Эдийн засгийн тогтвортой байдлыг хайж Их Британи БНХАУ-тай харилцаагаа сэргээхийг зорьж байна
Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер пүрэв гарагт /2026.01.29/ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзлаа. Стармер эдийн засгийн өсөлт болон аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд нарийн, боловсронгуй харилцааг бий болгохыг хүсэж байгаа гэдгээ илэрхийлжээ. Хоёр улсын харилцаа олон жилийн турш таарамжгүй байсан билээ.
Хамгийн сүүлд Их Британийн ерөнхий сайд найман жилийн өмнө л БНХАУ-д айлчилсан. Түүний дөрвөн өдрийн айлчлалын хамгийн чухал өдөр нь пүрэв гараг /2026.01.29/ байв. Стармер Бээжин дэх Ардын их хурлын ордонд Ши Жиньпинтэй хэлэлцээ хийж, дараа нь зоог барьжээ.
Стармерын удирдаж буй Хөдөлмөрийн намын засгийн газар амласан эдийн засгийн өсөлтөө гаргаж чадахгүй, хүндрэлтэй тулгараад байна. Тиймээс дэлхийд ДНБ-ийн хэмжээгээрээ хоёрт орох том эдийн засагтай БНХАУ-тай харилцааг сайжруулахыг Стармер эрмэлзэж байгаа юм.
Стармер уулзалтын эхэнд Ши Жиньпинд хандаж "Хятад улс бол дэлхийн тавцанд маш чухал оролцогч юм. Бид хамтран ажиллах боломжоо олж харахын зэрэгцээ санал зөрөлдөж буй асуудлуудаар үр дүнтэй ярилцаж чаддаг илүү нарийн харилцааг тогтоох нь маш чухал байна" гэж хэлжээ.
Харин Ши Жиньпин Их Британитай тогтоосон харилцаа нь бартаатай замыг туулж, аль ч улсын ашиг сонирхолд нийцэхгүй байгааг онцолсон юм. Мөн БНХАУ урт хугацааны стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп урьдчилж таамаглах боломжгүй алхмууд хийдгээрээ алдартай. Түүний үйлдлүүд холбоотон орнууд нь сэрэмжтэй байхад хүргэж буй байна. Ийм үедж Стармер БНХАУ-тай дипломат харилцаагаа идэвхжүүлж буй барууны ээлжит удирдагч боллоо.
Трамп гаалийн татвар ногдуулна гэж олон дахин сүрдүүлж, Гринландыг хяналтдаа авна гэж мэдэгдсэн нь Европын олон орнуудын дургүйцлийг хүргээд байгаа юм. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте Трамптай хэлэлцсэний дараа Гринланд тал дээр тохиролцоонд хүрнэ гэж Трамп мэдэгдсэн билээ.

Стармерээс өмнө Канадын Ерөнхий сайд Марк Карни БНХАУ-д айлчилсан. Карни Бээжинтэй худалдааны гэрээ байгуулсан нь Трампын дургүйцлийг хүргэсэн юм. Лондоны Хааны коллежийн Хятад судлалын профессор Керри Браун энэхүү айлчлалаар хоёр улсын харилцаа байгааг харуулах хэд хэдэн гэрээ хэлцлийг зарлана гэх хүлээлттэй байгаа аж.
Тэр "Энэ айлчлал амжилттай болсон мэт харагдах ёстой. Санал зөрөлдөөнтэй асуудлууд дээр маргалдсан мэт уулзалт хийхийг аль аль тал нь хүсэхгүй байгаа" гэж хэлжээ.
Томоохон бизнесийн төлөөлөгчид дагалдан явж байгаа
Их Британийн өмнөх засгийн газруудын үед үндэсний аюулгүй байдлын үүднээс Хятадаас орж ирэх зарим хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байсан. Мөн Хонконгт улс төрийн эрх чөлөөг боомилж буйг шүүмжилсний улмаас хоёр орны харилцаа олон жил муудсан. Харин Стармер БНХАУ-тай хамтран ажиллах шинэ бодлогыг хэрэгжүүлж эхэллээ.
Стармер "Би 18 сарын өмнө ажлаа хүлээн авахдаа Их Британийг дахин гадаад ертөнц рүү чиглэсэн улс болгоно гэж амласан. Гадаадад болж буй үйл явдлууд манай улсад өрнөж буй бүх зүйлд, тухайлбал дэлгүүрийн лангуун дээрх барааны үнээс эхлээд бидний аюулгүй байдалд хүртэл нөлөөлдөг гэдгийг бид бүгд мэднэ" гэж Ши Жиньпинд хэлжээ.
Их Британийн сөрөг хүчин болох Консерватив намын дарга Кеми Баденох лхагва гарагт хэлэхдээ, түүний оронд байсан бол БНХАУ руу аюулгүй байдлын үүнээс айлчлахгүй байсан гэсэн юм. Их Британийн аюулгүй байдлын албанаас мэдэгдсэнээр БНХАУ засгийн газрыг нь байнга тагнаж, чагнадаг аж. Хятадын тал энэ мэдээллийг үгүйсгэсээр иржээ.
Хятад руу нисэж явахдаа Стармер хүний эрхийн асуудлаар хөндөх ёстой зүйлсийг хөндөх болно гэсэн юм. Гэвч Стармерыг дагалдан яваа 50 гаруй бизнесийн төлөөлөгчид болон түүний айлчлалын хөтөлбөрөөс харахад энэхүү айлчлалын гол зорилго нь эдийн засгийн харилцааг сэргээх байна.
Стармер лхагва гарагт /2026.01.28/ БНХАУ-д газардсанаасаа хэдэн цагийн дараа бизнесийн төлөөлөгчдөдөө БНХАУ-тай төлөвшсөн харилцаа тогтоох цаг болсон гэж хэлжээ. БНХАУ бол Их Британийн гурав дахь хамгийн том худалдааны түнш юм. Их Британи жилдээ 45 тэрбум фунт стерлингийн бараа бүтээгдэхүүн экспортолдог.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud