Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Израилын төлөө Ираны дайныг эхлүүлсэн хэмээн Трампын захиргааны өндөр албан тушаалтан ажлаа өглөө

АНУ, Израил хоёр хоёрдугаар сарын 28-нд Иранд цохилт өгч, Ойрх Дорнодод дайн эхлүүлсэн. Тус дайны улмаас дэлхий даяар газрын тос, байгалийн хий, бордооны үнэ нэмэгдээд байгаа билээ. Дэлхийн хойд тал бөмбөрцөгт хавар болж газар тариаланчид үр суулгадаг ийм эгзэгтэй үед АНУ, Израил хоёр дайн эхлүүлсэн. Мөн газрын тосны үнэ нэмэгдэж буйн горыг дэлхий даяар амсаж байна.

Тэгвэл АНУ-ын Үндэсний терроризмын эсрэг төвийн захирал Жо Кент ажлаа өгч буйгаа гэнэт зарлан, Ираны дайныг Израилын төлөө хийж байгаа гэжээ. Тэр Трампт илгээсэн огцрох хүсэлтдээ “Иранд явуулж буй дайныг ёс зүйн хувьд дэмжиж чадахгүй. Учир нь Иран манай улсад шууд аюул заналхийлээгүй байсан. Энэ дайныг бид Израил болон Израилын лоббины дарамт шахалтаас болж эхлүүлсэн нь тодорхой байна” хэмээн бичсэн аж.

Дайн эхлэх үед олон шинжээчид Кенттэй адил Иран АНУ-д шууд аюул заналхийлээгүй байсан гэж мэдэгдсэн билээ. Олон улсын хуулийн дагуу дайн эхлүүлэхийн тулд Иран АНУ-д шууд аюул заналхийлэх ёстой гэдгийг зарим мэргэжилтнүүд онцолсон.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт мэдэгдэл хийхдээ Кентийн Трампт бичсэн захидалд нь худал мэдээлэл байсан гэсэн юм. Ливитт “Ерөнхийлөгч Трамп маш тодорхой мэдэгдсэнчлэн Иран АНУ-д түрүүлж халдахаар зэхэж байсныг харуулсан хүчтэй баримт нотолгоо байсан” хэмээжээ. Ираны зэвсэгт хүчинд буй пуужингуудын аль нь ч АНУ-ын газарт нутагт хүрэх алсын тусгалгүй юм.

Кент бол Америк нэгдүгээрт гэх үзлээрээ олонд танигдсан нэгэн. АНУ гаднын улсад цэргээр хөндлөнгөөс оролцохыг тэр эсэргүүцсээр ирсэн юм. Трамп ч мөн адил 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдон, 2024 онд дахин ялалт байгуулахдаа дайныг эсэргүүцнэ гэж амлаж байсан. Ираны дайны дараа Трампын зарим дэмжигчид түүнийг амлалтаа зөрчсөн гэж буруутгах болсон билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button