутгаж болзошгүй байна.
АНУ-ын нэгэн өндөр албан тушаалт үүнтэй санал нэг байгаа юм. Тэрхүү албан тушаалтан "Энэ дайн үргэлжилж байгаа нь түүнд улс төрийн хувьд дарамт болж эхэллээ" гэсэн юм.
Трамп саяхан “Politico” сэтгүүлд ярилцлага өгсөн. Тус ярилцлагадаа Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийд сэтгэл дундуур байгаагаа дахин илэрхийлжээ. Тэрбээр Зеленскийг Москватай энхийн гэрээ байгуул хэмээн шахалт үзүүлж байгаа. Трамп "Тэр бодит байдлыг ойлгож, хүлээн зөвшөөрч эхлэх хэрэгтэй. Ялагдаж байгаа бол бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй шүү дээ" гэжээ.
Сэтгүүлч түүнээс Украин дайнд ялагдсан уу гэж асуухад Трамп "Тэд их хэмжээний газар нутаг алдсан. Үүнийг лав ялалт гэж хэлж болохгүй" хэмээн хариулсан юм.
Хоёрхон сарын өмнө Трамп үүний эсрэг зүйл ярьж байсан. Тэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Зеленскийтэй уулзсан юм. Тухайн үед Трамп Украин фронтыг хамгаалаад зогсохгүй, ОХУ-д алдсан бүх газар нутгаа эргүүлэн авч чадна гэж хэлсэн. Мөн газар нутгаа эргүүл авахаас цаашилж шинэ нутаг эзэлж ч магадгүй гэж хэлсэн одоо байр сууриа эрс өөрчлөв. Тэр нэгдүгээр сард ажлаа хүлээн авснаасаа л хойш Украины асуудал дээр ингэж байр сууриа өөрчилж ирсэн.
Трамп ОХУ-ыг дайнд ялж байна гэх зүйл ярьсан бол бусад барууны орны албан тушаалтнууд түүнтэй санал нэгдэхгүй байна.Латвийн Гадаад хэргийн сайд Байба Бразе “CNN” агентлагт хэлэхдээ "Үнэндээ бол сүүлийн нэг жилийн хугацаанд ОХУ Украины газар нутгийн 1 хүрэхгүй хувийг л эзэлсэн. Энийг дайнд ялж байна гэж хэлэхгүй" гэжээ.
Тэрбээр нэмж "Ийм жижиг газар гутаг эзлэх нь Путин болон Кремлийн зорилго биш. Тэр Украины тусгаар тогтнолыг үгүйсгэж, бүрэн хяналтдаа оруулахыг хүсэж байгаа. Харин дайны талбар дээр тэд энэ зорилгодоо хүрч чадахгүй байна" хэмээсэн юм.Зарим албан тушаалтнууд Киевийн хувьд нөхцөл байдал хүнд байгааг онцолжээ.
АНУ-ын нэгэн өндөр албан тушаалтан "Украин зүүн бүсэд стратегийн чухал байршлуудаа бага багаар алдаж байна. Хүн хүчний нөөц хязгаарлагдмал байгаа тул цэргүүд нь сийрэг байрлах болсон" гэж хэлэв.
Сүүлийн долоо хоногуудад ОХУ-ын цэргүүд Украины зүүн хэсэгт орших Покровск хотыг хяналтдаа авахаар эрчимтэй довтлох болсон. ОХУ-ын зэвсэгт хүчний командлагчид тус хотыг эзэлсэн гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн билээ. Харин Украины тал хотын төлөөх байлдаан үргэлжилж байгаа гэж мэдэгдэж буй. Покровск хот нэгэн цагт зүүн фронт дахь Украины цэргийн хангамжийн чухал логистикийн төв байсан юм. Гэвч сүүлийн саруудад тулаан ширүүссэн тул уг хотын ач холбогдол буурчээ.
Эх сурвалж CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.