НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

СУРВАЛЖИЛГА: Нэг удаагийн маскны ХОМСДОЛ үүсэж, эмийн сангуудын нөөц ДУУСЖЭЭ

Гадуур зорчихдоо амны хаалт зүүхийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсан тул иргэд амны хаалт зүүгээд эхэлчихсэн. Улмаар маск худалдан авалт ихэссэнтэй холбоотойгоор “Эмийн сангуудад амны хаалт тасарчхаж” гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархаад байгаа юм. Харин албаныхан үгүйсгэж буй. Иймд бид амны хаалтын хомсдол үүссэн гэх иргэдийн мэдээллийн мөрөөр энэхүү сурвалжилгаа бэлтгэлээ.

-НЭГ УДААГИЙН МАСК 500-1000, УТААНЫ ШҮҮЛТҮҮРТЭЙ МАСК 3000-12000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Эмийн сангуудад цагаан цэнхэр өнгөтэй нимгэн нэг удаагийн амны хаалт 200 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагддаг. Харин маскны эрэлт нэмэгдсэнээр 500 төгрөгөөр худалдаалж байна гэх. Сурвалжилга бэлтгэх явцад Багшийн их сургуулиас Бөхийн өргөө хүртэлх эмийн сангуудаар ороход нэг удаагийнх буюу нимгэн нь дууссан байв.

Зарим нь 500 төгрөгөөр, зарим нь 300-400 төгрөгөөр худалдаалж байжээ. Харин даавуун хар амны хаалтыг 500-700 төгрөгөөр худалдаалж байлаа.

1000-3000 төгрөгийн даавуун амны хаалтууд олдоц сайтай аж.

Үүнээс гадна утааны шүүлтүүртэй гэх маскууд нь олон төрлөөр өнгө, үнийн сонголт өргөнтэй байв. Үнийн хувьд 3000-12000 мянган төгрөгөөр худалдаалж буй аж. Шүүлтүүрээ өдөр бүр, долоо хоногт нэг сольдог 3-4 төрлийн шүүлтүүртэй байх аж.

-“ХАМГИЙН САЙН” ГЭХЭЭР НЬ НЭГ УДААГИЙН АМНЫ ХААЛТ ХАЙЖ БАЙНА-

Гэхдээ иргэдийн хувьд бага буюу 200-2500 төгрөгийн үнэтэйг нь сонгож байгаа аж. Багшийн их сургуулийн ойролцоох эмийн сангаар үйлчлүүлж буй иргэдийн 90 гаруй хувь нь амны хаалт сураглан орж ирж байв.

Ингэхдээ нэг удаагийн буюу цагаан цэнхэр өнгөтэй нимгэн маск асууж сураглах нь олон таарлаа.

“Хамгийн сайн” гэхээр нь нэг удаагийн амны хаалт хайж яваа гэцгээж байна. Нэгдүгээрт, даавуун маскнаас илүү хамгаална гэх сураг ажиг дуулснаас, хоёрдугаарт үнийн хувьд хямд гэдэг шалтгаанаар эл маск бусдаасаа илүү эрэлттэй байгаа аж.

“Хамгийн хямд найдвартай гээд нэг удаагийн амны хаалт хайж байна. Асуусан эмийн сан болгонд алга. Тиймээс 600 төгрөгийн үнэтэй даавуун маск авлаа” гэж ярих хүн олон тааралдав.

-НЭГ УДААГИЙН АМНЫ ХААЛТНЫ ХҮРТЭЭМЖ МУУ, ЭМИЙН САНГУУДАД ДУУСЖЭЭ-

Эмийн сангуудаар эмнэлгийн нэг удаагийн маскны хүрэлцээ муу, эрэлттэй байгаагаас ч үнээ нэмж 1000-1500 төгрөгөөр худалдаалж байна гэх мэдээлэл гарсан. Ялангуяа сүүлийн гурван өдөр маскны эрэлт их байгаа талаар эмийн санчид хэлсэн юм.

Оюутны өргөөгөөс урагш байрлах эмийн санд 500 төгрөгийн үнэтэй даавуун хар маск, утааны шүүлтэй 4000 төгрөгийн цоохор маскнаас өөр сонголт үлдээгүй, бүгд дуусжээ.

Эмийн санч хэлэхдээ: Масны эрэлт маш их байна. Орж ирж байгаа таван хүн тутмын дөрөв нь маск асууж байна. Нөөц дуусах нь. Манайх эмнэлгийн нэг удаагийн маск захиалсан. Ирээгүй л байна. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь нэг удаагийн маск асууж орж ирж байна гэсэн юм.

Мөн Бөхийн өргөөний автобусны буудлын ойролцоо байрлах эмийн санд ороход: "Маск асуугчдын хөлд л дарагдаж байна. Манай нөөц дууслаа. 12000 төгрөгийн утааны маск авахгүй байна. Хамгийн хямд нэг удаагийн маскийг олноор нь авч явсаар дуусгачихлаа хэмээн эмийн санч ярьж байлаа.

-ЭМЯ-НААС НЭГ УДААГИЙН ХЯМД МАСК ЗАВЛӨСНИЙ ДАГУУ ЭРЭЛТ НЭМЭГДЖЭЭ-

Эрүүл мэндийн яамнаас “Дотооддоо маск үйлдвэрлээд эхэлсэн. Монголд маскны нөөц дуусахгүй. Эхний ээлжинд үнэтэй гэхээсээ илүү нэг удаагийн маск зүүж, халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгтэй” гэх утга бүхий зөвлөмжийг өгөөд байгаа.

Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн нэг удаагийн маскны эрэлтийг нэмэгдүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button