Ярилцлага

Б.Мөнхцэлмэг: “Комеди лаб”-ын Амараа нарын хүмүүс нэмэгдээд ирэхэд шууд баривчилгаа хийж эхэлсэн

“Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүний 51.6 сая төгрөгөөр албан өрөөгөө тохижуулж, 626 сая төгрөгийн авлига авсан гэх баримтыг дэлгэсэн. Улмаар тус хөдөлгөөний гишүүд уржигдар /2020.01.22/ ХЗХДХЯ-ны байран дээр ирж, Г.Билгүүнд өрөөний тавилга, эд хогшлоо хураалгах шаардлагыг удаа дараа тавьсан. Энэ үеэр төрийн тусгай хамгаалалтынхан болон цагдаа нар хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг баривчлан, холбогдогчоор татаж мэдүүлэг авсан.

Энэ талаар бид “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-ХЗДХ-ИЙН ЯАМАНД ДЭЭР ДАХИН ОЧВОЛ БАРИВЧЛАГДАХ САНУУЛГА ӨГСӨН-

-ХЗДХ-ийн яамны гадна баривчлагдан саатуулагдсан гэх мэдээлэл уржигдар цацагдсан. Өчигдөр ахиад ХЗДХ-ийн яамны албан өрөөнүүдийн тохижилтын талаарх мэдээлэл хүргэж, лайв хийж харагдсан. Юу болоод өнгөрөв?

-Баривчлагдаад, холбогдогчоор татагдан мэдүүлэг өгөөд гарлаа. Төрийн тусгай хамгаалалтай газар танхайрсан, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэдэг үндэслэлээр нэг албан тушаалтан гомдсон юм шиг байна лээ. Үүний дагуу зөрчлийн хэрэг үүсгэн байцаалаа. Энэ нь 7-30 хоног баривчлах, эсвэл 100 нэгжээр  торгуулах хуулийн заалттай юм билээ. Одоо цагдаагийн газарт хэрэг нь шалгагдаад прокурорт хянагдан шүүх рүү шилжих юм гэсэн. Шүүхээс чухам ямар шийтгэл ногдуулахыг мэдэхгүй юм. “Энэ хэрэг шийдэгдэж дуустал ХЗДХ-ийн яамд асуудал битгий үүсгээрэй, дахин очвол нөхцөл байдал давтагдсан гэдэг үндэслэлээр баривчлагдана шүү” гэж сануулсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар надад хүний ёсоор хандсан. Харин энэ Монголын дарга нар хүний бусаар хандаж байна. Гэхдээ бид өнөөдөр /2020.01.22/ дахиж очсон. 70 гаруй сая төгрөгөөр хөшиг авсан, 46 сая төгрөгөөр хурлын чанга яригч авсан баримт гарч ирсэн.

-Өмнө нь дэлгэгдсэн 626 сая төгрөгөөр тавилга авсан баримтын задаргаа юм уу?

-Үгүй ээ. Тусдаа шинэ баримт. Өмнөхөөсөө өөр дугаартай гэрээнүүд. Нуух тусам нягтал гэдэг шиг сайдын өрөөг хэдэн сая төгрөгөөр тохижуулсан зэргийг нь гаргаж ирмээр байгаа юм. Яамны тавилга гэх нэрийн доор хичнээнээр нь сайдын, хичнээнээр нь дэд сайдын өрөөнд тавилга авсан гэдэг асуудал бий.

-ХЗДХ-ийн яам руу орох гэж дайрахаас өмнө албан хүсэлт гаргаж байв уу?

-Өө гаргалгүй яахав. Албан бичгээр хандаж байсан. Хоёр удаа аятайхан очоод буцацгааж байлаа. Гурав дээрээ ч аятайхан очсон. Нэг дарга л гараад ирчихсэн бол бид явчих байсан. Нэг дарга гарч ирээд хэвлэлийнхнийг оруулна гэж хэлчхээд ороод буцаж гарч ирээгүй. “Комеди лаб”-ын Амараа нарын хүмүүс нэмэгдээд ирэхэд шууд баривчилгаа хийгээд эхэлсэн.

-ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫНХАН, ЦАГДААГИЙНХАН НИЙЛСЭН 40 ГАРУЙ ХҮН БАРИВЧИЛГАА ЯВУУЛСАН-

-30 гаруй цагдаа баривчилгаа явуулсан уу. Та нар хэдүүлээ байсан юм бэ?

-Төрийн тусгайгийнхан, цагдаагийнхан нийлсэн 40 гаруй хүн баривчилгаа хийсэн. Бид 15-уулаа байсан.

-Өчигдөр шинэ баримтууд нэмж дэлгэгдсэн. Та бүхнийг яам руугаа оруулж тайлбар өгөхгүй гээд байдаг. Одоо ямар алхам хийх гэж байна вэ?

-Уг нь ХЗДХ-ийн яамны хэвлэлийн төлөөлөгч нь хэвлэл мэдээллийнхнийг яам руугаа оруулж мэдээлэл хийнэ гэж байсан. Гэвч тэгсэнгүй. Тайлбар хийх үү, үгүй юу гэдгээс бидний тэмцэл шалтгаална. Хэвлэлийнхнийг оруулаад тавилгуудаа харуулаад, тайлбар өгчихвөл тэмцлээ ингээд зогсооно. Үгүй гэвэл бид ирэх долоо хоногт жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна. Олон хөдөлгөөнүүд ирж уулзаад, тэмцэлд чинь нэгдэе гэдгээ илэрхийлээд байгаа. Иргэндээ хаалттай төрийн байгууллага, нийгэм гэж байх ёсгүй.

