"Ганц УИХ-ын гишүүд гэлтгүй бүгдийг ёс зүйгээр шүүх гэж байна" гэх Х.Булгантуяагийн үг
Ерөнхий сайд асан Л.Оуюн-Эрдэнэ хэвлэлд ам нээж, ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг илтэд үгүйсгэсэн.
Уг хууль батлагдах нь парламентын бүрэн эрхэд халдана хэмээн үзэж буйгаа ч ил тодорхой хэлсэн бөгөөд УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа өчигдөр мөн л хэвлэлд ам нээв.
Ингэхдээ Л.Оюун-Эрдэнийн ярьсан агуулгад хүч нэмж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, тухайн өдрийн чуулганы шийдвэрийг хэлэлцсэн Цэцийн хуралдааны процессийг ч тайлбарлав.
Мөн л ерөнхийлөгчийн санаачилж буй хууль хэрвээ батлагдвал дан ганц УИХ-ын гишүүд гэлтгүй орон нутгийн гишүүдийг ч мөн ёс зүйгээр нь шүүнэ гэлээ. "Үндсэн хуульд тойргийн, жагсаалтын гишүүн гэсэн заалт байхгүй бөгөөд нам нь эргээд татна гэдэг заалтаас харвал намын даргынхаа эсрэг санал өгсөн гишүүд ч татагдах юм байна" гэсэн юм.
Түүнчлэн намын баярынхаа хурал дээр 30-аад оны хэлмэгдүүлэлтийн үеийнх шиг үг хэлээд зогсож байдаг хэмээн Н.Учралыг ч хатгаад авав. Түүний ярилцлагаас харвал Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын фракц цаашид илүү нягтарч, ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн эсрэг АН болон УИХ-д суудалтай зарим намуудтай нэгдэн багагүй акцлах гэж буй нь ил байна. Тухайлбал уг хуулийн төслийг АН+Үндэсний эвсэл+ХҮН дэмжихгүй байх магадлал өндөр.
Хэдхэн хоногийн өмнө "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийн санаачилж буй хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.