Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын төрөлтийн түвшин 2025 онд түүхэн доод хэмжээндээ хүрчээ

БНХАУ-ын төрөлтийн түвшин 2025 онд түүхэн доод хэмжээнд хүрчээ. Тус улсын хүн амын тоо дөрөв дэх жилдээ дараалан буурч байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсад нүүрлээд буй энэхүү хүн ам зүйн хямрал ирээдүйд томоохон дарамт болох төлөвтэй байгаа юм.

Даваа гарагт /2026.01.19/ БНХАУ-ын Үндэсний статистикийн хороо мэдээлснээр, 2025 онд мянган хүн тутамд 5.63 төрөлт бүртгэгджээ. Энэ нь 2023 онд бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болох 6.39-өөс буурсан үзүүлэлт юм. 2024 онд төрөлт бага зэрэг нэмэгдсэн нь луу жилтэй холбоотой байв. БНХАУ-ын төрөлтийн тоо 2016 оноос хойш тогтмол буурсаар байгаа билээ.

Хүн ам зүй ийнхүү өөрчлөгдөж байгааг Хятадын эрх баригчдын хувьд томоохон асуудал. Учир нь тус улсын ажиллах хүчний тоо цөөрч, тэтгэврийн насныхан тасралтгүй нэмэгдэж байгаа юм.

БНХАУ олон жилийн турш баримталсан нэг хүүхдийн бодлогыг 2016 онд халсан. Япон, Өмнөд Солонгос гэх мэт улсуудад ч Хятадтай адил асуудал тулгараад байгаа. Нэг хүүхдийн бодлого нь хүн ам зүйн асуудлыг улам хурдасгажээ. Хятадад боловсролын түвшин дээшилж, гэрлэлтийн талаарх үзэл бодол өөрчлөгдөн, хотжилт болон хүүхэд өсгөх зардал нэмэгдсэн нь төрөлт буурахад нөлөөлж буй.

2025 онд БНХАУ-д 60-аас дээш насны хүмүүсийн тоо 323 сая хүрсэн байна. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 23 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байгаа юм. Энэ нь 2024 оныхоос нэг хувиар өссөн үзүүлэлт юм. Тус улсын нийгэм маш хурдацтайгаар өтөлж байна.

НҮБ-ын таамаглаж буйгаар 2100 он гэхэд Хятадын хүн амын тал хувийг 60 болон түүнээс дээш насны иргэд бүрдүүлэх төлөвтэй. Хүн ам зүй ийнхүү өөрчлөгдсөнөөр БНХАУ-ын эдийн засгийн болон АНУ-тай цэргийн хүчээр өрсөлдөх зорилтод нь ихээхэн нөлөөлнө.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин хүн ам зүйн аюулгүй байдал чухал гэдгийг онцолж байгаа юм. Тэрбээр өндөр чанартай хүн ам бий болгохыг улсынхаа тэргүүлэх зорилт хэмээн мэдэгдсэн билээ.

Хятадын засгийн газар өнгөрсөн жилээс эхлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүдэд жил бүр мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Мөн гэрлэлтийн бүртгэлийг хялбарчилж, улсын цэцэрлэгийг үнэ төлбөргүй болгох ажлыг эхлүүлжээ.

Мөн орон нутгийн захиргаанууд төрөлтийг ихэсгэхийн тулд олон төрлийн дэмжлэг үзүүлэх болсон байна. Үүнд татварын хөнгөлөлт, орон сууц худалдан авахад туслах, бэлэн мөнгө өгөх, хүүхэд асрах чөлөөг уртасгах зэрэг дэмжлэг багтаж байгаа юм.

Ирэх жилүүдэд БНХАУ гэрлэлт болон төрөлтийг дэмжсэн илүү олон бодлого гаргана гэж шинжээчид таамаглаж байна. Гэвч хүн амын бууралтыг зогсоох боломжгүй гэж олон мэргэжилтэн үзэж байгаа юм. Учир нь залуучуудын ажилгүйдэл өндөр байгаа дээр хүүхэд өсгөх зардал тэнгэрт хаджээ. Мөн хүүхэд асрах ачаалал эмэгтэйчүүд дээр голдуу ирдэг нь гэр бүл төлөвлөхөд саад болж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөршийн маань хүн амын өсөлт зогслоо одоо тусалцгааяа монголоос хээлтүүлгийн бригад явуульяа нэг эрэгтэй :таван эмэгтэйг хээлтүүльеэ

Холбоотой мэдээ

Back to top button