Зарим хүмүүс яагаад хөгжмөөс баяр баясал мэдэрдэггүй вэ
Арав жилийн өмнө эрдэмтэд хөгжим сонсохдоо ямар ч баяр баясал мэдэрдэггүй хүмүүсийг олж тогтоожээ. Тэд бусад зүйлсээс сайхан мэдрэмж авдаг ч хөгжим сонсоод сэтгэл нь хөдөлдөггүй аж. Энэ үзэгдлийг хөгжмийн өвөрмөц анхедони гэж нэрлэдэг.
Хөгжмийн анхедони нь тархины сонсгол хариуцсан хэсгүүд болон таашаал, шагнал мэдрэх хэсгүүд хоорондоо зөв харилцаж чадахгүй байгаагаас болж үүсдэг байна. "Trends in Cognitive Sciences" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд хөгжмийн анхедонийн үед тархинд юу болдог талаар тайлбарлажээ. Тус судалгааг тэрхүү эмгэгийг анх илрүүлсэн хүмүүс явуулсан байна. Энэ судалгаа хүмүүс хэрхэн баяр баясал, аз жаргалыг мэдэрдгийг илүү гүнзгий ойлгоход тусалж магадгүй гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
Судалгааг ахалж явуулсан Барселонагийн их сургуулийн мэдрэл судлаач Жозеп Марко-Палларес "Үүнтэй ижил механизм нь хүмүүс бусад зүйлсийг яагаад өөрөөр мэдэрч, таалдгийг тайлбарлахад тусалж болох юм. Эдгээр тархины холбоосыг судалснаар донтолт, хооллолтын эмгэг эсвэл таашаал авах чадваргүй болох зэрэг асуудлуудыг судлах шинэ чиглэлийг нээж өгнө" гэжээ.
Хөгжмийн анхедонитой хүмүүсийг тодорхойлохын тулд судалгааны баг Барселонагийн хөгжмийг таалаах асуулга (BMRQ) гэх стандартыг боловсруулсан байна. Энэхүү асуулга нь хөгжмөөс авдаг тааламжтай мэдрэмжийг таван зүйлээр үнэлдэг байна. Эдгээр нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, сэтгэл санааны зохицуулалт, нийгмийн харилцаа холбоо, бүжиглэх зэрэг хөдөлгөөн хийх, шинэ хөгжим хайж олох хүсэл юм. Хөгжмийн анхедонитой хүмүүс энэ таван үзүүлэлтээр бага оноо авдаг байна.
Эрдэмтэд хөгжмийн анхедонитой хүмүүсийн зах үйлийг судалж, тархины зургийг авчээ. Зураг авснаар тэрхүү эмгэг тархины сүлжээ хоорондын сул холбооноос үүсдэг гэдэг нь харагдсан аж. Хөгжмийн анхедонитой хүмүүс дуу хөгжмийг ямар ч саадгүй таньж, хүлээж авч чаддаг. Үүнээс харвал хөгжмийн анхедонитой хүмүүсийн сонсголын тогтолцоо хэвийн ажилладаг байна.
Хөгжим сонсох үед эдгээр хүмүүсийн тархины таашаал боловсруулдаг (Хөгжим сонсох, хоол идэх, бэлгийн харилцааны үед идэвхэждэг бүс) маш бага идэвхэждэг аж. Гэвч мөнгөн шагнал хожих зэрэг бусад таатай үйл явдалд тэдний тархи хэвийн хариу үйлдэл үзүүлдэг байна. Үүнээс харвал тэдний таашаал авах систем нь хэвийн боловч хөгжим боловсруулах хэсэгтэйгээ үр дүнтэй холбогдож чадахгүй байгааг харуулж байгаа юм.
Марко-Палларес "Хөгжмөөс тааламжтай мэдрэмж авахгүй байгаа нь таашаал авах систем ажиллахгүй байгаадаа биш, харин сонсголын системтэй холбогдох холбоос нь тасалдсантай холбоотой" гэж тайлбарлажээ.
Мэдрэл судлаач Эрнест Мас-Эрреро "Хэрэв таашаал авах систем бүхэлдээ муу ажилладаг бол хүн бүх зүйлээс бага тааламж авна. Харин энэ тохиолдолд систем ажиллаж байгаа ч бусад хэсгүүдтэй хэрхэн холбогдон, харилцаж байгаа нь чухал юм" гэсэн байна.
Хүмүүс яагаад хөгжмийн анхедонитой болдог шалтгааныг эрдэмтэд тогтоогоогүй. Гэхдээ удамшил болон амьдралын зуршил үүнд нөлөөлдөг байх магадлалтай. Ихэр хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар хүмүүс хөгжмөөс тааламжтай мэдрэмж авах нь 54 хүртэлх хувиар удамшлаас хамаардаг болох нь тогтоогдсон.
Эх сурвалж: Science Daily















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.