Трамп Холбооны нөөцийн сангийн хараат бус байдалд халдаж буй нь шинжээчдийн санааг зовоож байна
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн. Тодруулбал АНУ-ын Хууль зүйн яам түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Пауэллийг ХНС-гийн төв байрны засварын ажлын талаар Конгресст худал мэдээлэл өгч, төөрөгдүүлсэн гэж буруутгаж байгаа юм.
Пауэллийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн явдал нь Ерөнхийлөгч Доналд Трампаас ХНС-д үзүүлж буй шахалт эрс ширүүссэнийг харууллаа. Трамп ХНС-г бодлогын хүүг хангалттай хурдан бууруулахгүй байна гэж шүүмжилсээр ирсэн юм. Цагаан ордон мэдээлэхдээ, өрдөн байцаалтыг Трамп тушаагаагүй гэсэн. Гэхдээ Трамп Пауэллийг ажлаас нь хална гэж өмнө нь заналхийлж байсан билээ. Мөн түүнийг огцрохыг шаардаж, засварын ажлын зардал хэтэрсэн явдалд хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэж байгаа юм.
Хөндлөнгийн ажиглагчдын үзэж байгаагаар Трампын энэ үйлдэл дэлхийн хамгийн чухал төв банкны хараат бус байдалд халдаж, АНУ-ын эдийн засагт итгэх итгэлийг бууруулж болзошгүй байна.
Трамп нэг жилийн өмнө албан тушаалдаа эргэн ирснээсээ хойш АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааг өөрийн хүссэнээр чиглүүлэх алхмууд хийсэн. Тэрбээр олон мянган төрийн албан хаагчийг ажлаас нь халж, улс төрөөс хараат бус байх ёстой агентлагуудын удирдлагуудыг сольж байгаа юм.
Холбооны нөөцийн сан бол түүний гол байнуудын нэг юм. Тус агентлаг инфляцыг хянах, ажилгүйдлийг түвшнийг бага хэмжээнд барих, санхүүгийн тогтолцоог хэвийн ажиллуулах үүрэгтэй ажилладаг.

ХНС бодлогын хүүг тогтоох замаар АНУ-ын эдийн засгийг удирддаг. Энэ нь орон сууцны зээл, зээлийн карт гээд бүх төрлийн зээлийн хүүгийн суурь болдог. Хэрэв бодлогын хүү хэт өндөр байвал хүмүүс зээл авахаас татгалзаж, хэрэглээ болон хөрөнгө оруулалт багасан, эдийн засаг саардаг. Харин хүү хэт бага байвал эдийн засаг "халж", инфляц өсөх аюултай.
Цар тахлын дараах инфляцтай тэмцэхийн тулд ХНС 2022, 2023 онд хүүгээ эрс нэмсэн. 2024 оноос хойш бага багаар бууруулж байгаа юм. Өнгөрсөн оны сүүлээр л гэхэд хүүг гурван удаа бууруулсан байна.
ХНС-гийн хараат бус байдал гэж юу вэ?
АНУ-ын Конгресс ХНС-г улс төрийн шахалтаас ангид байхаар бүтээсэн байдаг. Тус банкны удирдах зөвлөлийн долоон гишүүн 14 жилийн хугацаатай томилогддог. Ингэснээр ерөнхийлөгч өөрийн талын хүмүүсийг олноор нь нэг дор томилох боломжгүй юм. Мөн шийдвэр гаргахад бүс нутгийн банкнуудын ерөнхийлөгчид оролцдог тул эрх мэдэл Вашингтоноос хол байдаг. ХНС төсвөө өөрөө хянаж, санхүүжилтийн хувьд Конгрессоос хамаардаггүй юм.
Трамп зээлийн хүүг нэг хувь болгон бууруулахыг удаа дараа шаардаж, Пауэллийг өөрийнх нь хүслээр ажиллахгүй байна гэж шүүмжилсээр ирсэн. Мөн Трампын захиргаа ХНС-ийн өөр нэг захирал Лиза Кукийг байрны зээлийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн гэж буруутган, ажлаас нь халахыг оролдсон. Кук үүнийг үгүйсгэж албан тушаалдаа үлдэхийн тулд шүүхэд гомдол гаргасан байгаа. Дээд шүүх түүний хэргийг нэгдүгээр сарын 21-нд хэлэлцэнэ. Шүүхийн шийдвэр ХНС-гийн хараат бус байдалд томоохон нөлөө үзүүлэх юм.
Өмнөх ерөнхийлөгчид ХНС-д зээлийн хүүг бууруулах шахалт заримдаа үзүүлдэг байсан. Гэвч хэзээ ч албан тушаалтнуудыг нь хална гэж олон нийтэд заналхийлж, эрүүгийн хэрэгт орооцолдуулж байгаагүй билээ.
Засварын ажлын талаарх маргаан
Вашингтон дахь ХНС-ийн төв барилгыг засах төсөв анх 1.9 тэрбум ам.доллар байсан бол одоо 2.5 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Зардал ийнхүү өссөнийг ажиллах хүч, материалын үнийн нэмэгдэл, зураг төсөл өөрчлөгдөж, барилгаас асбест, тугалга зэрэг хортой бодис илэрсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм.

Харин Трамп Пауэллийг алдаа гаргасан, залилан хийсэн байж магадгүй гэж буруутгаж байгаа. Тэр ингэх буруутгахдаа ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй юм. Цагаан ордон засварын ажлыг хэт тансаг гэж шүүмжилсэн байна. Пауэлл үүнийг үгүйсгэж, аюултай бодисыг зайлуулах шаардлагатай байсан хэмээжээ.
Пауэллийг засварын ажлын талаар Конгресст худал мэдээлэл өгсөн хэргээр яллахаар Хууль зүйн яам бэлтгэж байж магадгүй. Тэгвэл Сенатын танхим дахь зарим Бүгд найрамдах намын гишүүд засварын ажил болон Пауэллийн мэдүүлэгт санаа зовох зүйл алга гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм
Хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээж авч байна вэ?
Хэрвээ ХНС улс төрөөс хамааралтай болбол эдийн засгийг зөв жолоодох боломжгүй болно гэж шинжээчид анхааруулж байна. Энэ нь инфляцыг нэмэгдүүлж, ам.долларын дэлхийн нөөц валютын статусыг ганхуулж болзошгүй юм. Мөн хөрөнгө оруулагчид АНУ-ын засгийн газрын бондыг илүү өндөр өгөөжтэй болгохыг шаардаж, улмаар бонд гарган зээл авах зардал нэмэгдэх эрсдэлтэй.
Пауэллийг шалгаж байгаа нь ХНС-гийн хараат бус байдал аюулд орсны шинж тэмдэг гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ хөрөнгө оруулагчид одоогоор тийм ч их сандрахгүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.