Сиднейд амьдардаг Монгол иргэн: 16 хүн амиа алдсан халдлагад 10 настай охин, жирэмсэн эмэгтэй өртсөн

Арваас 87 насны 16 хүн амиа алдсан зэвсэгт халдлага Австралийн Бонди далайн эргийн амралтын газарт өчигдөр боллоо. Тус халдлагыг аав, хүү хоёр үйлдсэнийг цагдаа нар тогтоосон байна.
Тухайлбал, тэдний нэг нь буюу 50 настай аав нь уг газартаа амиа алдсан байна. Харин 24 настай хүүгийнх нь биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аж. Түүнтэй хамт өдгөө 40 орчим хүн хүнд, хөнгөн гэмтэлтэйгээр эмчлүүлж байна.
Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз үүнийг жүүд иргэдийг санаатай онилсон “бузар муухай үйлдэл” гэж мэдэгджээ. Харин эрх баригчдын зүгээс Жүүдүүдийн уламжлалт баяр Ханукагийн эхлэлтэй давхацсан энэ халдлагыг антисемитист үзлээс улбаатай террорист үйлдэл гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.
Тэгвэл уг халдлагаас 7 км зайд оршин суудаг Монгол иргэнтэй бид холбогдлоо.
"Аав, хүү хоёрын хийсэн уг зэвсэгт халдлагаар 16 хүн амиа алдсан. Тухайн үед орон нутгийн цагаар оройн 18.45 болж байсан. Цонх, хаалгаа хаагаад гэртээ кино үзэж байсан учир буун чимээг сонсоогүй. Тухайн үед хохирогчдын дунд байсан гэрч "Чимээ гарах үед салют л гэж бодсон. Төд удалгүй хүмүүс орилолдож, цус харагдах үед л халдлага гэж мэдсэн" гэж ярилцлага өгсөн байсан.
Халдлага үйлдсэн 50 настай эрэгтэйн хувьд галт зэвсэг эзэмших гэрчилгээтэй байсан тухай хэвлэлийн мэдээнээс уншсан. Тэд Пакистан гаралтай хүмүүс, антисемитист үзлээс үүдэлтэйгээр ийм халдлага хийсэн гэж эрх баригчид үзэж байгаа. Мөн Жүүдүүдийн уламжлалт баяр Ханука эхэлж буй үед болсон нь хардлага төрүүлж буй.
Тэр халдлагад нийт зургаан галт зэвсгийг ашигласан тухай тэнд байсан хүмүүс хэлж байна билээ. Бонди Бич далайн эрэг бол худалдаа үйлчилгээний томоохон газруудын нэг учир хөл ихтэй. Мөн их халууны амралт эхэлж байгаатай холбоотой далайн эрэгт амрах хүмүүсийн тоо огцом өсөөд байсан юм. Уг халдлагад өртөж амиа алдсан хүмүүс дотор 10 настай охин, жирэмсэн эмэгтэй хүртэл байсан. Австралийн цагдаагийн байгууллага “террорист халдлага” гэж албан ёсоор зарласан ба мотивац нь антисемитизм / еврей хүмүүс рүү чиглэсэн байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Одоогоор Монголоос Австрали улсад суугаа элчин сайдын яамнаас Монголчуудад сэрэмжлүүлэг мэдээлэл хүргүүлээгүй байгаа. Энд буй монголчууд "олон хөлийн газар битгий очоорой" хэмээн нэгэндээ сануулж байна.
Саяхан Сиднейд мөн л зэвсэгт халдлага болсон. Тодруулбал, нэгэн иргэн гэрийнхээ тагтан дээрээс хүмүүс рүү галласан юм. Тухайн үед хүмүүсийн амь нас эрсэдсэн эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ Монгол хосууд хүүхдээ гадна салхилуулж явахдаа суманд оногдох дөхсөн тухайгаа энд буй монголчуудын групп-д нийтлэсэн байсан.
Олон хүний амь нас эрсдэж, гэмтсэн энэ халдлагаас шалтгаалан визний асуудал хөндөгдөх талаар яригдаад эхэлсэн. Шалгуур үзүүлэлтээ нэмэгдүүлэх бололтой" гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оноон гэрийн ТАГТАН дээрээс галласан гэж бич
Балкон !!!!