-Гурван гишүүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд нь шалгуулахаар хандсан. Удаан хүлээлгэсний эцэст уржигдар шийдвэрээ гаргачихлаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэж үзлээ.

-Хэвлэлүүдээр буруу мэдээлэл түгсэн. Биднийг тийшээ анхаарах сөхөөгүй байтал Ёс зүйн дэд хороо шийдвэрээ гаргачихсан. Авлигын эсрэг хуулийн 13.2-т УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуулийн байгууллага руу шилжүүлэх, шилжүүлэхгүй байх гэдэг ийм л эрхтэй. Гэтэл Ёс зүйн дэд хороо үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гишүүдийг ерөөсөө шалгалгүй, уржигдар гэнэт хуралдаад л янз бүрийн тайлбар хийгээд хамгаалаад үлдчихлээ. Улмаар тэдний асуудлыг хуулийн байгууллага руу шилжүүлэлгүй хаацайлчихлаа. Бид Б.Бат-Эрдэнэ аваргад үнэхээр гонсойж байна.

-Гишүүдийн ХОМ-ийг шалгуулахаар АТГ-т Ёс зүйн дэд хороо хандсан гэж та бүхнийг төөрөгдүүлсэн явдал гарсан юм уу. Ийм мэдээлэл яваад байгаа шүү дээ?

-Гишүүд нь хүртэл “Намайг АТГ зөндөө шалгасан” гэж яриад хүмүүсийг төөрөгдүүлээд байгаа. Гэтэл АТГ-т гишүүдийг ХОМ-ийг шалгах эрх байдаггүй юм байна. Шалгах эрхийг нь УИХ-ын Ёс зүйн дэд хороо нээж өгөх байсан. Өөрөөр хэлбэл Л.Болд, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат гурвын асуудлыг АТГ-т шилжүүлэх үү, үгүй юу л гэдэг хурал болсон. Улмаар шилжүүлэх шаардлагагүй гээд хамгаалчихлаа.

-ГИШҮҮДИЙН ХОМ-ИЙГ АТГ ШАЛГАДАГ БОЛМООР БАЙНА. АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛИЙН 13.2 ДАХЬ ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГЫГ ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГТ ХҮРГҮҮЛСЭН-

-Гишүүдийн ХОМ-ийг АТГ шалгах эрхгүй гэдэг хуулийн цоорхойг ашиглачихсан байна, тийм үү?

-Ерөнхийдөө тийм. Тиймээс авлигын эсрэг хуулийн 13.2 гэсэн заалтыг өөрчилье гэдэг шаардлагыг бид төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл гишүүдийн ХОМ-ийг АТГ шалгадаг болмоор байна. Миний бодлоор Б.Бат-Эрдэнэ аваргыг улс төрийн шахаанд оруулчих шиг боллоо.

-Л.Болд гишүүн таны нэрийг цохож Хан-Уул дүүргээс УИХ-д нэр дэвших гэж байгаа гэж хэлсэн юм билээ?

-Харин тэгсэн байна лээ. Хэдэн жилийн өмнөх хаа хамаагүй юм ярьсан байсан. Гишүүд угаасаа ёс зүйгүй юм даа. Тэрийг нь хүмүүс мэднэ.

-Энэ асуудлыг цаашид яах вэ?

-Ёс зүйн дэд хороонд нь бид шаардлага хүргүүлээд гишүүдийн ХОМ-ийн асуудлаар энэ хороог нь хуралдууллаа. Түүхэндээ анх удаа гэх үү дээ. УИХ-ын даргатай нь уулзаж, шахан шаардаж байж энэ үр дүнд хүрсэн. ЖДҮХС-ийн зээлийн асуудлаар ч манай хөдөлгөөн нийгэмд дуу хоолойгоо хүргэж, үр дүн гаргаж чадсан.

-Танай хөдөлгөөн хичнээн хүний бүрэлдэхүүнтэй вэ. Та нарыг шантааж хийгээд байгаа гэж харах хүмүүс бий. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Анх гарч ирж байхад М.Энхболдын хүмүүс гэж хэлдэг байсан юм. Прокурорын байгууллагын удирдлагууд солигдоогүй байхад бид дөрвөн төрлийн шаардлага хүргүүлж байсан. Шаардлага биелэлээ олсон. Тухайн үед биднийг Ерөнхийлөгчийн хүмүүс гэж ярьж байсан юм. Дараа нь АН-ын хүмүүс ч гэж яригдсан. Нийгэмд идэвхтэй явахаар угаасаа ингэж яригддаг юм байна. Авлигын барометрийн судалгаагаар нийгмийн 45 хувь нь иймэрхүү тэмцлийн хэлбэрээр юу ч өөрлөгдөхгүй гэж боддог, итгэл үнэмшил нь уначихсан байдаг юм билээ. Тиймээс шинэ тутам гарч ирж байгаа бидэн шиг залуучуудад итгэх итгэл нь суларчихсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гадуурхагдсан монголчууд
Гадуурхагдсан монголчууд
2020-01-28 09:53

Бидний хувьд 2 өрөө тохилог байрыг 70 саяар элбэг авна даа. Энэ 70 саяийн хөшиг чинь ямар ид шидтэй юм бэ. Үсрээд л 700 мянгаар аваад 70 саяийн баримт авсан биз. Бас тэгээд үнэниг хэлсэн хүмүүсиг яагаад баривчилж баыгаа юм вэ. Монгол шударга ёс, төр засаг гэж байна уу.

Холбоотой мэдээ

Back to top button